Өвдөөгүй ирээд ӨВЧИН ТУСААД буцах магадлал өндөр байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 13

Улсын хэмжээнд ковидын халдвараар өнгөрсөн 24 цагийн мэдээгээр 2,771 тохиолдол бүртгэгдэж, 15 хүн нас баржээ. Сүүлийн гурав хоногт 44 хүн нас барж нийт нас барагсдын тоо 963 болов. Халдварын тоо зарим тохиолдолд 3000 давж хүн бүхэн өөртөө л найдахаас өөр аргагүй болсон.

Ковидын тархалт хяналтаас гараад удсан тул иргэд эрүүл эсэхээ мэдэхийн тул шинжилгээний цэгүүдийг зорих нь ихэсжээ. ХӨСҮТ бол PCR шинжилгээг үнэгүй авч буй ганц цэг нь. Дүүргүүдэд түргэвчилсэн шинжилгээг авч байгаа хэдий ч иргэд илүү найдвартай гэдэг юм уу, үнэ төлбөргүйд нь олзуурхаж ХӨСҮТ-д ханддаг.

 

ИРГЭД ШӨНӨЖИН ДУГААРЛАЖ БАЙЖ ШИНЖИЛГЭЭГЭЭ ӨГЧ БАЙЛАА

 

Өглөөний есөн цагийн алдад ХӨСҮТ-ийн хашаанд уртаас урт дараалал үүсжээ. Барагцаалбал 300-аад хүн шинжилгээ өгөхөөр дугаарласан байв. Хашааны гадаа хүмүүсийг тоолон оруулж буй цагдаанийн ажилтан  “Иргэд шөнө хонож дугаарлаж байна. Одоогийн байдлаар 800-аад хүн оруулсан. Нэг өдөрт 500 хүний сорьц авах нормтой тул үлдсэн хүмүүс нь маргааш дахиж ирэхээс өөр аргагүй. Хүмүүсийг одоо тарцгаа гэхээр тарахгүй өдөржин бөөгнөрөл үүсгэж бидний ажилд садаа болдог” гэлээ. Гэвч цагдаагийн албаны хүний тайлбарыг сонсохыг хүсээгүй иргэд юмыг яаж мэдэх вэ, сорьц нь нэмээд ирж магадгүй хэмээн горь найдлага тавин хүлээцгээж, хаалганы дээгүүр шахцалдан өнгөлзөнө. Хашаан дотор дугаарлаж буй иргэдээс 40 эргэм насны эр “Ковидын шинжилгээг дүүрэг бүрд үнэгүй авдаг болгомоор байна. Би л гэхэд хотын баруун захаас ирэх гэсээр байтал ийнхүү оройтчихлоо. Миний дугаар 700 хүний ард байх жишээтэй. Ажилдаа 72, 24 цагаар ээлжилж гардаг тул заавал шинжилгээ өгч ирэх шаардлагатай байдаг. Маргааш ажилдаа явах ёстой. Яадаг юм билээ. Хувийн эмнэлгүүд 92 мянган төгрөг гээд арай л үнэтэй байна. Олон зуун хүнтэй үйлдвэрт ажилладаг болохоор аюул чирээд оччихвол ажил зогсоод баларна шүү дээ” гэж халаглалаа. Шинжилгээ өгөөд гарч буй хоёр охиноос сэтгэгдлийг нь авахад “Бид хоёр үүрийн гурван цагаас ирж дугаарласан. Манайхан ангиараа ирж шинжилгээ өгч байгаа. Гуравдугаар курсийн оюутнууд болохоор үйлдвэрийн дадлага хийхэд заавал шинжилгээний бичигтэй ир гэсэн. Уг нь их дээд сургуулиудаар явуулын баг шинжилгээ аваад явбал энд бөөгнөрөл үүсгэж халдвар тархах эрсдэл үүсэхгүй шүү дээ” гэж учирлалаа. “Клинико”,  “Голд медикал”, “Мөнгөн гүүр”, “Сан медикал”,  “Интер мед” зэрэг газрууд 24 цагаар ажиллаж, сорьц хүлээн авч 4-8 цагийн дотор хариуг баталгаажуулах үйлчилгээ үзүүлж байгаа хэдий ч иргэд тэр бүрийд өндөр төлбөртэй шинжилгээнд хамрагдаж чадахгүй байна. Жишээ нь, PCR 65 мянгаас 92 мянга, түргэвчилсэн тест 30 мянгаас 50 мянган төгрөг байдаг. ХӨСҮТ-ийн гадаа дугаарлаж буй хүмүүс энгийн ажилчид, хөдөө гадаа явах гэсэн хүмүүс, оюутнууд их байгаа нь дээрх сэтгэгдлүүдээс харагдана. Хоногийн хоолоо залгуулж ядаж яваа иргэдийн нуруун дээр төлбөртэй шинжилгээ дарамт өгч халдвартай эсэхээ мэдэхгүй явсаар эргэн тойрныхондоо вирус тараах эрсдэл үүсэж байгаа юм.

ӨГЛӨӨНИЙ 10 ЦАГ ГЭХЭД 500 СОРЬЦ НЬ ДУУСАВ

 

ХӨСҮТ-д дөрвөн цэгт шинжилгээ авч байв. Хамгаалалтын цагаан хувцастай шинжилгээний ажилтан “Шинжилгээг өглөө найман цагаас өдөр 12 цаг хүртэл авч байгаа. Одоогийн байдлаар 450 хүний шинжилгээ авч байна, 500 хүн аваад л дуусгана. Дахиж сорьц ирэхгүй. Илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн товчхон хариултыг өгөв. Тандалт судалгааны албаны ажилтан руу утасдаж өдөрт өгч буй 500 хүний хэд нь халдвартай гарч байгааг тодруулахад тэр тухай дарга нараас асуу гэлээ. 10 цагийн орчимд 500 сорьц дууслаа гэж мөнөөх ажилтан гарч ирээд хашхирав. Халдвартын хашаанаас гарахад өмнөхөөсөө ч илүү хүн цугларчээ.

Цагдаагийн ажилтнууд иргэдийг дотогш нэвтрүүлэх боломжгүй, тоо хэтэрсэн хэмээн хориглоно. Иргэд бухимдаж, гайхаж дотогш орчих юм сан хэмээн эрмэлзэх аж. Басхүү өөр хоорондоо ам уралдан ярилцана. Нэгэн эмэгтэй Баянхонгор аймаг руу хуриманд явах ёстой гэнэ. Хөдөө орон нутаг руу нэвтрэхийн тулд зайлшгүй шинжилгээний бичиг шаардлагатай байдаг. Мөнөөх эмэгтэй “Мөнгө юу юм, хүүхэд хуримлах гэж байхад Мөнгөн гүүр орно оо хө” хэмээн даналзаад машиндаа суугаад давхиж одов.

Өндөр настай эмгэн хашааны сүүдэрт цөхрөнгүй сууна. Түүнийг эмнэлэгт хэвтэх гэтэл халдваргүй гэсэн бичиг авчир гэжээ. Хэдэн автобус дамжиж зуслангаас ийнхүү ирсэн нь тэр аж. Эмээ “Тэтгэврийн тал нь шахуу төлбөртэй шинжилгээнд явчихаар мань мэт нь юугаа идэж уух билээ. Төлбөргүй гэхээр нь энд иртэл дугаар нь дууссан гэнэ. Иргэддээ ээлгүй төрийн хөлд эмээ нь үрэгдэх нь. Бөөр нуруу өвдөөд эмнэлэгт хэвтэх гэсэн чинь бүтэхгүй юм шиг байна” гээд нүүрээ үрчин, толгой сэгсрэв.

Эргэн тойронд ковидын нэгдүгээр хавьтагч багагүй байгаа нь тэдний ярианаас илэрхий. Сэвлэг үргээлэг, төрсөн өдөр, унага тамганы найранд яваад хамар нь битүүрч, амт үнэр мэдрэхээ байсан хүн ч цөөнгүй сонсогдов. Санаа зовниж шаналсан нэгэн, бие нь чилээрхэж өвдсөн нэгэн гээд өөр өөрийн гэсэн асуудал тэдэнд бий. Ням гарагт Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдэд түргэвчилсэн шинжилгээг авч байгаа. Мөн бэлээхэн хажуугийн эмийн сангуудад түргэвчилсэн шинжилгээний тест 15-20 мянган төгрөгөөр зарагдаж байгаа. Гэвч түргэвчилсэн тест авах боломж ч тааруу улс олон учраас төлбөргүй шинжилгээнд бөөгнөрөл үүсгэх нь жирийн үзэгдэл болжээ. Энэ олон зуун хүн магадгүй “улаан бүсэд” найдан ирээд эрүүл биедээ халдвар тусаад харихыг үгүйсгэх аргагүй болоод байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.177.254) 2021 оны 09 сарын 13

ХӨСҮТ-ИЙН ДАРГАА СОЛИОД ЕР ЮУ ӨӨРЧЛӨГДӨВ? АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАА САЙЖРУУЛАХ ГЭЖ СОЛЬДОГ БИЗ ДЭЭ. ЭСВЭЛ НАЙЗАА ДАРГА БОЛГОХ ГЭЖ СОЛЬДОГ ЮМ УУ ЭНХБОЛД САЙД? АРД ИРГЭД ЦӨХРӨНГӨӨ БАРЖ БАЙХАД ТУУЛЬБАРТАЙ ҮР ДҮНГЭЭ ӨГЧИХ НЭГ Ч АРГА ХЭМЖЭЭ АВСАНГҮЙ ОЛОН ХҮНИЙ АМИНД ХҮРЧ БАЙНА ДАА.

0  |  0
. (162.158.210.152) 2021 оны 09 сарын 13

Nogoo hurim nairaa yarisaar l, yavsaar l.. Yaj ch haldvar zogsoh bilee dee. İim l uhamsargvi bna shde yana

0  |  0
Ааааа(172.69.45.138) 2021 оны 09 сарын 13

ядуу тарчиг дээр өвчин нэмэгдээд хэцүү бна даа, ядаж Төр засгийнх нь байгаа царай даанч яав даа

0  |  0
зочин(192.82.80.66) 2021 оны 09 сарын 13

манайхан өөрсдөө маш хариуцлагагүй байгаа биз дээ өндөр настанууд хүртэл найр наадамд очоод халдвар авсан гэсэн биз дээ төр харин ч боломжоороо л байгаа шүү

1  |  1
Top