БНХАУ Украин дахь нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

Хятадын эрх баригчид Украин дахь нөхцөл байдал хүндэрч байгаад ихээхэн санаа зовниж байгаа бөгөөд оролцогч бүх талын эрх ашгийг харгалзан асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг зорьж байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян баасан гарагт мэдэгджээ.

Түүний хэлснээр, Украины асуудлыг шийдэх тал дээр Бээжин чөлөөт, хараат бус, энх тайванч бодлого баримталж байна. Хоёр талын харилцааг хөгжүүлэхдээ гуравдагч талын эсрэг байр суурийг баримталдаггүй гэж Ли Көцян онцолжээ.

Хятад улс гал зогсоохын тулд яриа хэлэлцээ хийх тал дээр Орос болон Украиныг дэмжих чиглэлд бүхий л хүчин чармайлт гаргах шаардлагатай. Нөхцөл байдал улам хурцдаж, хяналтаас гарахаас зайлсхийх шаардлагатай.

Хятадын Засгийн газар өргөн хүрээний хүмүүнлэгийн хямрал үүсэхээс сэргийлэх зорилгоор Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байх болно.

Хориг арга хэмжээнүүд дэлхийн эдийн засгийг сэргэлтэд цохилт үзүүлж болзошгүй. Коронавирусний цар тахал дэлхийн эдийн засагт хүндээр нөлөөлсөн. Тиймээс хориг арга хэмжээнүүд дэлхийн эдийн засгийн сэргэлтэд цохилт өгч, бүх талуудад хохирол учруулна.

Хятад улс хараат бус, энх тайвныг эрхэмлэсэн гадаад бодлого явуулсаар ирсэн. Энэ үүднээс Хятад улс энх тайван тогтооход идэвхтэй үүрэг гүйцэтгэх, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахад бэлэн байна гэж Ли Көцян мэдэгджээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top