-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көчян нар нүүрсний худалдааг нэмэгдүүлэх талаар тохиролцжээ-
Нүүрсний үнэ сансарт гарчихсан энэ үеийг Монгол Улс ашиглаж чадахгүй байгаа нь гачлантай. Олон улсын зах зээл дээр нүүрсний ханш өдрөөс өдөрт дээд амжилтаа эвдэж, өсөлттэй байгаа энэ үеийг манайхан хилийн наанаас харж суугаа. Монгол Улс нүүрсний гол худалдан авагч БНХАУ-ын талтай өчигдрийг хүртэл тохиролцоонд хүрч байсан юм. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2021.10.12/ БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көчянтай цахим уулзалт хийж энэ асуудлын хүрээнд ярилцсан. Тэд нүүрсний худалдааг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Тэр дундаа Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрсэн нааштай мэдээ байна.
Гэвч манай тал дотооддоо зохицуулах олон асуудал бий. Тухайлбал, Монголын нүүрсний экспортыг гацаанаас гаргах ач холбогдолтой хэмээн олон арван тэрбум төгрөг зарцуулсан хилийн боомт дахь терминалаа төр хэзээ хөдөлгөж эхлэх нь тодорхойгүй байгаа. Гашуунсухайт боомтод чингэлэг тээврийн терминал өнгөрсөн сард ашиглалтад орж, улсын комисс хүлээж авсан ч өнөөдрийг хүртэл нүүрсний экспорт хийж эхлээгүй. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийсэн уг бүтээн байгуулалтад хувийн хэвшлийнхэн манлайлж оролцсон. “Энержи Ресурс” тэргүүтэй компаниуд өнгөрсөн сарын 21-нд буюу гэрээгээр тогтсон хугацаандаа чингэлэг тээврийн терминал бэлэн болгон, төрд хүлээлгэж өгсөн юм. Уг бүтээн байгуулалтын санхүүжилтийн 60 хувийг төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой”, 15 хувийг орон нутгийн “Таван-толгой” компани, 25 хувийг хувийн хэвшлийн “Энержи ресурс” гаргажээ. Төслийн гүйцэтгэгчээр “Энержи ресурс” компани ажилласан байдаг. Гэвч төр дааж авсан авто замын ажлаа дуусгаагүйн улмаас нүүрсний экспорт гацсан хэвээр байгаа.
Нүүрс экспортлогч компаниуд энэ талаар төрийн байгууллагуудаас тодруулахад, “Хувийн хэвшлийнхэн ажлаа дэндүү хурдан хийж гүйцэтгэсэн. Бид хуваарийнхаа дагуу ажлаа явуулж байгаа” гэдэг тайлбар өгөх болжээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж буй Гашуунсухайт боомт дахь бүтээн байгуулалтын явц ийм байна. Засгийн газрын шийдвэр дунд шатандаа хэрэгжихгүй байгааг үүнээс харж болох бөгөөд доод шатандаа бол бүр замхардаг бололтой юм. Засгийн газраас өнгөрсөн долоодугаар сард чингэлэгт тээврийн терминал байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу байгуулсан терминал Гашуунсухайт боомтын 30 га талбайг хамарч байгаа. Нийт 8100 чингэлэг буюу 259200 тонн нүүрсний багтаамжтай бөгөөд жилд найман сая тонн нүүрсийг экспортлох хүчин чадалтай. Тус гаалийн хяналтын бүс 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой. Ачаа эргэлтийн хэмжээ 27 мянган тонн нүүрс байхаар төлөвлөгдсөн томоохон бүтээн байгуулалт юм. Гэтэл дээрх шалтгаанаар хэзээ ашиглаж эхлэх нь тодорхойгүй болсон.
Уг нь албаныхны зүгээс чингэлэг тээврийн терминалыг цар тахлын үед, тэр дундаа нүүрсний ханш түүхэнд байгаагүй өндөр тогтож буйг ашиглах экпортын гарц гэж тооцсон. Тэр хэмжээгээр ам.долларын орох урсгал нэмэгдэж, төсвийн орлого өсөхөөр төсөөлж байсан юм. Нүүрсний ханшийн өсөлтийг ашиглан, ахиухан экспорт хийж чадвал эдийн засгийн доройтлоо КОВИД-19 цар тахалд тохоод суухгүй байх боломжтой. Түүхий эдийн ханш, манай хамгийн гол худалдан авагч БНАХУ-ын дотоод нөхцөл байдал манай талд байна. Сүүлийн мэдээллээр Хятадын хойд хэсэгт үер болсны улмаас нүүрсний томоохон уурхайнуудын үйл ажиллагаа доголдож, нүүрсний үнэ өссөнөөр Бээжингийн эрчим хүчний тасалдлаа таслан зогсоох гэсэн оролдлогыг улам хүндрүүлсэн.
Хүчтэй аадар борооны улмаас Хятадын нүүрс олборлолтын хамгийн том төв болох Шаньси мужийн нүүрсний 60 уурхайг хаахаар болсон тухай тус мужийн Онцгой байдлын товчооноос өнгөрсөн бямба гарагт мэдээлжээ. Тус муж нь БНХАУ-ын нүүрсний үйлдвэрлэлийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг. Эрчим хүч үйлдвэрлэхэд зориулагдсан эрчим хүчний нүүрсний фьючерс ханш даваа гарагт Жэнжоугийн түүхий эдийн бирж дээр түүхэн дээд цэгт хүрч, тонн нь 219 ам.доллар болжээ. Энэ нь он гарсаар нүүрсний ханш хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт.
Нүүрс бол Хятадын эрчим хүчний гол эх үүсвэр бөгөөд халаалт, цахилгаан үйлдвэрлэх, ган үйлдвэрлэхэд өргөн хэрэглэдэг түүхий эд. Өнгөрсөн онд нүүрс Хятадын нийт эрчим хүчний хэрэглээний бараг 60 хувийг бүрдүүлжээ. Тус улс нүүрсний үйлдвэрлэлээ эрчимжүүлж, нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудынхаа үйл ажиллагааг эрчимжүүлснээр эрчим хүчний хомсдолыг арилгахаар төлөвлөж байсан юм.
Эрчим хүчний хомсдолын улмаас сүүлийн хэдэн долоо хоногийн турш Хятадын 20 гаруй мужид цахилгааны хязгаарлалт үргэлжилж байгаа. Цар тахлын дараах барилгын бүтээн байгуулалт чулуужсан түлшнээс ихээхэн хамааралтай байсан бол нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах үндэсний арга хэмжээний улмаас нь энэ оны эхээр хэдэн зуун нүүрсний уурхай үйлдвэрлэлээ зогсоож, бууруулах арга хэмжээ авсан нь нүүрсний үнийг өсгөхөд хүргэсэн юм. Гол нийлүүлэгч болох Австралийн нүүрсний импортыг хязгаарласан нь болоод цаг агаарын хүндрэл бэрхшээлийг улам даамжруулаад байна. Мөн өнгөрсөн зун урьд урьдны жилүүдийнхээс илүү халуун байсан нь эрчим хүчний хэрэглээ огцом өсөхөд хүрсэн тухай Хятадын Эрчим хүчний үндэсний газраас мэдээлжээ.
Moody's-ийн шинжээчид даваа гарагт гаргасан тайландаа "Хятадын цахилгаан тасалдаж буй нь 2022 оны ДНБ-ий өсөлтөд нөлөөлөлж, эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлнэ" гэж дурджээ. Шинжээчид “Хятадад цахилгаан станцууд нүүрсний үнэ өссөнтэй холбоотойгоор үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг хүсээгүй. Бээжин эрчим хүчний үнийг хянадаг тул үйлдвэрлэгчид Засгийн газраас зөвшөөрөл авалгүйгээр үнээ өсгөж чадахгүй байгаа” гэдгийг онцолсон. Энэ мэтээр дэлхийн нүүрсний гол зах зээл дээр эрэлт өндөр, ханшийн төлөв эерэг болж ирсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсээ Хятад руу тооцоолж буй хэмжээгээрээ нийлүүлэх боломжтой гэсэн үг.
Монголын Засгийн газраас хэдхэн хоногийн өмнө ирэх оны төсвийн төслийн танилцуулахдаа уул уурхайн түүхий эдийн ханшийг өөдрөгөөр тооцож, ханшийн цонх үеийг ашиглахыг зорьж буйгаа мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбар төсвийн орлогын 30 хувийг бүрдүүлж ирсэн бөгөөд ирэх онд нүүрсний экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа. Тоо хэмжээний хувьд нүүрсний экспортын төсөөллийг энэ оныхоос огцом нэмэгдүүлж 36.5 сая тонноор тооцсон. Үүнийг Сангийн сайдын зүгээс дэвшүүлсэн томоохон зорилт гэж тодотгосон юм. Хоёр улсын Ерөнхий сайд нарын хэмжээнд тохиролцоонд хүрснээс үзвэл 36.5 сая тонн экспортлох бүрэн боломжтой гэж үзэж болно. Учир нь Монгол Улс 2019 онд түүхэндээ хамгийн их буюу 36.5 сая тонн нүүрс экспортод гаргаж байсан түүхтэй.
Ц.ДАВАА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
nuursee unegui uguhgeed dairaad baigaa humuusdee,tegeed uursduuu 1 ch tonnig hereg;lej chaddaggui meddeggui
Манайхан ,Би чи нүүрс нийлүүлнэ гэж хоорондоо алалцаад , сонин хэвлэлээр бие биенийхээ бөгсийг ухсаар байгаад дуусна биз дээ
Яаж чадах вэ дээ.10 р анги төгссөн бакалаврын боловсролгүй бизнес амьдралдаа хийж үзээгүй час хийсэн эрүүл бус амьтнаар дэлхийн хэмжээний ажил сэтгүүлж хийлгэх гээд шахаад бхын. Тийм юм байдаггүй юм.Энэтхэг Австралийн нүүрсийг 25$ оор худалдаж аваад хураачихаад одоо Хятадад 495 $ хүргэн зарж байна.Юу гэх вэ дээ