Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаан (2021.12.14) 15 цаг 45 минутад гишүүдийн ирц 57.9 хувьд хүрснээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар 12 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.5-д “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан Улсын Их Хурлын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийн хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар батална” гэж, 10.6-д “Энэ хуулийн 10.5-д заасан дарааллыг үндэслэн хэлэлцэх асуудлын цаглаврыг Байнгын хороод баталж, мөрдүүлнэ” гэж тус тус заасны дагуу Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.
Тогтоолын төсөлд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тусгасан байв.
Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх сэдвийг баталлаа
Үргэлжлүүлэн “Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэ талаар Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хүрээнд төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх аудитын сэдвийг хууль тогтоомжийн дагуу болон төрийн аудитын бодлогоор хийгдэх сэдвээр ангилан төлөвлөлтийн өмнөх үеийн судалгаа, эрсдэлийн үнэлгээ, тооцоолол батлагдсан төсөв, хүний нөөцийн ажлын ачаалал зэргийг судалж боловсруулсан гэж байлаа.
Төрийн аудитын байгууллагаас Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан цаглаварт хугацаа буюу 2022 оны 1 дүгээр сарын 25-наас 6 дугаар сарын 15-ны хооронд улс, орон нутгийн төсөвт байгууллага, сан, төсөл хөтөлбөр, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор мэдээлэлдээ онцлоод газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад хийх аудитыг 2019-2021 оныг хамруулан аудитыг гүйцэтгэнэ гэв.
Мөн Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд “Улс, орон нутгийн төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”, Өрийн удирдлагын тухай хуулийн хүрээнд “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт, үр дүн” зэрэг сэдвээр улс, орон нутгийн төвшинд аудитыг нэгдсэн удирдамжаар гүйцэтгэхээр боловсруулсныг дурдаад 2022 онд гүйцэтгэх аудитын сэдвийг сонгохдоо Төрийн аудитын тухай болон бусад хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгэх аудитыг харгалзан төсөв, санхүү, хугацаа болон хүний нөөцийн чадавхдаа тулгуурлан иргэд, олон нийтийн анхааралд байгаа үнэн зөв хариу хүссэн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн эрсдэлтэй асуудалд урьдчилсан судалгаа, тооцоолол, дүн шинжилгээ хийж, төрийн аудитын байгууллагын бодлогоор 5 сэдвээр аудитыг гүйцэтгэхээр төлөвлөсөн гэж байв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Ж.Батсуурь, Ч.Хүрэлбаатар, Ж.Батжаргал нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс тогтоолын төсөлд УИХ-аас "Ковид-19" цар тахалтай холбогдуулан баталсан хууль, тогтоолын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний төсөв, зарцуулалт, худалдан авалт, үр ашиг болон өнгөрсөн хугацаанд Засгийн газар хоорондын шугамаар төрийн өмчийн компаниудад хэрэгжсэн гадаадын зээл, тусламжийн үр дүнд аудит хийхээр тусгагдсан эсэхийг тодруулав. Мөн улсын хэмжээнд газар олголттой холбоотой асуудал болон тусгай хамгаалалтаттай газар нутагт газар олгосон байдалд аудит хийхээр тусгагдсаныг лавлаж байлаа.
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хариултдаа, Үндэсний аудитын газар иргэд, олон нийтийн дунд судалгаа явуулж, тооцоо хийсний үндсэн дээр тухайн жилийн сэдвүүдийг сонгодгийг дурдаад Засгийн газраас "Ковид-19" халдварт цар тахлын үед хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн үр ашиг, зарцуулалтад хэр байсныг цогцоор нь авч үзэн нэгдсэн хариулт өгөхөөр 2022 онд гүйцэтгэх төслийн сэдвийн жагсаалтын 2 дугаар хэсэгт оруулсан гэж байлаа. Мөн гадны зээл тусламжийн хэрэгжилт, үр ашиг ямархуу байгаад аудит хийхээр сэдвийн хүрээнд оруулсан. Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн хүрээнд зээл тусламж, түүний үр өгөөжтэй холбоотой асуудлыг хамааруулж авч үзээд аудит хийх бололцоотой. Өнгөрсөн 2015-2019 онд улсын хэмжээнд газар олголт, эзэмших, өмчлөлт, Газрын тухай хуулиудын хэрэгжилттэй холбоотойгоор аудитыг 2020 онд хийсэн. Энэ аудитын давтан буюу хэрэгжилтийн түвшинг тандсан аудитыг дахин явуулахаар дотоод ажлын төлөвлөгөөнд тусгасан гэсэн хариултыг өгөв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан сэдвийн хүрээнд тусгагдсан төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр ашиг, төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд хийх аудитын хугацааг наашлуулах, төсөлд тусгагдсан Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгийн үр дүнд дээр нэмээд Таван толгой-Зүүн баян чиглэлд аудит хийхээр нэмэлт, өөрчлөлт оруулахаар болов.
Түүнчлэн Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх сэдвийн жагсаалтад Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Хөгжлийн банкны үйл ажиллагаанд аудит хийлгэх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь тусгай хамгаалалттай газар нутагт газар олголтын байдалд аудит нэмж хийх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнээр Байнгын хорооны тогтоолын төсөлд дээрх нэмэлт, өөрчлөлтийг нэмж тусган баталлаа.
Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив
Хуралдаан Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тус тус танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлаас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр"-ийг соёрхон баталснаар хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д заасны дагуу хэлэлцээр заасан агаарын хөлөг, түүний угсралтад ашиглах бүтээгдэхүүний импортод ногдуулах, эсхүл түүнтэй холбогдох гаалийн албан татвар болон бусад хураамжийг арилгах үүргийг" нэгдэн оролцогч тал хүлээснийг салбарын сайд танилцуулгадаа дурдаад дотоодын хууль тогтоомжид “Гаалийн албан татвар болон бусад хураамжийг арилгах" зохицуулалтыг тусгах зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.
Мөн "Хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийг эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл" гэж Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр"-ийн хавсралтад заасан бүтээгдэхүүнийг ойлгоно” гэх агуулга бүхий тайлбар нэмж, татвараас чөлөөлөх бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг хэлэлцээрийн хавсралтад зааснаар хязгаарлахаар хуулийн төсөлд тайлбар нэмж тусгасны зэрэгцээ хэлэлцээрт заасан бүтээгдэхүүний хавсралтыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ангиллын дагуу гаргахаар Засгиин газрын тогтоолын төслийн хамт боловсруулсан гэв.
Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар:
-агаарын хөлөг авах зардал 18-21 хувиар буурч, энэ зардлыг тийзийн үнэнд шингээхгүй байх нөхцөл бүрдэнэ. Ингэснээр олон улсын болон орон нутагт зорчих зорчигчийн тийзний үнэд зохих хөнгөлөлт бий болно.
-насжилт багатай агаарын хөлгөөр парк шинэчлэлт хийхэд дэмжлэг болж, нислэгийн аюулгүй ажиллагааны хангалтад эерэг нөлөөтэй;
-“МИАТ" болон бусад үндэсний агаарын тээвэрлэгч компаниудын хувьд гадаад улсын агаарын хөлөгт хийж буй агаарын хөлгийн засвар, үйлчилгээ өргөжиж, орлого нэмэгдэнэ;
-агаарын хөлгийн газар дээрх дадлагажуур, эд ангийг татвараас чөлөөлснөөр нисгэгч, инженер техникийн ажилтныг сургах, дадлагажуулах сургалтын төв байгуулахад дэмжлэг болж, сургалтын зардлыг зохих хувиар буурна;
-ачаа тээвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, түргэн тусламжийн нислэг гүйцэтгэх агаарын хөлгийн паркийг шинэчлэх, нэмэгдүүлэхэд тус дөхөм болно;
-хэрэглэгчдийн өргөн сүлжээ бүхий ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх, иргэний нисэхийн ажил, үйлчилгээний төрөл, зүйл өргөжиж, ажлын байр шинээр бий болох зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг Л.Халтар сайд танилцуулгадаа онцолсон.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Г.Амартүвшин нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс иргэний агаарын хөлөгт каргоны зориулалттай хөлөг хамрагдах эсэх, хуулийн төсөл батлагдвал ирэх оны улсын төсвийн орлого болон татвараас чөлөөлөгдсөнөөр зорчигчийн онгоцны тийзний үнэд өөрчлөлт орох талаар тооцоо, судалгаа хийсэн эсэхийг илүүтэй тодруулсан.
Зам, тээврийн сайд Л.Халтар хариултдаа, Иргэний зориулалттай гэдэгт зорчигч тээвэр болон карго ачаа тээвэрлэлийн онгоц ордгийг тодотгоод хуулийн төсөл хэлэлцэн батлагдсанаар 2022 оны улсын төсөвт ямар нэг санхүүгийн хүндрэл, өөрчлөлт орохгүй гэдгийг онцолсон. Мөн тэрбээр, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталснаар зорчигчдын нислэгийн тийзний үнэ 18-21 хувиар буурна гэсэн анхны тооцоолол гарсан. Түүнчлэн Буян-Ухаа нисэх онгоцны буудлыг олон улсын болон орон нутгийн нөөц буудал, "МИАТ" ХХК-ийн засварын бааз, сургалтын бааз, онцгой байдал, батлан хамгаалах, эмнэлгийн салбарын яаралтай нислэг үйлдэх гэсэн дөрвөн чиглэлээр ашиглахаар төлөвлөсөн. Иймд уг нисэх онгоцны буудлын технологийн зориулалтад байгаа 501 га газрыг Засгийн газрын хуралдаанаар оруулж улсын тусгай хэрэгцээнд авсан гэдгийг хариултдаа дурдав.
Ингээд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63,6 хувь нь тус тус дэмжив.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 4 )
Хөгжлийн банкны тэр их идэж уусан хулгайчидын асуудлыг яагаад дараад байдгийн бол.....QSC гээд дархан эрхтэй компани баынаа
Хөгжлийн банкны тэр их идэж уусан хулгайчидын асуудлыг яагаад дараад байдгийн бол.....QSC гээд дархан эрхтэй компани баынаа
Хөгжлийн банкны тэр их идэж уусан хулгайчидын асуудлыг яагаад дараад байдгийн бол.....QSC гээд дархан эрхтэй компани баынаа
Turiin albanii huuli murdduggui gazar daa. Ene Zandanbat gej ner muutai nuhriig solimoor doo