Дорнод аймгийн төр, орон нутгийн захиргааны болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хуралдааныг цомхотгосон хэлбэрээр агентлагуудад зохион байгуулж байна. Өнөөдрийн /2022.01.17/ хуралдаанаар аймгийн ЗДТГ-ийн Олон нийттэй харилцах албанаас “Нээлттэй утас-70582233” дугаарт ирсэн иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлт, энэ долоо хоногт болох үйл ажиллагааны тойм, Мал эмнэлгийн газраас 2021 онд хэрэгжүүлсэн ажил, 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллүүд хэлэлцэгдэв.
Мал эмнэлгийн салбарт өнгөрөгч 2021 онд Урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөлт, гүйцэтгэл, мал эмнэлгийн дуудлага үйлчилгээ, малын эрүүл мэндийн үзлэгийн гүйцэтгэл 90 хувьтай дууссан.
Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин, шүлхий, хонины цэцэг өвчнүүд оношлогдож, тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилласан байна. Аймгийн Мал эмнэлгийн газраас 2022 оныг “Манлайлал-Хариуцлага, Хамтын ажиллагаа”-ны жил болгон зарлажээ.
Цаг үеийн асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх ажлуудтай холбоотойгоор аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий нар Мал эмнэлгийн газар болон бусад агентлаг, хэлтсийн удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өгсөн юм.
Үүнд:
-Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх.
-“Манлайлал хамтын ажиллагааны жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан бусад салбар, агентлагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах.
-“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төлөвлөлт, зохион байгуулалтын ажлыг эрчимжүүлэх.
-Худалдан авах ажиллагааны ажлыг эрчимжүүлж ажиллах.
-Иргэдээс ирсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийн биелэлт, хэрэгжилтийг сар тутам АЗДТГ-ын Хуульзүйн хэлтэст хүргэж ажиллах.
-Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллах.
ЭХ СУРВАЛЖ: Дорнод аймгийн ЗДТГ.
Сэтгэгдэл ( 0 )