Израилийн Тель Авив хот анх удаа дэлхийн хамгийн үнэтэй хотоор тодорчээ.
2020 онд “Worldwide Cost of Living от Economist Intelligence Unit” жагсаалтыг Хонконг, Цюрих хотуудтай хамт тэргүүлж байсан Францын нийслэл Парис хот энэ жил Сингапурын хамтаар хоёрт бичигджээ. Цюрих, Хонконг хотууд айргийн тавд шалгарсан байна. Эдгээр хотын араас Нью Йорк, Женев, Копенхаген, Лос Анжелес, Осака эхний аравт оржээ. Лондон хот гурван байр дээшилж, 17-т бичигдсэн бол Сидней 14, Мельбурн хот 16-т жагсжээ.
Өнгөрсөн онд тавд жагсаж байсан Тель Авив хот хамгийн өндөр өртөгтэй хотоор шалгарахад шекелийн ам.доллартой харьцах ханш өсөж, тээврийн үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Ираны нийслэл Тегеран хотноо АНУ-ын хориг арга хэмжээнээс үүдэлтэй үнийн огцом өсөлт ажиглагдаж, 79-р байрнаас 29-т бичигдсэн байна. Харин Ром хотод эсрэгээр хүнсний бүтээгдэхүүн, хувцасны үнэ буурснаар 16-р байраас 48-р байр руу буужээ.
Энэ жил тус жагсаалтад дэлхийн 40 хот шинээр нэмэгдэж орсон байна. Шотландын Эдинбург хот, Германы Штутгарт, АНУ-ын Сан Диего хотууд амьдрахад өртөг өндөртэй хотоор анх удаа нэрлэгдэж байна.
Сирийн Дамаск, Ливийн Триполи, Узбекистаны Ташкент хот амьдрахад хамгийн бага өртөгтэй хотоор шалгарчээ.
Сэтгэгдэл ( 0 )