“Боинг” компани агаарт сөнөөгч онгоц цэнэглэх туршилтыг амжилттай гүйцэтгэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 15

АНУ-ын “Боинг” компани АНУ-ын тэнгисийн цэргийн сөнөөгч онгоцыг “Boeing MQ-25 Stingray” нисгэгчгүй тусгай онгоцны тусламжтай агаарт цэнэглэх туршилтыг амжилттай гүйцэтгэжээ.

Тус компанийн мэдээлснээр, туршилтын нислэгийн үеэр “F-35C” сөнөөгч онгоц “Boeing MQ-25 Stingray” нисгэгчгүй онгоцтой амжилттай залгагдаж, түлшээ цэнэглэжээ.
АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин болон “Боинг” компани анх удаа “F-35C Lightning II” сөнөөгч онгоцыг агаарт цэнэглэх зорилгоор “MQ-25TM T1” туршилтын системийг амжилттай туршсан байна. Ингэснээр, тус нисдэг аппарат агаарт цэнэглэх үндсэн үүргээ гүйцэтгэх чадвартай болохоо харууллаа гэж тус компани мэдээлсэн байна.

Энэ оны зургаадугаар сард нисэх хүчний түүхэнд анх удаа АНУ-ын нисгэгчгүй нисдэг аппарат агаарт онгоц цэнэглэсэн билээ. Тухайн үед  “F/A-18 Super Hornet” сөнөөгч онгоцыг цэнэглэж байсан юм.

“Боинг” компани АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинд зориулж дөрвөн нисгэгчгүй цэнэглэгч онгоц үйлдвэрлэж, нийлүүлэх тухай гэрээг Пентагонтой байгуулжээ. Гэрээний өртөг нь 805 сая ам.доллар ба захиалгыг 2024 оны наймдугаар сард гүйцэтгэж дуусах аж.

Top