Африкийн Ботсван, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад улсад илэрсэн коронавирусний 50 мутацтай шинэ омог дэлхийг түгшээж байна. Ихэнх нь өндөр халдвартай, вакцинд тэсвэртэй болохыг илтгэж байгаа бөгөөд ковидын бусад хувилбаруудтай харьцуулахад энэ омгийн S-уурагт хамгийн их буюу 32 мутац гарчээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ B.1.1.529 омгийг грекийн цагаан толгойн "Омикрон" үсгээр нэрлэв. ДЭМБ тус омгийг бусад омгоос илүү халдвартай гэж үзэн, “сэтгэл түгшээсэн” ангилалд оруулах шийдвэр гаргав. Тус омог эмчилгээний арга, вакцинд хэрхэн нөлөөлөх зэргийг судлахад хэдэн долоо хоног шаардагдах гэнэ.
ДЭМБ-ын техникийн багийн тэргүүн Мариа Ван Керкховегийн хэлснээр, “Омикрон” омгийн гарал үүслийн талаар одоогоор тодорхойгүй байгаа ч халдвар авсан өвчтөний дархлаа суларч, халдвараас бүрэн эмчлэгдэж чадаагүйн улмаас вирус бие организмд нь харьцангуй урт хугацаанд үржсэн байж болзошгүй гэж таамаглаж байна. “Омикрон” омог бий болсныг Хятад улсад 2019 -2020 онд коронавирус илэрч байсантай зүйрлэх боломжтой гэж Ван Керкхове үзэж байна.
ДЭМБ-ын мэдэгдсэнээр, PSR шинжилгээгээр “Омикрон” омгийг илрүүлэх боломжтой.
Оксфордын их сургуулийн профессор Жон Белл шинэ омог вакцин хийлгэсэн хүмүүст “ханиад, толгойн өвчин” зэрэг хөнгөн шинж тэмдгээр илэрч магадгүй гэж үзэж байна.
“AstraZeneca” вакцин бүтээх багийг ахлахсан Оксфордын их сургуулийн профессор Эндрю Поллард “Омикрон” вакцинжуулалтад хамрагдсан хүн амын дунд шинэ давлагаа үүсгэхгүй гэж үзэж байна.
Өмнөд Африкт одоогоор “Омикрон” омгоор халдварласан 100 орчим тохиолдол бүртгэгдээд байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус омог Хонконг, Израил, Итали, Герман, Австри, Чех, Нидерланд, Турк зэрэг улсад бүртгэгдээд байна.
Ихэнх улс орнууд тусгай үүргийн онгоцоор өөрсдийнхөө иргэдийг Өмнөд Африкаас татан авч эхэлжээ. Дараах улс орнууд шинэ омог бүртгэгдсэнтэй холбогдуулан хилийн хязгаарлалт тавьж эхлээд байна. Тухайлбал, ОХУ, Герман, Израил, АНУ, Их Британи, Сингапур, Бахрейн, Итали, Нидерланд, Морокко, Франц, Чех, Австри, Малайз, Саудын Араб, Швейцар, Турк, Канад, Египет, Аргентин, Бразил, Австрали, Унгар, БНСУ, Япон, Грек, Румын, Гүрж, Кувейт, Иран зэрэг улс Өмнөд Африк, Ботсван, Лесото, Намиб, Зимбабве, Мозамбик, Мадагаскар, Эсватини, Танзани зэрэг улсаас ирэх гаднын иргэдэд хилээр нэтрэх хязгаарлалт тавих, Өмнөд Африктай агаарын харилцаагаа түр зогсоох, ард иргэдээ татан авах, Африкийн зарим улс оронд зорчиход нь хязгаарлалт тавих зэрэг арга хэмжээг шуурхай аваад байна.
Сэтгэгдэл ( 0 )