Коронавирус агаар дуслаар илүү хурдан тархах чадвартай болохын тулд хувьсан өөрчлөгдөж буйг АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс явуулсан судалгаа баталжээ.
“The New York Times” хэвлэлд мэдээлснээр, тус хүрээлэнгийн судлаачид SARS-CoV-2 вирусний эхэн үеийн хувилбарыг “альфа” болон “дельта” хувилбартай харьцуулсны үндсэн дээр вирус нь агаар, дуслын замаар илүү хурдан халдварлах зорилгоор хувьсан өөрчлөгдөж, дасан зохицож буйг тогтоосон байна.
Судлаачдын үзэж буйгаар, коронавирус том хэмжээний дуслаар илүү тархдаг байна. Ийм дуслууд илүү хурдан гадаргуу дээр унадаг аж. Харин жижиг хэмжээтэй дуслууд урт зайг туулан, уушгинд шууд ордог тул илүү аюултай гэж эрдэмтэд үзэж байна. Шинэ судалгаагаар коронавирус халдварлах чадвараа сайжруулахын тулд хувьсан өөрчлөгдөж буйг нотолсон тул амны хаалтыг илүү боловсронгуй болгох шаардлагатайг харуулж байна гэж эрдэмтэд онцолсон байна.
Анх Энэтхэг улсад илэрсэн “дельта” хувилбар нь одоогоор дэлхий дахинд давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе маш богино хугацаанд үргэлжилдэг гэдгээрээ бусад хувилбараас ялгаатай. Үүнээс гадна “дельта” хувилбараар халдварласан өвчтөнд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо гэмтэх зэрэг давхар шинж тэмдэг илэрдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )