Анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд коронавирусний эсрэг вакцины гурав дахь тунг шүүмжилсэн нийтлэл гарчээ. Нийтлэлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд багтсан олон улсын эрдэмтдийн баг гаргасан байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, одоо хэрэглэж буй вакцин хангалттай үр дүнтэй тул гурав дахь тунд бүх нийтээр нь хамруулах онцгой шаардлага байхгүй. Вакцины тунг хэт эрт эсвэл ойр ойрхон хийх нь миокардит буюу зүрхний булчингийн үрэвсэл, Гиллэйн-Барегийн хам шинж өвчинд хүргэж болзошгүй гэж эрдэмтэд онцолжээ. Гиллейн-Барегийн хам шинж нь хүний дархлааны тогтолцоо захын мэдрэлийн эсүүдээ гэмтээдэг ховор өвчин аж.
Ковид-19 вакцины давуу тал нь учирч болзошгүй эрсдэлээс давамгайлж байгаа ч гурав дахь буюу сэргээгч тунг хэт эрт эсвэл ойр ойрхон хийснээр эрсдэл үүсэх магадлалтай гэж нийтлэлд сэрэмжлүүлжээ. Ялангуяа энэ нь мРНК-вакцин (“Pfizer”, “Moderna” вакцин) ч тэр мөн аденовируст суурилсан "Спутник V" зэрэг вакцинд хамаатай гэнэ.
Хэрэв хүн амын дархлаа нийтдээ өндөр байвал гурав дахь тунг хийх үндэслэл байхгүй гэж мэргэжилтнүүд онцолжээ. Тэдний хэлснээр, эсрэг биетийн хэмжээ багассаныг вакцины үр дүн буурсан гэж ойлгох нь өрөөсгөл гэнэ.
Вакцины гурав дахь тунг санал болгохоос өмнө шинжээчид холбогдох судалгааг хийх учиртай. Эрдэмтэд мөн дэлхий даяар вакцины хүртээмжийг хангах хэрэгтэйг онцолжээ. Зарим улс орны иргэд эхнийхээ тунг ч хийлгэж чадахгүй байна.
Үүнээс өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүх улс оронд хүн амынхаа 40 хувийг вакцинд хамруулах боломж олгохын тулд энэ оныг дуустал Ковид-19-ийн эсрэг вакцины гурав дахь буюу сэргээгч тунг хойшлуулахыг уриалсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
сайн дураараа 5 дахь тун хийлгэсэн хүн байж л байна.