Ц.Энхтүвшин, “Таван цагариг”
Спортын гимнастикийн (artistic gymnastics) 50 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд Японы Китакюшю хотноо явагдаж буй билээ. Энэ удаагийн ДАШТ-д 59 орны 312 (196 эрэгтэй, 116 эмэгтэй) тамирчид өрсөлдөж байна. Уг нь энэ тэмцээн өнгөрсөн жил Дани улсад зохиогдох байсан. Гэвч цар тахлаас болоод Дани ДАШТ-ийг зохион байгуулахаас татгалзсан билээ. Тиймээс Олон улсын гимнастикийн холбоо тэмцээнийг жилээр хойшлуулсан юм. Спортын гимнастикийн ДАШТ нь Олимпийн наадмын жилд зохиогддоггүй ч 2020 оны олимп ч , ДАШТ ч хойшлогдоод энэ жил ийн явагдлаа. Хамгийн сүүлд 1996 онд олимп, ДАШТ хоёр нэг жилд болж байж.
Аравдугаар сарын 21-нд ДАШТ-ий эмэгтэй хувийн олон төрөлтийн (үнэмлэхүй аварга) медальтнууд тодорлоо. Гимнастикийн аль ч тэмцээнд хувийн олон төрөлтөд түрүүлсэн тамирчинг үнэмлэхүй аварга хэмээн нэрлэх агаад энэ төрөлд түрүүлсэн гимнастикч эрэгтэй, эмэгтэй аль аль нь хамгийн өндөр нэр алдрыг хүртэх авай.
Тиймээс ч ДАШТ-ий хамгийн нэр хүндтэй, хамгийн сонирхолтой, бас хамгийн өрсөлдөөнтэй нь хувийн олон төрөлт.
Эмэгтэй хувийн олон төрөлтөд гол өрсөлдөөн АНУ болон ОХУ (ЗХУ)-ын хооронд үеийн үед өрнөж ирсэн. Америкийн охидууд энэ төрөлд ДАШТ-ээс 13 алтан медаль хүртэж байсан бол ЗХУ-ОХУ-ын охид 16 (12+5) удаа аваргалж байв.
Энэ хоёроос өөр гимнастикийн дэлхийн үнэмлэхүй эмэгтэй аваргатай орон ердөө тавхан (Чех-3, Румын-2, Украин, Польш, Итали тус бүр нэг нэг) байдаг гээд л бод доо.
Харин 2010 оны ДАШТ-ий эмэгтэй олон төрөлтөд ОХУ-ын Алия Мустафина аварга болсноос хойш Америкийн охидууд бүрэн ноёрхолоо тогтоогоод байсан юм. Тухайлбал 2011 онд Жордин Уибер, 2013, 2014, 2015, 2018, 2019 онд Симона Байлз, 2017 онд Морган Хёрд нар олон төрөлтөд түрүүлсэн төдийгүй 2012 оны олимпод Гэбби Дуглас, 2016 оны олимпод Симона Байлз, 2020 оны олимпод Суни Ли үнэмлэхүй аварга болсон. Нэг үгээр хэлбэл Америк охид 2011 оноос хойшхи олимпийн наадам болон ДАШТ-ий хувийн олон төрөлтийн нэг ч түрүүг өөр орны гимнастикчдад алдаагүй билээ.
Тэгвэл энэ ноёрхлыг Китакюшюд ОХУ-ын Ангелина Мельникова таслав. Тэрбээр олон төрөлтөд 56,632 оноо авч нэгэн аравны дараа эмэгтэй хувийн олон төрөлтийэ алтан медалийг ОХУ-д эргүүлэн авчирлаа. Мөнгө, хүрэл медалийг АНУ-ын Леанн Вонг 56,340 оноогоор, Кайла Ди Челло 54,566 оноогоор зүүлээ.
Дөрөвт ОХУ-ын Владислава Уразова 53,598 оноогоор орлоо. Уразова бол Мельниковагийн хамтаар хоёр сарын өмнө “Токио-2020” олимпийн эмэгтэй багийн төрөлд түрүүлж байсан билээ.
Энэ жил 21 настай Ангелина Мельникова Олимпийн багийн олон төрөлтөд алт, мөнгө, хувийн төрөлд хошой хүрэл медаль зүүж үзсэн тамирчин. Энэ жил үнэхээр сайн бэлтгэлтэй байж, дөрөвдүгээр сард Европын АШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл, наймдугаар сард “Токио-2020” олимпийн наадмаас багийн алт, хувийн хоёр хүрэл медаль хүртсэн бол энэ удаа дэлхийн аварга боллоо.
Гол өрсөлдөгч С.Байлз сэтгэл зүйн байдлаас болоод олимпийн наадмыг дундаас нь орхисон бол “Токио-2020”-ийн үнэмлэхүй аварга Суни Ли ДАШТ-д оролцолгүй амрахаар шийдсэн. Мөн “Токио-2020”-д хувийн олон төрөлтөд мөнгөн медаль зүүсэн Бразилийн Ребека Андраде Китакюшюд урьдчилсан үзүүлбэрт харайлт, өндөр нам савлуурт тэргүүлж, дамнуургад финалд шалгарсан ч чөлөөт үзүүлбэрт оролцохоос татгалзсанаар олон төрөлтийн финалд үлдэх боломжгүй болсон юм.
Харин А.Мельникова бүгдэд нь (боломжит таван төрөлд тавууланд нь) финалд шалгарч, олон төрөлтийн аварга боллоо.
ЗХУ-ын үеийг оролцуулахгүйгээр Ангелина дэлхийн үнэмлэхүй аварга цолыг хүртсэн ОХУ-ын гуравдахь гимтастикч болж байна. Өмнө нь Светлана Хоркина гурван удаа (1997, 2001,2003), Алия Мустафина (2010) нар энэ эрхэм алдрыг хүртэж байв.
“Китакюшю 2021” спортын гимнастикийн ДАШТ аравдугаар сарын 24-нд өндөрлөх бөгөөд маргааш эрэгтэй хувийн олон төрөлтийн аварга тодрох юм.
Сэтгэгдэл ( 2 )
Оросууд америкийг барахгуй олон сайн тамирчид бий
Uran saikhanii gimnastik bailgui dee.