Б.Пүрэвдорж: АН даргынхаа асуудлыг МАН-ын Ажлын хэсгээр шийдүүлэхгүй

2022 оны 01 сарын 12

УИХ-ын даргын 2021 оны 33 дугаар захирамжаар байгуулагдсан Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-аас баталсан холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг өчигдөр (2022.01.11) Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар сонслоо.

АН-ын тамганы асуудлыг хэлэлцэж байгаа учраас хуралдааны эхэнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, ЕНБД Ч.Өнөрбаяр нарыг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу хуралдаанд оролцохыг хуралдаан даргалагч зөвшөөрсөн юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ГАНИБАЛ:

Ажлын хэсгийн гурван гишүүн УБЕГ-ын архивын болон бичиг хэргийн хөтлөлттэй нь танилцсан. Тэнд олон алдаатай үйлдэл байна. Жишээлбэл, тамга тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргасан С.Эрдэнэ нь хяналтын дугаарыг дахин авах хүсэлт гаргасан. Харин улсын байцаагч нь энэ өргөдлийн хариуг өгөхдөө хяналтын дугаарыг нь шинээр гаргаж өгсөн алдаа гаргасан байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:

-Ардчилсан нам даргынхаа асуудлыг МАН-ын Ажлын хэсгээр шийдүүлэхгүй. МАН-ын олонхтой УИХ-аар шийдүүлэхгүй. Ардчилсан намын тамгыг будилуулах нь эрх баригчдаас тавьсан албан тушаалтны даргадаа барьж байгаа бэлэг. Энд асуудал шийдэх нь утгагүй.

Маргалдаж байгаа талууд МАН-ын дарга нар дээр очиж “Манай намын даргын асуудлыг шийдэж өг” гэдгээ болих хэрэгтэй.

Өөрсдөө л эвтэй бай, хэн нэгнээр хэрүүлээ битгий шийдүүл. Ардчилсан намын даргын асуудлыг МАН-тай алалцаж байж авдаг байхгүй юу. МАН-тай хэлэлцэж байж авдаггүй юм. Өөрсдөө дотроо учраа ол. Нэгэндээ буулт хий. Олон мянган гишүүн чинь харж байна. Энд асуудал шийдэгдэхгүй гурилдаад өнгөрнө. Өөрсдөө ажлын хэсэг гарга.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ:

-УБЕГ-ын даргаар Д.Дэлгэр­сайхан гэж хүн ажиллаж байгаа юм билээ. Энэ хүн мэдээллийн технологийн мэргэжилтэй, хуульч хүн биш. Намайг тэргүүн Шадар сайд байхдаа энэ агентлагийг хариуцдаг байхад дандаа хуулийн хүмүүс ажилладаг байсан. Энэ хүний дор Хуулийн этгээдийн дарга Ганзориг, хяналтын ахлах Чиймаа, хяналтын байцаагч Чинтулга гэж хүмүүсийн хийсэн ажил. Энэ бол ерөөсөө зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэгдэж байгаа явдал. Энэ гэмт хэргийг шалгаж тогтоох нь Ажлын хэсгийн ажил байсан. Энэ хэрэг зөвхөн бүртгэлийн байгууллага дээр л эцэслэгдэнэ.

Хяналтын байцаагч Чинтулга гаргасан дүгнэлтдээ “АН-ын тамгыг өгөхгүй байгаа асуудал нь тус газрын чиг үүрэгт хамаарахгүй. Тийм учраас холбогдох хууль, хяналтын байгуулагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна” гэсэн мөртлөө АН-ын тамга, тэмдгийг хүчингүй болгох гэсэн дүгнэлт гаргачихсан. Ингэж зориуд хоёр тамгатай, хоёр даргатай болгож тоглосон. Энэ бол арай хатуудсан тоглоом. МАН цаашаа энэ хэрэгт хутгалдахгүйгээр үлдье гэвэл энэ гэмт хэрэг хийсэн хүмүүсээ хамгаалахгүйгээр явуул.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ:

-Би Н.Алтанхуяг гишүүнд их харамсч байна. Та 2020 оны сонгуульд бие дааж орж ирсэн. Хуулиараа та Ардчилсан намыг төлөөлөх ямар ч эрхгүй. Сонгуульд өрсөлдөхдөө л бодох байсан юм. Төрийн байгууллагууд дээр очоод, дарамтлаад байж болохгүй. Н.Алтанхуягийг дэвшүүлнэ гээд байсан. Би болдоггүй юм гэж хэлсэн. Женкогийн заавраар явна аа л гээд байсан. Их ноцтой зүйл ярьж эхэлж байна. Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын нөхөн сонгууль ямар гар хөлийн үсгээр явсан бэ.

Ямар тамга тэмдгээр явсан бэ. Энэ хоёр сонгууль чинь хүчингүй болвол сонгогдсон хүмүүс чинь эргэлзээтэй байдалд орно. Та нар хууль биелүүлж ажиллах ёстой. Энэ улс орныг мөхөл рүү нь явуулахгүй шүү, нөхдүүд ээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН:

Тамгаа аваад зугтчихдаг, эсхүл цоожилчихдог байдал аль дээр Эрдэнэт үйлдвэрээс эхэлсэн. Энэ зүйл чинь явсаар байгаад одоо төрийн хэрүүл болох нь байна. Дахиж ингэж тамганы хэрүүл яриад суугаад байдаггүй болохын тулд үүнийг бид яаж зогсоох юм. Хэлээд байгаа шиг нь АН-ын дотоод хэрэгт МАН-аас оролцож үймүүлсэн юм үнэхээр байгаа юм уу. Энэ чинь цаашдаа явсаар байгаад улс төрийн хэрүүл болоод тэмцэл болчих вий дээ. Бид энд яагаад мөрдөн байцаалт явуулж байгаа юм шиг процесс яриад суугаад байгаа юм. АН-ынхан та нар СЕХ хүний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн юм бол Үндсэн хуулийн цэцэд ханддаггүй юм уу. Хууль зүйн байнгын хороонд ханддаг нь ямар учиртай юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР:

УИХ-ын гишүүн гэхээрээ л төрийн албан хаагчийг янз бүрээр доромжилох нь зохимжгүй. Б.Пүрэвдорж гишүүн “Намын асуудал нам дотроо” гээд хэлсэн. Ажлын хэсгийн гишүүний хувиар хэлэхэд энэ асуудал маань улс төрийн шинжтэй учраас хэзээ ч нэгдэн нийлж, нэг дүгнэлт гаргах нь хомс юм билээ. Тийм ч болохоор Ажлын хэсэг хоёр дүгнэлт гаргасан. АН-ыг улс төрийн хөгжлийн нэг багана, парламентед суудалтай, олон мянган гишүүнтэй, асуудлыг удаа дараа тавьж ярьж байгаа учраас энэ удаад хүлээцтэй хандаж Байнгын хороогоор ярьж байгаа гэж ойлгож байгаа.

Ер нь цаашдаа одоо байгаа 20, 30 улс төрийн намын асуудлаа нэг бүрчлэн байнгын хороогоор ярьдаг болох юм уу. Тийм болохоор энэ асуудлыг одоо ингээд зогсоох хэрэгтэй. Цаашдаа намынхаа асуудлыг дотооддоо шийдээд явахгүй бол МАН нь АН-аараа тоглоод байгаа юм шиг ойлголтыг олон нийтэд төрүүлэх хандлага явж байна. Тэр дундаа төрийн байгууллагуудыг хутгалдуулж байгаа нь зохимжгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ:

Ардчилсан намын өнөөдрийн асуудал бол бусад намуудыг ч гэсэн дайрч өнгөрсөн. МАН ч гэсэн тодорхой асуудлаас болж хоёр хуваагдаж, 10 жилийн турш тусдаа явж байгаад 100 жилийнхээ ойгоор нэгдсэн. Тийм учраас бид хаа, хаанаа зовлонг нь мэдэж байна. Намын бүртгэл, дотоод фракцуудын зөрчил тэмцэл, үзэл баримтлалын ялгаа намыг нэгэн цагт хагалдаг нь ойлгомжтой. Гэхдээ улс төрийн нам бол ардчилсан тогтолцооны гол инстутици, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх гол баталгаа учраас намыг төлөвшүүлэхийн тулд намууд хамтран ажиллах хэрэгтэй. Энэ асуудалд Дээд шүүх, төрийн байгууллагуудад МАН нөлөөлж, нэг талдаа шийдвэр гаргаад байгаа гэж дүгнэж болохгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР:

УИХ-ын Байнгын хороо улс төрийн үр дагавартай, шүүх дээр маргаан нь явж байгаа асуудал дээр ямар нэгэн шийдвэр гаргаж болохгүй гэдгийг би хэлсэн. Асуудал нь хаана байна, юу вэ гэдэг дээр харин дүгнэлт өгөх ёстой. Парламентийн намын асуудал яригдаж байгаа учраас Үндсэн хуульт ёсны асуудал яригдана. Ард түмэн хууль ёсны дагуу төрийн эрхээ барих, барихгүйтэй үр дагаварууд гарна. Тийм болохоор би зөвхөн энэ намын дотоод асуудал гэж хандахгүй байна.

Хэд, хэдэн асуудалд анхаарч, цаашдаа засах ёстой юм. Нэгдүгээрт, шүүх засаглал Үндсэн хуулийн дагуу ард түмэн засгийн эрх барьж байгаа, хууль тогтоох эрх эдэлж байгаа, тэр дундаа парламентийн намын асуудал дээр ямар статустай оролцох вэ. Бид шүүхийн хуульд “бүртгэнэ” гэж хийсэн. Бүртгэнэ гэдэг нь зөвшөөрнө гэсэн үг биш. Хэрвээ шүүх засаглал зөвшөөрөх харилцаанд орох юм бол шүүх засаглалтай тэр нам чинь Үндсэн хуулийн бус аргаар тэмцэх сэдэл рүү түлхэнэ. Цааш, цаашдаа тэр лавлагаа, тайлбар гэдэг юманд улсын Дээд шүүх өөрөө хариугаа өгдөг байх хэрэгтэй. УДШ-ийн Тамгын дарга бол УДШ биш. АН-ын зодоонд МАН баярлаад байгаа юм байхгүй. Баярлаад байх ч асуудал биш.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР:

Монгол Улсын улс төрийн тогтолцооны байж байгаа царай нь энэ. Энэ бантанд хутгалдсан хүмүүс нь энд нэг их гоё юм яриад суугаад байна. Хутгасан бантандаа тавтай морилцгоо. Энэ чинь шүүхийн биш улс төрийн танхим учраас асуудал шийдэгдэхгүй. Хоёр талын үзэл баримтлал, бодлыг хэн ч өөрчлөхгүй. Энэ Ажлын хэсгээс шийдвэр гарч болохгүй.

Та нар төрийн албан хаагчдыг дуудаж авч ирчихээд “Хэрэг хуучрахгүй” гээд заналхийлээд байгаа нь шүүхийн процесст нөлөөлөх гээд байна

. Наад үгнээс чинь энэ ххүмүүс айгаад эхэлчихсэн байна. Бидний хажуугаар хэн ч орж ирж хууль тогтоох ёсгүй шиг шүүх асуудлаа шийдэж байхад дундуур нь Их хурал орж болохгүй.   

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top