Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр /2021.09.30/ Улаанбаатар хот дахь коронавирусний нөхцөл байдал, орны хүртээмжийн талаар мэдээлэл хийлээ.
Видео хэлбэрээр үзэх
Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэд хэдэн асуудлын хүрээнд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Халдварын тохиолдол нэмэгдсээр байхад иргэдийн дархлаажуулалтад хамрагдах идэвх буурсаар байна. Дархлаажуулалтын гурван тунд бүрэн хамрагдаж байж коронавирусний халдвараас өөрсдийгөө хамгаалж чадна. Гэтэл дархлаажуулалтын идэвх сүүлийн үед эрс буурлаа. Дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах хэрэгтэй байна.
Сүүлийн дөрвөн долоо хоногт халдварын тохиолдол эрс нэмэгдсэн. Өрхийн эмнэлгүүдэд ачаалал нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 36 мянга гаруй хүн байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүнд, хүндэвтэр, маш хүнд хүмүүсийн эзлэх хувь нэмэгдсээр байна. Үүнтэй холбоотойгоор орны эргэлт удааширч, эмч, сувилагч нарт ирэх ачаалал нэмэгдсэн.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар 5986 ор дэлгэсэн. Гэтэл 6639 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Ингээд бодоод үзэхэд эрүүл мэндийн салбар ковидын нөхцөлд 109 хувийн илүү ачаалалтай ажиллаж байна.
Зайлшгүй заалтаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдээ хэвтүүлэх зохицуулалт хийж байгаа. Тухайлбал, эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн дунд хүнд, хүндэвтэр, маш хүнд өвчтөнүүд илүү их хувийг эзэлж байна" гэлээ.
Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Олон нийтийн зүгээс танил талаараа хөнгөн өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлж байна гэсэн хардлага гарч байгаа. Одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 80 хувь нь хүнд, хүндэвтэр, маш хүнд гэсэн ангилалд байна. Үлдсэн 20 хувийг нь одоогоор хөнгөн гэж үнэлж байгаа. Гэхдээ эдгээр хүмүүс нь жирэмсэн, суурь өвчтэй гэх мэт эмнэлгийн байнгын хяналтад байх шаардлагатай хүмүүс байдаг.
Ор дэлгэхгүй байгаа шалтгаан нь ажиллах хүч дутмаг байгаатай холбоотой. Мөн орыг олноор нь дэлгэхдээ нөхцөл боломжийг хангаж байж нэмэх шаардлагатай байдаг.
Тодруулбал, цар тахлын үед улаан бүсэд ажиллаж байгаа эмч, ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс ор дэлгэх байранд халдвар хамгааллын дэглэм сахиулах нөхцөл бүрдүүлэх шаардлагатай. Энэ мэт бэлтгэл ажлыг хангахын тулд тодорхой хугацаа шаарддаг гэсэн үг.
Есдүгээр сарын 17-нд нийслэлд 152 ор дэлгэсэн. Аравдугаар сарын 1-нд дахин 300 ор дэлгэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар 150 хүн эмнэлэгт хэвтэх нэн шаардлагатай, хүлээлтийн байдалтай байна. Тиймээс дээр дурдсан 300 орыг дэлгэснээр энэ хүлээлт байхгүй болох юм.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 2000 гаруй албан хаагч цар тахалтай тэмцэж, ажиллаж байгаа. Энэ тоо хангалтгүй хэмжээнд байна. Бидний тооцоолсноор 4000 орчим хүн ажиллаж байж эмнэлгийн тусламж, үйлчилгээ хангалттай хэмжээнд очно. Гэвч бодит байдалд 50 хувьд нь хүрэх хүн ажиллаж байна. Тиймээс бид ажиллах боломжтой эмч, сувилагчдыг урьж, дуудаж байгаа” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Одоо бүр хотоор нэг тарсан байна.Өглөө гараад ойр зуур яваад ирэх хооронд өвчин авч байна