Ойрын өдрүүдэд олны анхаарлыг татсан онц ноцтой гэмт хэргүүд үйлдэгджээ. Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс дараах хэргүүдийг дурдаж байна.
Цагдаагийн алба хаагч харамсалтайгаар амиа алдлаа
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Гэгээнтэн цогцолборын хойд уулзвар дээр энэ сарын 13-ны 03.00 цагийн үед харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, согтуу жолооч цагдаагийн алба хаагчийг мөргөж, амь насанд нь хүрсэн байна. Кроун маркийн машинтай явсан жолооч Х нь хэрэг үйлдэх үедээ 2.24 хувийн согтолттой явж байсныг тогтоогоод байгаа аж. Хэргийн газрын үзлэгээр машинд мөргүүлж нас барсан цагдаагийн алба хаагч Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн ахлах мөрдөгч Ж болох нь тогтоогдсон байна. Дээрх хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Завхан аймгаас таван машин бүлэглэн хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ
Улаанбаатар хотоос очсон бүлэг хулгайч Завхан аймгийн нутаг дэвсгэр дээр олон тооны машин хулгайлахыг завдсан хэрэг гарчээ. Энэ талаар орон нутгийн эх сурвалжаас тодруулахад “Дэд хурандаа Н.Отгонжаргал даргатай аймгийн цагдаагийн газрын хамт олон шуурхай ажиллаж, Улаанбаатар хотоос ирж, машин хулгайлахыг завдсан бүлэг хулгайчдыг баривчилсан. Хулгайчид Завхан аймгаас таван машин хулгайлж, хот руу авч явж байсныг үйлдэл дээр нь буюу Тэлмэн сумын нутаг дэвсгэр дээрээс баривчилсан. Иргэдийн эд хөрөнгийг хулгайн замаас гаргаж, эздэд нь хүлээлгэн өгсөн аймгийн Цагдаагийн газар болон Замын тасгийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ. Дашрамд сануулахад, цахим орчимд нутаг усныхаа танилцуулга мэдээллийг болгоомжтой өгч байх, иргэд сонор сэрэмжтэй байж машинаа зогсоол болон хашаандаа хийж байхыг цагдаагийн газраас анхаарууллаа.
Тусгаарлалтын байранд дахин нэг жолооч амиа алдсан гэв
Өмнөговь аймгийн Цагаан хад суурьшлын бүсэд тээврийн жолооч амиа алдсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тэндхийн эх сурвалжийн өгч буй мэдээллээр хүний алтан амь эрсдэх шалтгаан нөхцлийн гол үндэс нь тусгаарлалтын байрнаас үүдэлтэй гэнэ.Тухайлбал энэ сарын 4-ний өдөр нэг өрөөнд тусгаарлагдаж байсан тээвэрчид архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тусгаарлалтад байсан жолооч тусгаарлалтын болон халдвар хамгаалалтын дэглэм зөрчиж, тусгаарлах байрнаас нууцаар гарч согтууруулах ундааны төрлийн зүйл худалдан авч, буудлынхаа өрөөнд уусан байна. Энэ тухай тус тусгаарлах байрны жижүүр, зохион байгуулагч зэрэг тээвэрчдэд хяналт тавих чиг үүрэгтэй ажилтан, албан хаагчдын хэн нь ч мэдээгүй байна. Ажлын цаг дуусаж, тухайн өдрийн ээлжийн ажилчид тусгаарлах байрыг тэр чигт нь цоожлоод явсан гэх. Нэгэнт гарах эрхгүй жолооч нар ууж эхэлсэн байна. Хэсэг хугацааны дараа уусан архиндаа халсан эрчүүд маргалдаж эхэлжээ. Улмаар үл ойлголцол үүсэж тээврийн жолооч нар нэгнийхээ аминд хүрсэн байдаг. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач амиа алдахынхаа өмнө тусламж гуйж, хаалгаа нээлгэхээр маш хүчтэй орилж байсан гэнэ. Энэ явдлаас хойш мөн л ахимаг насны тээвэрчин амиа алдсан байна. Тодруулбал, талийгаач ахимаг настай хүн байсан болохоор даралт нь үе, үе ихэсдэг байжээ. Тиймээс даралтны эм тогтмол хэрэглэдэг. Амиа алдах шөнө эм нь дуусчихсан байж таарчээ. Болсон явдлын талаар ойрын эх сурвалж нь “Талийгаач гэнэтхэн л “Толгой эргээд, амьсгал давчдаад байна. Ах нь яг харвах нь. Эм дууссан үүд нээлгэх хэрэгтэй байна” гээд хаалгаа тогшоод л байсан бараг хагас цаг орчим хамаг чадлаараа орилж, хаалга нүдсэн. Тэгээд чимээгүй болчихсон. Удалгүй ухаан алдаад уначихсан байсан. Тэгээд бид сандралдаж эхэлсэн. Харамсалтай нь амийг нь аварч, анхан шатны тусламж үзүүлж чадаагүй” хэмээжээ. Хүний амь удаа дараа эрсэдсэн тусгаарлах байрыг стандартын дагуу бэлтгэх шаардлага тулгарч байгааг тээврийн жолооч нар өгүүлж байна.
Монголчууд гадаад иргэдийг залилж, дээрэмдэх хэрэг их гарах болжээ
Цагдаагийн ерөнхий газраас гадаад иргэдийг залилж дээрэмдсэн гэх хэргүүдэд хэд, хэдэн монгол иргэнийг эрэн сурвалжилж байгаагаа цахим хуудсандаа мэдээлжээ. Тухайлбал Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 7-ны өдөр БНХАУ-ын иргэн WU ZHENJUN-ны Тоёота Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэлд үл таних дөрвөн эрэгтэй хүч хэрэглэн зодож, бичиг баримтанд гарын үсэг зуруулжээ. Улмаар шаргал өнгийн Huawei Y-5 маркийн гар утсыг дээрэмдсэн гэх хэрэгт Монгол Улсын иргэн Ч.Бат-Амгалан нарын дөрвөн хүнийг эрэн сурвалжилж байгаа аж. Мөн Япон улсын иргэн Такиото Ёошихиро нь Монголд Улсад аялал жуучлалын чиглэлээр 2018 оны тавдугаар сараас хойш 400 гаран сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн боловч хамтран ажиллаж байсан хүн хууран мэхэлсэн гэх гомдлыг цагдаагийн байгууллагад өгчээ. Дээрх хэрэгт Монгол Улсын иргэн Б.Оргилыг холбогдуулан шалгаж, эрэн сурвалжилж байгаа юм байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
ямар ёрын газар вэ.Ер нь аль ч хил дээр ажил хийх гээд зогсож байгаа жолооч нарын эрх зөрчигдөж байгаа шүү.Жолооч нартай эрхээ хасуулчихсан хоригдол шиг харьцаж байдаг шүү.Сонсголонгийн гаалиын агуулах дээр зогсож байгаа ирж орж гарч байгаа жолооч нарт ороод нүүрээ угаах олигтой бие засах жорлон байхгүй байсан ч маш бохир энэнд шалгаж анхаарал тавих хүн байдаг болвуу дарга нараа
Монголчуудын аж иөрөх ёс нэг иймэрхүү байна даа.
Даралт ихтэй жолоочд туслаад өгөөгүй хүн чанар дутаж байгаан биш үү?
буруу бүхэн бусдынх,архи ууж нэгийгээ хутгалах нь бусдын буруу,өөрөөр хэлбэл төр засгийн буруу,сэтгүүлчид минь энэ сэтгэлгээг ингэж суулгаж өгөхөөр хэдэн үеэрээ ийм үзэлтэн хүмүүжиж гарна,улс маань хөгжихгүй ,юун япон солонгос,эд нар бусдад төвөг саад болохгүйг хичээдэг юм гэсэн шүү