40 жилийн дараа эргэн нэгдсэн ABBA шинэ дуугаа залуу сайхан төрхөөрөө чимнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Шведийн алдарт ABBA хамтлагийн дөрвөл 40 жилийн дараагаар эргэн нэгдэж буйгаа зарлаад мөдхөн шинэ дуугаа дэлхий нийтийн хүртээл болгон гэж амласан. Мэдээж, тэд дуугаа амласнаараа гаргах юм бол шууд л хит болно. Учир нь бүтэн 40 жилийн турш хүлээсэн сая сая шүтэн бишрэгчид байгаа билээ.

АВВА хамтлаг 1972-1982 онд оршин тогтнож, уран бүтээлээ туурвихдаа нийт найман цомог, мөн хэд хэдэн пянз гаргасан юм. Одоо дахиад шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг догдлуулж, тайзнаа дуулиантайгаар гарахаар зэхэж байна.

YouTube дэх сувагтаа оруулсан бичлэгээс үзвэл Бьорн Ульвуэс болон Бэнни Андерссон нар аль хэдийнэ дуунуудаа зохиочихоод байгаа аж. “Бид охиддоо шинэ дуугаа санал болгосон даруйд шууд зөвшөөрсөн” хэмээн өгүүлжээ. Шинэ цомгийн продюсероор Андерссоны хүү Людвиг ажиллаж байгаа юм байна.

 

АВВА яагаад 1982 онд тарсан бэ?

Энэ асуулт 40 жилийн дараагаар дахин сөхөгдөж, олны сонирхлыг татаж байна. Үүний тулд эхлээд 1966 онд Бьорн Ульвуэс, Бэнни Андерссон нар хамтран ажиллахаар шийдсэнээр бүх зүйл эхэлснийг дурьдах нь зүйтэй. Тэд дуучин бүсгүй Анни-Фрид Лингстад болон Агнета Фельтског нарыг хамтлагдаа урьжээ. Хоёр бүсгүй тухайн үед өөр өөр хамтлагт дуулж байсан ч саналыг хүлээн авч, удалгүй нэгджээ.

Ингээд хэсэг хугацааны дараагаар хамтлагийн дөрвөл тус бүртээ хосууд болцгоосон юм. 1969 онд Бэнни, Анни-Фрид хоёр хайр сэтгэлийн харилцаатай болж, 1978-1981 онд гэр бүл гэсэн албан ёсны бүртгэлтэй байлаа. Харин 1971 онд Бьорн, Агнета хоёр гэрлэсэн юм. Энэ хугацаанд АВВА дэлхий дахиныг байлдан дагуулсан.

Бьерн, Агнета хоёр хүү, охин хоёртой болсон ч 1979 онд гэр бүлээ цуцлуулсан юм. “Гэр бүлээ цуцлуулсан ч гэлээ хамтлагийн ажилд тээг болохгүй” гэж эхэндээ мэдэгдэж байв. Харин түрүүн дурьдсанчлан Бэнни, Анни-Фрид хоёр 1981 онд гэр бүлээ цуцлууллаа. Тэд хүүхэдтэй болоогүй юм.

Ингэж хосууд салсны дараагаар хамтлаг ч  тарах цаг дөхснийг шүтэн бишрэгчид нь гадарлаж байлаа. 1982 онд энэхүү хүсээгүй хүлээлт биелж, ХХ зууны хамгийн алдартай, хамгийн амжилттай хамтлагуудын нэг тарсан юм.

 

Охидгүйгээрээ бид хэн ч биш ээ!

Хамгийн сүүлд нэг хамтлагийн хувиар дэлгэцнээ гарсан нь 1982 оны нэгдүгээр сард. Үүнээс хойш хэсэг хугацаанд Ульвуэс, Андерссон хоёр хамтлаг тараагүй гэж “гүрийсэн” ч бүх зүйл ойлгомжтой болсон байлаа. Хожмоо тэд “Охидгүйгээрээ бид хэн ч биш ээ” гэж хэлэх болно. Харин хоёр дуучин бүсгүй өөр өөрийн бие даасан уран бүтээлийн замдаа оржээ.

Үүнээс хойш 2008 онд Шведэд болсон Mamma Mia мюзиклийн нээлт дээр дөрвүүлээ дахин нэг цуглажээ. Гэвч хамтдаа ойрхон огт зогсолгүй зайгаа барьж, мюзиклийн гол дүрийг бүтээсэн Мэрил Стрип, Пирс Броснан нартай л хамт зураг авахуулахдаа нэгдэж зогссон юм.

Тэр ёслолын үеэр сэтгүүлчид “Та нар эргэж нэгдэх үү?” гэж тэсэлгүй асуухад “Тийм юм хэзээ ч болохгүй. Одоо хамтдаа ажиллаад байх шалтгаан ч үгүй. Мөнгө бол эргүүлж нэгтгэж чадах хүчин зүйл биш. Тэгээд ч биднийг залуу сайхнаар минь санаж яваасай гэж хүсч байна” хэмээн Бэнни болон Бьорн хоёр дуу нэгтэй хариулж байлаа.

Үүнээс хоёр жилийн дараагаар буюу 2010 онд Агнета нэгэн ярилцлагадаа Анни-Фридтэй уулзаж, дахин хамтарч дуу хийх тухай ярилцсанаа дурсаад өнгөрсөн юм. Гэвч зөвхөн үүгээр л хязгаарлагдаад өнгөрчээ. 2018 онд АВВА эргэн нэгдэх нь гэсэн цуу дахиад тарав. Гэвч удалгүй энэ мэдээ няцаагдсан юм.

 

Аниргүй жилүүдийн амьдрал

АВВА тараад бүгд л өөр өөрийн замаар явав. Агнета залуу дуучдад дуу зохиож өгөх ажилд шимтсэн ч амжилт олсонгүй. Охин Линда нь түүний шинэ жилийн тухай нэгэн дууг дуулсан нь арай дөнгүүр болсонд тооцогддог. Агнета хамтлаг тарсны дараагаар сэтгэл гутралд орсон тухайгаа нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг. Сэтгэл гутралаас гарахын тулд йогаар хичээллэсэн нь тус болсон гэж ярьсан юм билээ.

1980-аад оны сүүлчээр тэрбээр хоёр ч цомог гаргасан бөгөөд хүү нь нэг цомог дээр дуулсан байдаг. Кино урлагт хүчээ үзэх гэсэн ч мөн л өөдтэй юм болсонгүй. 1990 онд хувийн амьдралаа цэгцлэхээр шийдэж, нэгэн эмч эртэй гэр бүл болсон ч гурван жилийн дараа салжээ. Гэхдээ АВВА-гийхнаас хамгийн олон жил уран бүтээл дээрээ ажилласан нь Агнета юм. Тэрбээр дуу хөгжмөөс хөндийрснийхөө дараагаар тосгонд шилжин суурьшиж, аниргүйхэн амьдрах болжээ.

Харин хамтлагийн хоёр эр хэзээ ч хамтын ажиллагаагаа тасалдуулаагүй юм. Тэд хамтдаа дахиад долоон цомог гаргасан. Бьорн 1981 онд Лена гэх эмэгтэйтэй гэрлэж, хоёр охинтой болсон бөгөөд одоо хамтдаа амьдарч байгаа. Тэд хэдэн жил Лондонд байж байгаад дараа нь Стокгольм руу шилжин суурьшжээ.

Анни-Фрид Лингстад хамтлаг тарснаас хойш дөрвөн цомог гаргасан юм. 1982 онд хамтлаг тармагц тэрбээр Шведээс Их Британид шилжин суурьшжээ. Дараа нь аяллаа үргэлжлүүлж Парист хэсэг амьдарсан. Харин сүүлдээ Швейцарьд очоод, одоо ч тэндээ амьдардаг гэнэ.

1992 онд багын найз, хунтайж Генрих Руццо Рэйсс фон Плауэнтай гэрлэсэн байна. Энэ нь түүний гурав дахь гэрлэлт. Бэннигээс салснаас хойш удалгүй нөхөрт гарч хүү, охин хоёр төрүүлсэн ч салжээ.Анни-Фридийн нөхөр 1999 онд хавдрын улмаас таалал төгссөн бол үүнээс жилийн өмнө охин нь авто ослоор нас баржээ.

Бэнни Андерссоны хувьд АВВА-гийн дөрвөлийн нэг гэдгээс гадна бас чамгүй амжилттай жүжигчин хүн. Алдартай дуучдад дуу зохиож өгөхийн зэрэгцээ өөрөө кинонд дүр бүтээчихнэ. Андерссон Кристин Гренвалльтай гэрлэж, хүү, охинтой болсон юм. Хүү Петер нь алдартай хөгжимчин. Дараа нь телевизийн хөтлөгч Мона Норклиттэй хамт амьдарч, хүүтэй болсон нь түрүүн дурьдсан хүү Людвиг нь ажээ.

 

Тасалдаагүй өндөр орлого

Хамтлаг тараад 40 жил өнгөрсөн ч гэлээ энэ хугацаанд хит дуунууд нь тэдэнд ашиг орлого авчирсаар байгаа. Хамтлагийн дөрвөлийн энэ жилүүдийн орлогыг 1.1 тэрбум ам.доллар гэж тооцсон байна. Үүнээс Анни-Фрид 300 сая ам.доллар, Бьорн Ульвуэс 300 сая ам.доллар, Бэнни Андерссон 230 сая ам.доллар, Агнета Фельтског 200 сая ам.долларын орлого олжээ.

Ийнхүү алдартай хамтлагийнхан эргэн нэгдэж, дэлхий дахиныг аялгуугаараа цэнгүүлж, бүжиглүүлэх гэж байна. Гэхдээ энэ удаад тэд цаг хугацаатайгаа хөл нийлүүлж, дэвшилтэт технологи ашиглаж, өөрсдийгөө урьдын залуу төрхөөрөө харуулахын зэрэгцээ шинэ дуугаа дуурсгах юм. Тодруулбал, тэд шинэ дуугаа дуулна. Гэхдээ үзэгчид бол компьютерийн тусламжтайгаар бүтээсэн залуу сайхан төрхийг нь харах ажээ. Амлаж буйгаар нь бол “Тун удахгүй” гэнэ шүү.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(162.158.179.6) 2021 оны 09 сарын 18

АВВА баба.

0  |  0
Zochin(162.158.89.27) 2021 оны 09 сарын 17

Wooow

0  |  0
АГНЕТА(192.82.91.204) 2021 оны 09 сарын 17

Тасархай хоолойтой

0  |  0
Шүтэн бишрэгч (172.70.142.170) 2021 оны 09 сарын 17

Сайхан мэдээ, эргэж нэгдсэнд баяртай байна

0  |  0
Top