Төр оролцож, эрсдэлийг хуваалцах ёстой салбар гэж бий...

2021 оны 10 сарын 06

Төр засгийн холбогдох байгууллагууд, импортлогч компаниудын төлөөллүүд өнгөрсөн сарын сүүлээр Москвад очиж, “Роснефть” компанийнхантай  уулзалт хийсэн. Нүүр тулсан уулзалтын үр дүнд ирэх саруудад шатахууны нөөц, хангамжид ноцтой асуудал үүсэхгүй байхаар тохиролцоонд хүрсэн гэх мэдээллийг албаныхан ч, импортлогчид ч өгцгөөсөн.

Гэтэл өчигдөр /2021.10.05/ сошиал орчинд ОХУ-ын “Роснефть” компаниас ачигдах Аи-92 автобензиний ачилтууд хязгаарлагдан багасч, нөөц хангалтгүй болж багасах болсонтой холбоотойгоор аравдугаар сарын 6-наас буюу өнөөдрөөс ачилтыг  тодорхой тооны  ШТС-уудад нийлүүлнэ гэсэн агуулгатай,  “Сод Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвренчин гэсэн гарын үсэгтэй мэдээлэл цацагдаж, иргэд ч өмнөх жишгийн дагуу шатахуун авахаар урт дараалал үүсгэцгээв.

Харин “Сод Монгол” ХХК-ийн зүгээс сошиалаар цацагдсан мэдээллийг үгүйсгэсэн бол УУХҮЯ-наас өгсөн мэдээлэлдээ: БНХАУ-аас 2021 есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 02-ны хооронд 200 вагон 10.131 тн, ОХУ-аас есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд 1573 тн шатахуун орж ирсэн. Цаашид хоёр улсаас шатахууны татан авалтыг хэвийн үргэлжлүүлж аравдугаар  сард ОХУ-аас 54.880 тонн шатахуун оруулж ирэхээс эхний ээлжийн 33 вагон энэ сарын 2-ны өдрөөс ачигдан Улаанбаатар хотод нийлүүллээ” гэсэн юм.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон шатахууны хомсдол үүслээ гэх мэдээллийн ард улс төр байхыг үгүйсгэхгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байна.

Гэхдээ УУХҮЯ-наас өгсөн статистикийг харахад шатахууны татан авалтын өсөлт  хангалттай биш байгаа нь харагдаж буй юм.

Тухайлбал, есдүгээр сарын сүүлийн дөрөв  хоногийн хугацаанд ОХУ-аас нийлүүлсэн нийт шатахууны хэмжээг Аи-92 автобензиний хэрэглээгээр жишихэд  манай улсын нэг өдрийн л хэрэглээг хангах хэмжээ байна.

Харин аравдугаар сар гарсаар ОХУ-аас импортоор авах шатахууны хэмжээ өссөн байгаа юм. Тодруулбал, “Роснефть” компаниас:

 

  • Аравдугаар сарын 2-ны өдөр 13 вагон 787 тн

 

  • Аравдугаар сарын 3-ны өдөр 5 вагон 302 тн

 

  • Аравдугаар сарын 4-ний өдөр 368 тонн

 

  • Аравдугаар сарын 5-ны өдөр 542 тн газрын тосны бүтээгдэхүүн ачигдаж, эхний ээлжийн бүтээгдэхүүнүүдийг импортлогч компанийн агуулахуудад нийлүүлж эхэлжээ.

 

Тэгэхээр энэ сарын 2-5-ны өдрийн байдлаарх ОХУ-аас нийлүүлсэн нийлүүлэлтийн хэмжээ өдөрт  302-787 тн-ы хооронд байна. Есдүгээр сарын сүүлийн дөрвөн өдрийн хугацаанд нийт 1573 тн л шатахуун орж ирсэнтэй харьцуулахад, энэ сарын 2-5-ны хоорон дахь дөрвөн өдөрт 1999 тн шатахуун Монгол Улсад  орж ирээд байна.

Дөрөв, дөрвөн өдрийн нийлүүлэлтийг харьцуулаад аваад үзэхээр ямар ч байсан ОХУ-аас авах татан авалт өсч байгаа юм. Хэдий тийм ч нийлүүлэлтийн өсөлт хангалтгүй байгааг хэлэх нь зүйтэй байх.

УУХҮЯ-ны мэдээллээр өчигдрийн байдлаар байдлаар улсын хэмжээнд Аи-92 автобензиний 7 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд 5 хоногийн ердийн нөөцтэй, нийлүүлэлт хэвийн явагдаж байна гэсэн мэдээллийг өгсөн. 5 хоногийн нөөцийг салбар хариуцсан яам ЕРДИЙН гэж одоо л тодотгож буй. Өмнө нь 20+, 30+ хоногийн нөөцийг ЕРДИЙН гэж мэдээлдэг байсан билээ.


Ер нь бол шатахууны асуудлаас болж нийгмээрээ бухимдах нэг хэрэг, гол нь шийдэл чухал байсаар өнөөдрийг хүрснийг өнгөрсөн сарын 23-ны өдрийн бичвэртээ тодотгож байснаа дахин сануулъя.

Эдийн засаг, нийгэмд онц чухал ач холбогдолтой стратегийн гол хэрэглээ болох шатахууны импортынхоо дийлэнхийг  үндсэн ганц цоргоор авдаг байдлаа өөрчлөхийн төлөө бодитой алхмыг хаа хаанаа хийхгүй байгаа нь өөрөө гажуудал болоод удаж байгаа.

Нэг зах зээлээс хамаарсан импортын хараат байдлаа өөрчлөхгүй л бол өчигдөр ч байсан, өнөөдөр ч байгаа шатахууны  “гуйлгачлал” маргааш ч яг л хэвээрээ байх юм.

Өнгөрсөн онд 1.6 сая тонн шатахуун импортоор авч хэрэглэсэн манай улс ирэх онд 1.9 сая тонн, 2027 он гэхэд жилийн хэрэглээ 2.4 сая тонныг гаднаас авч хэрэглэх прогнозтой байгаа. Тэгэхээр жилээс жилд өсөн нэмэгдэж буй шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад төр засаг, зохицуулагч байгууллагуудын зүгээс анхаарах шаардлага төдийчинээ шаардагдаж таарах гээд байна.

Шатахууны асуудал циклийн дагуу нийгмийн анхаарлыг татахаар үнийг нь чөлөөлөхгүй олон жил барьсны уршиг гарч байна гэх байр суурийг илэрхийлдэг талууд бий. Гэхдээ нөгөө талаас аваад үзэхэд, манайх шиг бат бэх суурьгүй, эмзэг эдийн засагтай, хүн амынх нь амьдралын түвшин тааруу улс орон стратегийн нэн чухал хэрэглээ болох шатахууны үнийг чөлөөлөх цаг хугацаандаа нухацтай анхаарах ёстой. Өнөөдрийн ийм нөхцөл байдалд бол шатахууны үнийн чөлөөлөлт шийдэл биш.

Харин ч эсрэгээсээ газрын тосны салбарт төрөөс илүү ухаалгаар, улс төржилтээр биш эрүүл зохицуулалтаар оролцох шаардлага байгаа байж болох юм.

Шатахууны салбарт өнгөрсөн олон жилүүдэд хувийн хэвшлийнхэн байсан. Хэрэг дээрээ манай тухайд хамгийн их улс төр, бүлэглэлийн эрх ашгийг гүйцэлдүүлсэн салбар байсан ч байж мэдэх юм. Гэхдээ энэ нь газрын тос, шатахууны салбарт төр огт оролцож болохгүй гэсэн бат ноттой үндэслэл болохгүй.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын  удирдсан Засгийн газар Төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, шат ахиулах талаар сүүлийн үед нэлээд тухайлан яриад буй. Тэгвэл тэр ажил хэрэг болдоггүй түншлэлээ цэвэр эдийн засгийн агуулгаар стратегийн чухал ач холбогдолтой шатахууны салбар дээрээ хэрэгжүүлж болох уу гэдэг асуудал тавигдаж байгаа юм.

Дорноговьд баригдаж буй Газрын тосны үйлдвэр үүдээ нээлээ гэхэд импортын 50 хувийг л хангана гэсэн тооцоололтой. Гэхдээ тэр үйлдвэртээ ашиглах нөөцөө шийдвэрлэх тал дээр бид түүхий суугаа. Мөн импортын 50 хувь гэдэг тооцоолол нь ирэх жилүүдэд өсөн нэмэгдэх шатахууны хэрэглээний өсөлтийн прогнозоос хамаагүй бага хэмжээгээр суурь хийж тооцсон үзүүлэлт.

Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ тогтмол өссөөр зургаан жилийн дараа гэхэд бид жилдээ 2.4 сая тонн шатахуун хэрэглэнэ гэдэг бол одоогийнхоос 800 сая тонноор илүүг хэрэглэнэ гэсэн үг. Тэгэхээр бид газрын тосны үйлдвэртэй боллоо ч импортын хамаарал төдийчинээ өндөр байх төлөвтэй.

Түүнчлэн импортын цоргуудаа нэмэх шаардлагатай. Үүн дээр төрөөс бодлогын, оролцооны дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Татан авалтын дэд бүтцийн дэмжлэгүүдээс гадна, улс төрийн түвшний дэмжлэг газрын тосны салбарт ямар чухал болохыг өнгөрсөн жилүүдийн, өнөөдрийн ч нөхцөл байдал бэлхнээ харуулж байна.

Шатахууны салбарт төр, хувийн хэвшил хүч хавсрах боломжууд бий. Тухайлбал, энэ талаар ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Бүс нутаг, олон улсын байгууллага судлалын салбарын эрхлэгч, доктор, профессор А.Даваасүрэн хэлэхдээ “Төр шатахууны салбарыг авнаа гээд шууд дайрах биш, шатахуун импортлогч компаниудын тодорхой хувьцааг л худалдаад авчих л даа. Эдийн засгийн олон арга механизм байна. Тэдгээрийг л ашиглах хэрэгтэй... Газрын тосны салбар дахь улс орнуудын туршлага, сонгодог жишээнүүдийг авч үзэх юм бол стратегийн гэсэн салбарууд дээр төрийн оролцоо 49, 50, 51 хувь гэхчлэн заавал байна. Хүмүүсийн хоол хүнс, хэрэгцээ, улс орны эрх ашигтай холбоотой байдаг учраас компаниуд нь холимог хэлбэртэй байдаг. Бүгдийг нь хувьчилна гэвэл бас болохгүй. Төр эргээд компаниудаа гуйх хэрэг гарна. Төр өөрөө хувийн компаниудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох хэрэг болчих гээд байдаг. Сонгодог жишээ болох  БНСУ, БНХАУ, Япон гээд улс орнуудыг харахад, стратегийн чухал салбарууд дээрээ төр, хувийн хэвшлийн хамтарсан холимог хэлбэртэй компаниудтай байдаг” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top