Шүдний эмч бүсгүй нислэгийн үеэр хүүхдийн амийг ХОЁР УДАА аварчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 06

Энэ сарын 2-нд Туркийн Антальягаас Москва руу нисэж байсан онгоцонд нэг настай охины бие муудаж, ухаан алджээ.

Охин амьсгалж чадахаа больж, онгоц газардах хүртэл тэсэхээргүй болох үед уг нислэгт явсан шүдний эмч бүсгүй тус болсон байна.

Оросын Уфад ажилладаг шүдний эмч бүсгүй охины амийг хоёр удаа аварчээ.

Гузелия Валеева нислэгийн үеэр чихэвч зүүж, аудио ном сонсож явсан бөгөөд хүмүүс сандралдаж эхлэхэд юу болоод байгааг ойлгоогүй байсан гэнэ. Дараа нь нисгэгч “Амьсгалж чадахаа больсон хүүхдэд эмчийн тусламж маш яаралтай хэрэгтэй байна” гэж зарлахыг сонссон шүдний эмч бүсгүй ухаан алдсан хүүхэд рүү гүйн очсон байна.

Охинд нислэгийн багийнхан болон зорчигч нар байгаа бүх зүйлээрээ тусалж байжээ.

Шүдний эмч бүсгүй ярихдаа “Охиныг хараад эцэг, эхээс нь юм асууж, цаг алдах бус шууд л туслах хэрэгтэйг ойлгосон. Охиныг үзэхэд хэл нь залгигдсан байсан. Би гар дор байгаа зүйлсээс ашиглан хэлийг нь аль болох хурдан татаж гаргаж ирэхийг хичээсэн. Охин амьсгалж эхэлсэн ч халуурч байлаа. Эцэг, эх нь надад талархаад түүнийг унтуулахаар суудалдаа үлдсэн” гэжээ.

Гэвч 10 минутын дараа охин дахин ухаан алджээ. Эмч бүсгүй дахин түүнд массаж хийж, ээж нь хиймэл амьсгал хийснээр охин сэргэсэн байна.

Онгоц газардах хүртэл хоёр цаг дутуу байсан учир нисгэгчид онгоцыг Донын Ростов хотод яаралтай газардуулжээ. Охин тэр үед бүрэн сэргэсэн байсан ч хүүхдийг эцэг, эхийнх нь хамт эмнэлэгт хүргэсэн байна. 

Гузелия охины амийг хоёр удаа аварсан ч үүнийгээ баатарлаг зүйл гэж үзэхгүй байна гэжээ.

Бүсгүй “Ямар ч эмч байлаа гэсэн ийм нөхцөл байдалд тусламж үзүүлэх байсан” гээд эмч нар өдөр бүр янз бүрийн нөхцөл байдалд хүний амь аврах хэрэгтэй болж, асуудалтай тулгардгийг хэлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top