С.Чинзориг: Төр, хувь гэлтгүй бүтээгдэхүүнээ биржээр борлуулах ёстой

2022 оны 01 сарын 18

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг хуулийг Засгийн газар нэгдүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Тус хуралдаанаар гишүүдийн хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.


УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Уул уурхайн биржийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Нүүрсний гэрээ авна, зарна гэсэн асуудлыг ярьж, уул уурхайн компаниуд хилийн цаана компани байгуулж, ашгийг нь тэнд хүртдэг байдлыг ярих цаг нь болсон. Биржээрээ дамжуулж арилжаагаа явуулж байж бид зарж байгаа үнээс нь авах татвараа улсдаа бүрэн авах боломж бүрдэнэ. Авлигын асуудал ч гэсэн буурах байх гэж харж байна. Тавантолгойн нүүрс босоо аман дээрээ 120 ам.доллар байхад цаахан талд нь буюу хилийн цаана 400 ам.долларын ханштай байдаг. Энэ бүхнийг ярих цаг нь болсон. Бид хуулиа баталчихлаа гэхэд биржийн үйл ажиллагааг хаагуур яаж зохион байгуулах юм гэдэг өөрөө том асуудал. Гадны хуулийн этгээд Монгол Улсад хуулийн этгээдээ байгуулаагүй тохиолдолд банкны данс нээлгэх нь хязгаарлагдмал байдаг. Энэ талын зохицуулалтыг хэрхэн хий­сэн бэ. Нэг жилд хэдий хэр арил­жаа явагдана гэж төсөөлсөн бэ?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

-Ер нь бирж гэдэг тогтолцоо, тэр дундаа түүхий эд, уул уурхайн биржийн тогтолцоо шинэ зүйл биш. Бараг Монголоос бусад улс оронд бий болчихсон зүйл. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 198 таваарын бирж үйл ажиллагаагаа явуулдаг. Австралийн хөрөнгийн бирж л гэхэд таваарын худалдааг нэг платформ дээр хавсарч гүйцэтгэдэг юм билээ. Харин бусад нь тусдаа явдаг. Улсуудын бараа бүтээгдэхүүний биржийн хөгжлийг судлаад үзэхэд ашигт малтмал болон бүтээгдэхүүний төрлөөрөө салбарлаад хөгжих хандлагатай байгаа. Харин манай улсын хувьд Хөрөнгийн бирж дээр уул уурхайн биржийг ажиллуулахад шаардлагатай зөөлөн дэд бүтэц нь давхар ашиглаад явахад боломжтой юм билээ. Биржээ байгуулах эрх зүйн орчинтой болсны дараа Хөрөнгийн бирж, Хөдөө аж ахуйн бирж дээр цуг байлгах, эсхүл тусад нь байлгах эсэхийг ярилцаж болно. Ер нь таваарын бирж гэдгээрээ тусдаа байх бүрэн боломжтой. Энэ асуудлыг Засгийн газар дээр шийдэх байх гэж харж байна. Гадаадын хуулийн этгээд заавал Монголд төлөөлөгчийн газартай, түүгээрээ дамжуулж үйл ажиллагаанд оролцоно гэж хуульчилсан.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Эрдэс баялагийн биржтэй болох асуудал манайд ус, агаар шиг хэрэгтэй байгаа чухал хууль. Үүнийг бүрэн дэмжиж байгаа. Манайх шиг Эрдэнэт нь зэсээ үйлдвэрлэж, өөрөө борлуулдаг, Тавантолгой нь нүүрсээ өөрөө борлуулдаг газар дэлхийд хаана ч байхгүй. Ингэж улсын үйлдвэрүүд шууд борлуулалтаа хийхэд цаана нь авлигал нуугдаж байна. Биржийн үнэлгээ нь олон улсын жишгээр хоёр төрөл баймаар санагдаж байна. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, газар доорх баялаг гэсэн хоёр үнэтэй баймаар байгаа юм. Энэ тал дээр бодож үзэх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор Оюу толгой шиг газар доорхоо үнэгүйдүүлэх байдал бий болох вий.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Түүхий эдийн биржийг байгуулах амаргүй асуудал дээр санаачилга гаргаж ажиллаж байгаа Г.Ёндон сайдад баяр хүргэмээр байна. Харин үүнийгээ ажил хэрэг болгох хэрэгтэй. Энэ биржийг яагаад Хөдөө аж ахуйн биржтэй цуг явуулж болохгүй байгаа юм. Манай компаниуд гадаадын бирж дээр бүтээгдэхүүнээ зарж болох уу. Зар гэдгийг нь шаардаад явбал яадаг юм. Хамгийн гол нь өрсөлдөөн оруулж, үнийг нь ил тод болгоод үнийг нь өсгөх ёстой. Одоо бүтээгдэхүүнээ хоёр үнээр зарж байгаа гэсэн яриа бий. Татвар, гаалийнханд үзүүлэх зориулалттай үнэтэй нэг гэрээ, жинхэнэ зах зээлийн үнэтэй нэг гэрээ гэж байгуулдаг гэдэг. Үүнийг зогсоох ганц арга нь энэ бирж.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Зарчмын хувьд оруулж ирж байгаа хууль нь зөв. Гэхдээ та нар энэ хуулийг дагавал дага, дагахгүй байсан ч болно гэчихээр наадхыг чинь дагахгүй шүү дээ. Хэлэлцүүлгийн явцад энэ мэт асуудлаа сайн ярих хэрэгтэй. Биржээр бүгдийг нь борлуулдаг болчихвол дундын зуучлал, давхар гэрээ хийдэг асуудлууд цэгцэрнэ. Өнөөдөр булууны яс чаначихаад дээр нь хэдэн гурил хийгээд идэж байгаа хүмүүс ч байна. Тийм болохоор байгалийн баялагийн хүртээмжийг нийтэд хамруулдаг болох үүднээс биржийн тогтолцоог дэмжээд байгаа юм. Биржийн хууль чухал хууль учраас ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг хэлэлцүүлэгт оруулж болохгүй.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Бид Хөдөө аж ахунй биржийн тухай хууль батлаад арав гаруй жил болж байна. Гэтэл одоо өнөөх бирж нь өнөөдрийг хүртэл амь ороогүй байгаа. Яагаад амь орохгүй байгааг хуулийн төсөл боловсруулагчид судалж үзсэн байлгүй дээ. Энэ хууль хэрэгжсэнээр зөвхөн төрийн болон орон нутгийн оролцоотой этгээд уул уурхайн бүтээгдэхүүн борлуулна гэж заасан байна. Хувийн хэвшлийнхэний уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулж ч болно, борлуулахгүй байсан ч болно гэсэн ойлголт байна уу. Уг нь төр, хувь гэлтгүй биржээр борлуулах ёстой юм. Хувийн хэвшлийнхэн чинь үнээ тохиролцоод бууруулна. Үүнээс болоод биржийн чинь үнэ нь унах асуудал гарна. Биржийн арилжааны үнийг хил залгаа улсын хилийн боомтын үнээр зарлана гээд хуулиндаа бичсэн чинь өөрөө өрөөсгөл байна. Олон улсын биржийн үнэ ханш яагаад хамаарахгүй байгаа юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

-Манай уул уурхайн бүтээг­дэхүүний нийт экспортын 70 орчим хувийг төрийн өмчийн компаниудын бүтээгдэхүүн эзэлдэг. Нөгөө талаасаа хувийн хэвшлийнхэнийг нийтэд нь оруулъя гэхээр биржийн стандартыг хангахад хэцүү байгаа. Тийм ч болохоор эхний ээлжинд төрийн өмчийн компанийг хамруулаад хувийн хэвшлийнхэнийг нээлттэй үлдээсэн. Биржээр бүтээгдэхүүнээ борлуулахаа илэрхийлсэн хувийн хэвшлийнхэн ч байгаа. Манайх нийтдээ долоон төрлийн уул уурхайн бүтээгдэхүүн экспортод гаргадаг. Биржийн бүтцэд байх ёстой нэг зайлшгүй алба бол зах зээлийн үнийг тогтоох алба юм. Энэ алба нь дэлхийн бүх биржүүд дээр үнэ ямар байдлаар тогтож байгааг судалж тогтооно. Өнөөдөр жишиг үнэ гэж далайн боомтуудын үнийг зарлаад байдаг. Үүнээсээ болоод аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны түвшинд хүртэл нөлөөлөх хэмжээнд очсон. Тиймээс хил залгаа боомтууд дээр аваачиж өгөх үнийг зарлана. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Энэ хуулийг 100 хувь дэмжиж байгаа. Би ойлгохдоо манайх зах зээлийн чиг баримжаатай эдийн засагтай гэж ойлгодог. Одоо бол төрийн оролцоо 50 хувиас дээшээ гараад явчихсан юм билээ. Зах зээлийн эдийн засагт уг нь үнийг өрсөлдөгчид тогтоож байдаг. Харин манайд үнэ хэт доогуур байгаа нь төрийн өмчит компаниудад ажиллаж байгаа шударга бус хүмүүсээс болж байгаа юм. Тиймээс уул уурхайн биржтэй болгох нь төрийн үүрэг.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Цаг үеэсээ жаахан хоцорсон ч зөв зүйтэй хуулийн төсөл орж ирж байна. Дэлхий нийтэд 200-гаад жил болж байгаа харилцаа шүү дээ. Уул уурхайн бараа бүтээгдэхүүн хаалттай байдаг, гэрээ хэлэлцээр нь далд байдаг, үнэ нь өөр, өөр байдаг зэргийг шийдэхэд их чухал нөлөө үзүүлэх байх. Харин чухам яагаад төрийн өмчтэй гэж үзээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ:

-Өнөөдөр Монгол Улс уул уурхайн экспортоос бүрэн хамааралтай шахуу байгаа. Тэгсэн мөртлөө уул уурхайг эсэргүүцэх, дургүйцэх хандлага маш их байдаг. Яагаад гэхээр уул уурхайн салбар дахь эдийн засгийн эргэлт, экспортын орлогын мөнгөн дээр ил тод байдал алдагдсантай холбоотой. Тийм болохоор уул уурхайн бирж байгуулах нь хэдийгээр хоцорсон ч гэсэн үүнийг батлах зайлшгүй шаардлагатай. Ер нь төр татвар дээр тогтдог. 2007 онд Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн тодорхой ордуудын 10 хүртэлх хувийг Монгол хөрөнгийн биржээр арил­жаана гэж заасан. Гэвч энэ хууль одоог хүртэл хэрэгжихгүй байна. Өнөөдөр Уул уурхайн биржгүй байх нь тодорхой эрх мэдэлтнүүдэд ашигтай байгаа.  

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Монголчууд үйлдвэрлэгч биш учраас худалдаа хийж чадахгүй байна. Ашигт малтмалаа биржээр дамжуулж худалдана гэдэг маш зүйтэй. Харин биржээ маш сайн зохион байгуулах шаардлагатай. Биржээс зарлах үнийг хэрхэн тогтоох юм бэ. Хуурамч гэрээ хийгдэхээс хэрхэн сэргийлэх юм. Дэлхийн зах зээлийн үнэд хүргэж худалдаж чадахгүй байгаа асуудал байгаа. Энэ дотор тээвэр ложистикийн асуудлыг ярих хэрэгтэй. Мөн цаашдаа боловсруулалт хийж гаргах нь ашигтай.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top