УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2021.10.13/ боллоо. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх дээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн юм. Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.
-Монгол Улсын Үндсэн хуульд гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож үл болно гэж заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэгдүгээр зүйлийн 1.15 дахь хэсэгт гэм буруугийн зарчмыг хуульчлахдаа шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж заасан. Хэрэгтнээр өөрөөр нь хэргийг нотлуулах, тулгах, хилс ял шийтгэхээс төр үргэлж зайлсхийж, тийм хэлмэгдүүлэлтийг ямар ч үед гаргаж болохгүй. Харин хуулийнхан хуулиас гадуур ажиллаж, хэн нэгнийг хэлмэгдүүлэхийг хэзээ ч хэрхэвч зөвтгөж болохгүй. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь хүний язгуур эрхийг хангахад чиглэсэн, Үндсэн хууль болон бусад хуулийн амин сүнсийг хамгаалахыг зорьсон. Шүүхээр 2020 онд 13,470 хэрэг шийдвэрлэснээс Анхан шатны шүүх 76 хэргийг цагаатгаж, 1247 хэргийг прокурорт буцаасан байна. Улсын Дээд шүүх бүх хэрэг, маргааныг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэдэг. Доод шатны шүүхэд чиглэл өгдөг асуудлыг хязгаарласан. Тодруулбал, Анхан болон Давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тохиолдолд л хэрэг Давж заалдах болон Хяналтын шатны шүүх рүү буцна. Давж заалдах шатны шүүх болон Дээд шүүхээс буцаадаг зохицуулалтыг халах нь УИХ-аас 2021 онд хийсэн Шүүхийн шинэчлэлийн үргэлжлэл болно.
-Шүүх талуудын эрх ашгийг тэгш хангаж анхан шатнаас хэргийг буцаадаг байх ёстой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль нь зөвхөн хохирогчийн эрх ашгийг сэргээх, гэм буруутай этгээдэд ял оногдуулах процессийг зохицуулсан хууль биш юм. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах, гэрч, шинжээч оролцуулах, прокурорын яллах дүгнэлт үйлдэх, шүүхэд шилжүүлэх, шүүх хянан шалгаад шүүх хуралдааныг мэтгэлцээний зарчимд тулгуурлан явуулах зэрэг бүхий л үйл ажиллагааны явцад хэн нь ч хохирогч, хэн нь ч гэмт хэрэгтэн болоогүй байдаг үе. Түүнийг зөвхөн шүүхээс энэ бүх ажиллагааны төгсгөлд тогтооно. Тийм учраас ухрах замгүй шүүхээр тасладаг байдлыг зогсоож, анхан шатны шүүх дээрээс хэргийг буцаадаг тогтолцоог бий болгохгүй бол прокурор тухайн хэргийг нотлох баримт дутуу, эсвэл гэм буруу нотлогдохгүй байсан ч заавал шүүх рүү шилжүүлж, шүүхээс магадгүй ялын сонгох санкцийн интервал өндөр байгаа өнөөгийн хуулинд хүний амьдралыг ухрах замгүйгээр шийддэг байдал бий болох вий гэдэг болгоомжлол байсаар байна. Тиймээс анхан шатны шүүх дээрээс хэргийг буцаадаг, прокурор өөрөө хэргийг хаадаг боломж бололцоог нээх шаардлагатай.
-Өнгөрсөн жилүүдэд бүх шатны шүүхийн шийдвэр эцсийн байх ёстой гэж бид нар буруу ойлгож ирсэн. Давж заалдах, Хяналтын шүүхийн шат гэдэг бол зүгээр эрх зүйн үндэслэлийн талаас нь хянаж байгаа болохоос биш асуудлыг эцэслэн шийдвэрлэх гэдэг чиглэлтэй биш. Энэ агуулгыг ерөөсөө ярихгүй байгаа. Шүүхийн шинэ хуулиар Дээд шүүхийг олон хэрэг, маргааныг хүлээж авдагийг болиулж, шүүх болгоны ач холбогдол руу нь шахаж өгсөн. Энэ утгаараа үзэх юм бол шүүх гэдэг өөрөө асар том хариуцлага. Мөрдөн байцаах, прокурорын үйл ажиллагаанд байгаа дутагдлыг шүүхийн талаас нь шахаж засаж болно шүү дээ. Эхлээд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын байгууллагаа шинэчилсний дараа дараагийн шинэчлэл рүү орно гэвэл бүтэхгүй. Хамгийн гол нь ял завшуулахгүй байх ёстой. Монголд хүний эрх өөр, Европт бас нэг өөр байдаг байж болохгүй.
-Энэ хууль давуу тал ч ихтэй сөрөг тал ч ихтэй. Заавал ял өг, эсхүл цагаатга гэсэн том зарчим яваад байна. Дутуу мөрдөөд ял завшаад байгаа юм бол дутуу мөрдөөд ялтан болгож болох юм яриад байна. Чуулганаар хэлэлцэх үед нь Дээд шүүх, Ерөнхий прокурорын газраас хүмүүс байлцуулах ёстой. Тэр хүмүүс нь байдлыг арай бодитой хэлж өгөх байх гэж бодож байна. Шүүх хурал дээр гэрч, хохирогч мэдүүлгээсээ татгалзах, өөрчилбөл яах юм. Шүүх буцаах боломжгүй учраас нэг бол цагаатгаад, үгүй бол яллаад явуулна. Бусад улсын хуулийг хуулаад байх нь тийм ч хэрэгтэй юм биш. Нэг юмыг засах гээд нөгөөхийг нь нурааж болохгүй. Нэг заалт нь л гэхэд 2017 онд батлагдсанаасаа хойш гурав дахь удаагаа өөрчлөлт орох гэж байна. Нэг өнцгөөр энэ том хуулиудыг өөрчилж болохгүй учраас амьдрал мэддэг тэр хүмүүс болох шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын төлөөллийг нь суулгаж байгаад ярилцах хэрэгтэй.
-Дээд шүүх, прокуророос ирүүлсэн саналыг сайн ярилцмаар байгаа юм. Хуралдаанд Дээд шүүхийн эрүүгийн танхим, Ерөнхий прокурорын газар, Мөрдөн байцаах газрын төлөөллийг байлгах хэрэгтэй байна. Энэ хуулийн 1.7.3 дээр “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан нь шүүх өөрөө хэргийн бодит байдлыг тогтооход оролцох ёстой гээд хуульчилсан байгаа юм. Хэрэг үйлдсэн нөхдүүд нь мөрдөн байцаагчтайгаа хуйвалдчихвал ял завших бололцоо гараад байна. Тэгэхээр үүнийг хаах ямар боломж байна вэ.
-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Хүн хэлмэгдүүлэхгүй байх, шударга шүүхээр хэргээ шийдүүлэх, хэргийн үнэн мөнийг бодитой тогтоох, хүнд суртал, авлигалаас ангид байх, хэргийг ийш тийш нь шидээд байхгүй зэрэг талаас нь дэмжиж байна. Нотол, эсхүл цагаатга гэдэг зарчим байгаа нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурорын шатандаа хаагдаад байвал яах юм. Эсвэл анхнаасаа шүүхэд зориулаад нотлогдохгүй баримт бүрдүүлбэл яах вэ. Шүүх дээр хэргээ задласан, нотлох баримт шинээр гаргаж ирсэн тохиолдолд буцахгүй учраас асуудал үүсэхээр байна. Энэ мэтчилэн бодмоор асуудал байна.
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтын дагуу мөрдөн байцаалт, прокурорын хяналт тодорхой хугацаатай. Тэгэхээр гэмт хэргүүд алга болох, удаан шалгах зэрэг асуудал хуулиараа зохицуулагдаад явж байгаа. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр хэргийн нотлох баримт, бусад асуудалтай холбоотойгоор зөрүүтэй асуудал байвал тэндээс нь буцааж болно. Засгийн газар, шүүх, прокуророос зарим нь дэмжсэн, зарим нь эсэргүүцсэн санал ирүүлсэн.
-Энэ хуулийн төсөл шүүхийн шинэчлэлийн хүрээнд, шүүх эрх мэдэл хараат бус байх, шударга шүүхээр шийдүүлэх үүднээс боловсруулагдах ёстой байсан байх. Гэвч Б.Энхбаяр гишүүний тайлбар, хуулийн төслийн үзэл баримтлалаас харахад эргэлзээ төрж байна. Өнөөдөр анхан шатны шүүхээр бүх асуудлыг дуусгана гэдэг зарчмаар энэ төслийг оруулж иржээ. Үүнд бид болгоомжтой хандах ёстой. Анхан шатны шүүх дээр бүх хэргийг эцсийн болгож шийдээд хүнд ял завшуулах, аливаа хуйвалдааны эх үүсвэр болох вий дээ. Монгол Улсын Ерөнхий прокурорын санал Дээд шүүхийн эрүүгийн тэнхимийн шүүгчдийн хуралдаанаас энэ төслийг дэмжээгүй байна. Үндсэн хуулийн үзэл баримтлалыг зөрчсөн байна гэдэг асуудлыг тавьжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )