Уудам говийн тэнүүн талаар салхи татуулан давхих юутай сайхан. Дорнын их говийн үзэмж төгс байгалийг бахдан харахын сацуу “Ямар уужим сайхан нутаг орныг өвөг дээдэс минь бидэнд өвлүүлэн үлдээсэн юм бэ” гэж өөрийн эрхгүй бишрэх. Эрдэмтэн судлаач нар энэ л бүс нутгийг “Өөшийн элсэн манханы хойд хэсэг” хэмээн нэрийдэж, Монголын их говийн үржил шимт, үзэсгэлэнт нутгаар онцолсон байдаг билээ. Монгол туургатны зуун зууны туршид нүүдэллэн амьдарч, түүх соёлоо бүтээж ирсэн энэ л газар нутгийн уугуул иргэд сүүлийн жилүүдэд уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаа эрхлэн амьдрах урам зориг нь мохох болжээ. Ямар сайндаа л тэд “Хүүхэд төрүүлэхээс айж байна, мал өсгөхөөс шантарч байна” гэхэв дээ. Манай сонины сурвалжлах багийн зорьж ирээд буй эл бүс нутаг бол Дорноговь аймгийн Улаанбадрах сум. Тэр дундаа Аргалант баг, Сайншанд сумын тавдугаар баг, Сайхандулаан сумын нэгдүгээр баг, Зүүнбаянгийн төв хэсэг юм.
Онцгой ашигт малтмал гэгддэг ураны нөөцтэй бүс нутгаар тодорхойлогдсон өнгөрсөн хугацаанд энэ нутгийнхан хариуцлагагүй уул уурхайн компаниас болж, байгаль экологи, хүний эрүүл мэнд, малын зүй бус хорогдолтой нүүр тулж, хохирч буйгаа манай сониноор дамжуулан өчсөн юм. Учир битүүлгээр үхэж буй үй олон мал, урьд хожид үзэгдээгүй гаж төлүүд хийгээд жирэмсэн эхчүүдийн дутуу төрөлт гээд шил, шилээ даран илрэх болсон эл асуудлууд хүрээлэн буй орчинтой нь ямар нэгэн байдлаар холбоотой гэдгийг нутгийн иргэд өгүүлж байлаа. Тэдний ингэж дүгнэх болсон гол асуудал нь ундны устай нь холбоотой аж. Уулзсан хүн болгон л “Манай эндхийн амны худаг хордсон гэсэн. Сүүтэй цай чанах гэхээр ээдчихдэг” тухай ярьж байв. Эх сурвалжуудын өгсөн мэдээллээр бол энэ нутагт Францын “Арева” компанийн Монгол дахь охин компани өнгөрсөн хугацаанд туршилтын олборлолт хийснээс болж, энэ бүс нутгийн эко системд нөлөөлсөн байх магадлалтай гэнэ. Компанийн хувьд уран гаргаж авах туршилтын олборлолт хийхдээ газрын доор уусган баяжуулах аргыг ашиглаж, 440 тонн хүхрийн хүчилтэй шингэн хөрсөнд шахсанаас болж, ойр орчмынхоо экологид сөргөөр нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй аж. Энэ салбарын эрдэмтдийн хэлж буйгаар уран олборлох уусган баяжуулах арга нь байгальд хамгийн хортой, сөрөг үр дагавар ихтэй гэдгийг сануулсаар байгаа юм. Орон нутгийн иргэд ийн ярилаа.
Сайхандулаан сумын нэгдүгээр багийн иргэн Ц.Амаа: “Манай энд усны асуудал их хэцүү байна. Өнгөрсөн зун “Зээргэнэтийн ус”-ыг ууж болохгүй гэсэн дүгнэлт гарсан байсан. Угаас энэ бүх асуудал ураны л олборлолттой холбоотой гэж би харддаг. Судлаад үзэхээр энэ ураны компани хууль дүрэм их зөрчсөн байгаа юм. Тухайлбал, нутгийн ард иргэдээс зөвшөөрөл авалгүй өрөмдлөг хийж, уул уурхайн ажлаа явуулсан байдаг. Уг нь хуулин дээрээ заахдаа, “Газар нутаг, байгалийн баялгийг нутгийн иргэдэд урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр эзэлсэн, хураан авсан хор хохирол учруулсан бол уугуул иргэд уул уурхайн үйл ажиллагааг зогсоох, хангалттай нөхөн олговор авах зэрэг хохирлоо барагдуулах эрхтэй” юм билээ. Уугуул иргэд өөрийн нутаг орныхоо байгалийн баялгыг хадгалах, үржил шимийг нь хамгаалах эрхтэй бөгөөд төр засаг түүнийг нь дэмжих, үр дүнтэй арга хэмжээ авч өгөх үүрэгтэй. Ялангуяа уугуул иргэдийн газар нутаг дээр химийн хорт бодисын хаягдал, хаягдалтай материал байрлуулах, хаях булах ёсгүй бөгөөд төр засаг түүнээс сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэгтэй хууль дүрмүүд байдаг. Миний хувьд дээрх хуулийг ураны энэ компани зөрчсөн л гэж үзэж байгаа. Мөн хуулинд “Уугуул иргэд өөрсдийн хөгжлийн чиг хандлага нэн тэргүүний зүйлсээ өөрсдөө тодорхойлж хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд тэдний газар нутаг дээр явагдах аливаа төсөл хөтөлбөрийн талаар урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах хэрэгтэй. Ялангуяа ашигт малтмал, ус болон байгалийн бусад баялаг ашиглах төслүүдийг боловсруулахад тэдэнтэй зөвшилцөх үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл ийм заалтуудаа бүгдийг зөрчсөн байгаа. Нутгийн уугуул иргэний хувьд манай суманд хууль бус үйл ажиллагаа явуулж буй уран олборлох уул уурхайн компанитай тууштай тэмцэхээ илэрхийлж байна” гэв.
Сайншанд сумын тавдугаар багийн малчин Б.Эрдэнэчулуун: “Их хачин эмгэгтэй төлүүд гарна. Үсгүй хялгасгүй, өрөөл татанхай, сохор доголон, мөлхөө татуу юм гарах болсон. Ер нь төлийг бүрэн бойжуулж авна гэдэг их ярвигтай боллоо. Манайхаас л гэхэд нэг мөлхөө ботго гарчихсан байгаа. Би энэ бүх асуудлыг ураны компанийн хариуцлагагүй хайнгаас л болсон гэж боддог” гэлээ.
Улаанбадрах сумын хоёрдугаар багийн Засаг дарга Д.Гантөр: “Орон нутагт маань нүүрлээд байгаа хүн, малын өвчлөл ууж буй уснаас хамгийн их шалтгаалж байгаа болов уу. Учир нь сумын иргэд бид дурын найман худгийн усандаа шинжилгээ хийлгэхэд хортой гэж гарчихаад байгаа. Өөр бусад усаа шинжлүүлэхэд тийм л гарах байх. Шинжилгээ хийсэн худаг болгон нь л тийм байгаа. Худгаас гадна манай сумын цэнгэг устай гэгддэг байсан Баруунбаянгийн булаг хүртэл хүн, мал ууж болохгүй хортой гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг” гэсэн юм.
Сайншандын тавдугаар багийн малчин Д.Норсүрэн: “Нэг зүйлийг маш сайн ойлгоорой. Би уранд дургүй, компанид дургүйдээ эднийг адлаад байгаа юм биш. Анх энэ компанийг нутаг оронд ирэх үед нь орж гарч л байлаа. Компанийн нөхдүүд ч манайхаас мал мах авч, мэндтэй устай явсан үе бий. Нэг бус нэлээд хэдэн удаа уулзаж байлаа. Тухайн үед Засгийн газар маань зөв л юм хийж байгаа байлгүй. Үнэхээр л итгэлтэй, эх оронд минь хэрэгтэй юм болох байх л гэж найдаж явсан. Гэтэл мал үхээд эхэлсэн. Учир битүүлгээр малаа үхээд ирэхээр хүн чинь гайхна. Шалтгаан нөхцөлийг нь олох гээд хичээнэ биз дээ. Ингээд л энэ бүх зүйл ураны компанитай холбоотой юм байна гэж бодогдох болсон. Шат, шатны мэргэжлийн болон бодлого тодорхойлогч газруудад хандаж, хяналт шалгалт хийлгүүлж ирсэн. Усанд л их учир байна. Бид байгалиараа, малаараа, хүн дээрээ туршуулчихлаа шүү дээ, яг үнэндээ” гэлээ.
Улаанбадрах сумын иргэн А.Уранбилэг: “Миний хүү гэдсэндээ өсөлт нь гүйцээгүй, жиндээ хүрээгүй, дутуу төрсөн. Уг шалтгаан нь манай нутаг дахь хүрээлэн буй орчны нөлөөлөл л болов уу. Угаасаа манай энэ хавийн төрөх насны эмэгтэйчүүдийн дунд дутуу төрөлт их гарах болсон шүү дээ. Өнгөрсөн жил л гэхэд би ураны уурхайн өрөмдлөгөөс гардаг хаягдал шаврын цэгийн ойролцоо очиж ирээд хэдхэн хоносны дараа зулбасан. Тухайн үед бага сартай жирэмсэн байсан юм” гэв.
Зүүнбаянгийн иргэн Л.Сарантуяа “Худгийн уснаас сүүтэй цай чанахад л шууд ээддэг. Мэргэжлийн байгууллагаас уснуудыг ууж болохгүй гээд л дүгнэлт гаргадаг. Тэгээд одоо бид хаанаас ус уух юм бэ. Байнга цэвэр ус аваад уугаад байж чадахгүй. Малаа яаж услах вэ. Одоо бол мал хортой усаа уугаад л явж байгаа. Тэр малын мах тонн, тонноороо ачигдаад Улаанбаатар руу орж байгаа нь үнэн. Ураны энэ асуудал ганцхан бидний өмнө тулгамдсан зүйл биш. Монголын асуудал шүү” гэв.
Эрүүл орчинд эдийн засгийн үр өгөөжтэй олон төслийг өрнүүлж болно
Баялгаа бид ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв. Гэхдээ аливаа зүйлд ултай суурьтай хандах учиртай. Гаднын хөрөнгө оруулалт л орж байвал хамаа алга гээд байгаль экологийн асуудлаа орхигдуулж хэрхэвч болохгүй. Ялангуяа ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхлэхээр зэхэж буй уул уурхайн компаниудад маш чанга стандарт мөрдүүлж, хариуцлагын тогтолцоог хууль эрхзүйн орчинд баталж өгөх ёстой. Өнгөрөгч 2020 оны байдлаар Ашигт малтмал газрын тосны газарт найман аж ахуйн нэгжийн цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын ес, хайгуулын долоон тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, төдий хэмжээний тусгай зөвшөөрөл “амь ороход” ойрхон байна гэсэн үг. Монгол Улсын их сургуулийн Цөмийн физикийн судалгааны төвийн эрдэмтэн Н.Норовын хэлснээр “Ураныг олборлохдоо байгаль орчны хяналт, ялангуяа газрын доорх усны бохирдолтын хяналтыг сайн хийх нь чухал” гэж хэлснийг санахад илүүдэхгүй биз ээ. Учир нь ураныг Монголд газар доор уусган баяжуулах аргаар олборлох туршилт нэгэнт хийгдсэн байдаг. Тиймээс ч орон нутгийн иргэд өдгөө ундны ус нь бохирдож, улмаар хордож, хүнтэй малтайгаа зовж байгаагаа илэрхийлдэг. Энэ талаар иргэдээс гадна салбарын эрдэмтэд ч дуу хоолойгоо хүргэдэг. Тухайлбал, Олон улсын Химийн зэвсгийн мэргэжлийн шинжээч, цэргийн химич, доктор (Ph.D), бэлтгэл бригадын генерал Монтойн Хүрлээ “Улаанбадрах сумын ард иргэд бусдын тарьсан гай түүтгэрээс болж, үе улиран амьдарч ирсэн төрөлх нутгаа орхин хаа нэг тийш дайжиж явахгүй нь мэдээж учир тэнд хөнөөл бий болгож байгаа компанийн үйл ажиллагааг даруй зогсоож, орон нутгийнх нь байгаль орчныг урьдын адил эрүүл, хэвийн байдалд нь оруулахад анхаарах нь чухал байгаа юм. Үнэндээ, монголчууд бидэнд одоохондоо уран олборлож экспортлохгүй бол болохгүй болсон тийм аминд тулсан хэрэгцээ шаардлага байхгүй гэж бодож байна. Тэр ашигт малтмал, эрдэс баялаг олон сая жилийн туршид газрын хөрсөн дороо байснаараа тэгээд байж л байг. Ирээдүйд монголчууд та бидний үр хойчис тэр ураныг ч бусад эрдэс баялгаа ч өөрсдөө аюулгүй байдлаар бас улс эх орондоо ашигтай байдлаар зөв олборлож ашиглах цаг нь ирж л таарна. Монголчууд бид өнөөдөртөө эрүүл аргаар, өөрөөр хэлбэл, нар салхиар, нөхөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглах сайхан боломж бий шүү дээ” хэмээн нэгэнт хэлсэн байдаг.
“Нэгийг бодож, нөгөөг тунгаана” гэдэг үг байдаг даа. Энэ асуудал бол миний бас таны, бидний Монголын ирээдүй. Эх орныхоо байгаль экологийг эрүүл, онгон дагшнаар нь аваад үлдэх юм бол бид тэр бүс нутагтаа эдийн засгийн үр өгөөжтэй олон ажлыг өрнүүлж болно. “Баялгаа ашиглаж болох ч байгалиа хэрхэвч зүй бусаар сүйдэлж болохгүй” гэсэн үзэл баримтлалыг байнга тархиндаа бодож явах учиртай. Иймийн тул газар доор уусган баяжуулах аргаар ураныг хэрхэвч олборлож болохгүй. Уран олборлох дээрээ тулбал арай өөр аргыг хайх шаардлагатай гэдгийг Улаанбадрахад ашиглалтын гурван ч лиценз эзэмшиж буй “Бадрах энержи” ХХК-д байнга сануулах болно. Бидний туйлын зорилго бол хүрээлэн буй орчноо эрүүлээр авч үлдэхэд оршиж байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )