“Фэйсбүүк” компани ковид цар тахлын улмаас хүнд байдалд орсон жижиг бизнесүүдийг дэмжих зорилготой хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ өнгөрсөн онд мэдэгдэж байсан билээ. Тэгвэл уг хөтөлбөрийн хүрээнд ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн АНУ-д үйл ажиллагаа явуулдаг жижиг бизнесийн баталгаажсан тооцоог /100 сая ам.доллар хүртэлх/ худалдан авахаар болжээ. Эмэгтэйчүүд болон үндэстний цөөнхийн эрхэлж буй жижиг бизнесийг дэмжих зорилготой энэхүү хөтөлбөрийн дагуу 30 мянган орчим компани 60-120 хоногийн дараагаар авах байсан төлбөрөө урьдчилан Фэйсбүүк компаниас авах боломжтой болох юм.
“Фэйсбүүк” компанийн Шуурхай ажлын албаны захирал Шэрил Сэндбэрг “Аравдугаар сарын 1-нээс эхлэн АНУ-д үйл ажиллагаа явуулдаг жижиг бизнес эрхлэгчид хэрэглэгч, үйлчлүүлэгчдээсээ мөнгө авахын тулд 60-120 хоног хүлээлгүй, баталгаажсан баримтаа үзүүлээд “Фэйсбүүк” компаниас урьдчилан авах боломжтой” гэжээ.
Гэхдээ түрүүн дурьдсанчлан жижиг бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд, үндэстний цөөнх болон Зэвсэгт хүчний ахмад дайчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн бэлгийн цөөнхөд энэ хөтөлбөр үйлчлэх юм байна.
“Фэйсбүүк” жижиг бизнес эрхлэгчдэд мөнгийг нь шуурхай гаргаж өгөх бөгөөд тухай компанийн хэрэглэгч, үйлчлүүлэгчид өмнө тохирсон хугацаандаа Фэйсбүүкт тооцоогоо төлөх ёстой юм. Энэ нь цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэлд орсон аль аль талд нь туслах зорилготой гэж “Фэйсбүүк”-ийн ахлах менежер Рич Рао мэдэгдлээ.
“Энэ хөтөлбөрийн жишээ болгож The Wright Stuff Chics компанийг авч үзье. Энэ компани багш нарт онлайн сургалт явуулж, бараа нийлүүлдэг. 2021 оны долоодугаар сард нийлүүлсэн барааны төлбөрийг хэдэн сарын хугацаанд цувуулан төлж байгаа юм. Бид бүх баримтыг нягталж үзээд, энэ компанийг үүсгэн байгуулагч Лиза Данниганд 10 мянган ам.долларыг хэдхэн хоногийн дотор гаргаж өгсөн” гэж Рич Рао өгүүлжээ. Харин Лиза Данниган “Энэ хөтөлбөр манай компанийг аварсан” хэмээн хэвлэлд ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )