УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн /2021.12.30/ чуулганы нэгдсэн хуралдаанаар "Шинэ сэргэлтийн бодлогын батлах тухай" тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ.
Энэ үеэр Өмнөговь аймгаас парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР "Эдийн засгийн сэргээх энэхүү бодлогыг дэмжиж байна. Хоёр чиглэлээр асуулт асуух гэсэн юм. Нэгдүгээрт, бүтээн байгуулалт шаардлагатай усны асуудал байна. Хоёрдугаарт, боомтын асуудал байна. Ялангуяа боомт дотроо "Цагаан дэл-Уул" боомтыг шинээр нээх, бүтээн байгуулах, зам тавихтай холбоотой юм. Эхнийх дээр нь "Хөх морь" төсөл багтсан байна. Үүнд талархалтай байна. Энэ төсөлд ямар, ямар ажил хийгдэхээр тусгагдав. Хөрөнгө, санхүүжилтийг нь яаж шийдэхээр төлөвлөгдсөн бэ. Цаг хугацааны хувьд яаж төлөвлөж байна гэсэн асуулт байна. "Хөх морь" төсөл бол маш том, ач холбогдолтой төсөл юм. Говийн бүсийн цөлжилтийн эсрэг бүтээн байгуулалт. Говийн бүсийг усан хангамжаар хангахад маш хэрэгтэй. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг олон талын ач холбогдолтой.
Хоёр дахь нь, манай иргэд сонгогчдын ярьж байгаа нэг асуудал бий. Гуравдагч боомт буюу "Цагаан дэл-Уул"-ын боомтыг нээх шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Олон жил энэ асуудал яригдаж байна. Нутгийн иргэд энэхүү боомтыг нээлгэхгүй байх тал дээр олон удаа төрийн болон орон нутгийн байгууллагуудад асуудал тавьсан. Орон нутагтаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн Иргэдийн хурлаараа энэ асуудлыг хэлэлцсэн. Яагаад нээлгэхгүй байх шаардлага тавиад байна гэхээр Өмнөговь аймаг хоёр боомттой. Түүгээрээ уул уурхайн түүхий эдийг экспортод гаргаж байна. Одоо ажиллаж байгаа хоёр боомтоо өөд нь татах, хөгжүүлэх, дэд бүтцийг нь сайжруулах, экспортыг нь нэмэгдүүлэхэд хангалттай хоёр боомт бий гэж үздэг. Мөн говийн бүсийн ганц үлдсэн эко системд сөрөг нөлөө үзүүлэх байдал харагдаж байна. Энэ боомтыг нээхээр зам тавихаар зургаан сумын 70 орчим лиценд бий. Тэд ажиллаад эхлэхээр мал, ургамал, хүн амьтанд сөрөг нөлөө үзүүлнэ. Тогтоолын төслөөс энэ боомтыг хасах саналтай байна. Тойргоос сонгогдсон гишүүнийхээ хувьд малчдынхаа саналыг дэмжиж байгаа гэдгээ хэлье" гэлээ.
Үүнд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.УРТНАСАН "Өнгөрсөн хугацаанд "Хөх морь" төслийн 10 байршлыг тогтоож, эдийн засгийн тооцооллыг гаргаж авсан. Өнөөдрийн байдлаар урьчилсан ТЭЗҮ-тэй "Орхон онги" төсөл, "Хэрлэн тооно" төслийн ажил урагштай явж байна. Орхон онги гол дээр гурван усан цахилгаан станц барихаар болсон. Төсөвт хөрөнгө тавигдаагүй. Өнөөдрийн байдлаар "Хөх морь" төслийг ямар хэлбэрээр авч явах нэгдсэн зураг гарсан. Төслийн нэгж байгуулж авч явах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс 2022 оноос төслийн нэгж байгуулж ажиллахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Тээвэртэй холбоотой үнэлгээнүүдийг хийж байна. Мэдээж эрсдэл бий. Гэхдээ нарийвчилсан судалгаа хийж, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу ажиллана" гэх тайлбарыг өглөө.
Харин Сангийн сайд Б.ЖАВХЛАН "Н.Наранбаатар гишүүний яриад байгаа зүйлийг маш сайн ойлгож байна. Гэхдээ "Цагаан дэл-Уул" боомт бол эдийн засгийн маш их үр өгөөжтэй шүү. Одоо байгаа дээрээ нэмээд 15 сая тонн нүүрс гаргах боломжтой. Таны ярьж байгаа асуудал дээр ярилцаад байгаль орчны хор хохирлыг багасгах, эдийн засгийн үр өгөөжийг нь тооцоолно" гэсэн юм.
Тэгвэл Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ "Монгол Улсын эдийн засгийг өөрсдийнхөө нуруун дээр үүрч яваа өмнийн говийнхондоо талархаж байна. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний зовлон, улс төрийг ойлгож байна. Гэхдээ Өмнөговьчуудын хувьд хоёр зүйлийг ойлгох нь чухал байна. Нэгт, төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй явах тусам байгаль орчин хамгаалагдана. Дэд бүтэц байхгүй байгаа болохоор тэр олон машин явах тусам байгаль талхалт, тоос татсан асуудал үүсдэг. Хоёрдугаарт, байгалийн баялгаа олборлуулж байгаа орон нутаг төр засгаас илүү их дэмжлэг авах ёстой. Энэ бол шударга ёсонд нийцнэ. Тиймээс өмнийн говийг усжуулах асуудлыг одоо батлагдаж байгаа 20 төслөөс нэн тэргүүнд үзэж арга хэмжээ авна. Нэг зүйлийг онцгойлох хэлэхэд, Монгол Улс бие даасан ханлигаас бүрдсэн улс биш, нэгдмэл удирдлагатай улс. Өмнөговийн удирдлагуудад хандаж хэлэхэд, иргэдийн асуудлыг бид шийдэх ёстой. Харин тэнд байгаа хэдэн том толгойтой дарга нарын том төсөл зогсоох гэсэн улс төрийг хатуу эсэргүүцнэ. Өмнөговь аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын төлөөлөгч тэргүүтэй хэдэн нөхөд ямар нэгэн байдлаар улс төрийн ашиг хонжоо олох гэсэн зүйл гаргавал Ерөнхий сайдын хувиар хатуу тэмцэх болно. Төр засаг нэг шийдвэр гаргадаг. Гэтэл орон нутгийн иргэдийн хурал нь өөр шийдвэр гаргадаг. Засаг дарга нь бас нэг шийдвэр гаргаад улс төржөөд байдаг. Хувийн хэвшлийнхнээс ил далдаар авлига авдаг. Цалингаасаа хэд дахин өндөр үнэтэй хаус хотод авчихсан. Ийм нөхдийг цэвэрлэнэ" гэдэг хариулт өгсөн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Er.saidiig hoer garaa urgun demjij bn iimerhuu asuudal urgeljleed l garaad bn uchir ni hatuu arga hemjee avahgui bn jishee ni erdeneburengiin usantsahilgaan stantsiig zogsooh shiidver gargasan sumiin irgediin hural bn uund hatuu arga hemjee avah estoi zasgiin shiidveriig davsan alich shatnii hurliin shiidver bh esgui