Өмнөд Солонгосын ахмад И Гун Украинд байлдаж байгаа юу?

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

Украины гадаадын цэргийн “International Legion of Territorial Defense of Ukraine” ангид элсэж, ОХУ-ын эсрэг байлдахаар явсан Өмнөд Солонгосын Тэнгисийн хүчний тусгай ангийн ахмад асан И Гун сүүлийн үед сураггүй болоод байгаа.

Түүний талаар цахим ертөнцөд Украины Львовт байгаа, алагдсан, Польшийн зочид буудалд байсан гэх зэрэг маш олон мэдээлэл гарч байна.

И Гуны менежер ойрдоо түүнтэй холбоо барьж чадахгүй байгаагаа хүлээсэн ч дээрх мэдээллүүдийг бүгдийг нь худал, И Гун тэргүүн шугаманд тулалдаж байгаа хэмээн үгүйсгэлээ.

Мөн худал цуурхал тараасан хэвлэл, хувь хүмүүсийг шүүхэд өгнө гэж сүрдүүлсэн байна.
 


БНСУ-ын ГХЯ-ны мэдээлснээр Украинд байлдахаар Солонгосын есөн иргэн Украинд очсон. Гэхдээ И Гуны хамт хил давсан хоёр цэрэг амь нас нь аюулд учрах нь гээд БНСУ-даа буцжээ.

Тэднийг хил дээрээс шууд ковидын карантинд оруулсан бөгөөд дараа нь хууль зөрчсөн хэргээр мөрдөн шалгаж эхэлсэн юм.

Харин саяхан  “International Legion of Territorial Defense of Ukraine” ангийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл хийхдээ солонгос цэргүүдийн талаар ярьсан нь анхаарал татлаа.

Тэрээр “Солонгосчуудаас гадна дэлхийн маш олон орноос сайн дурынхан ирсэн. Гэхдээ ямар орноос, хэдэн цэрэг ирсэн талаар нууц тул дурдаж болохгүй. Ямар ч гэсэн фронтын тэргүүн шугам дээр солонгос цэргүүд байлдаж байгаа. Хаана гэдгийг нь тэдний аюулгүй байдлын улмаас хэлэх боломжгүй. Харин И Гуныг дайны талбарт илгээгүй байгаа гэдгийг л хэлье. Гадаад цэргүүдээс хэн нэг нь амиа алдвал цогцсыг нь бид ар гэрт нь илгээх ч тэдний нэрийг нэг нэгээр нь зарлахгүй” гэж хэлсэн байна.

БНСУ дахь Украины ЭСЯ-наас өгсөн мэдээллээр нийт 100 гаруй солонгос хүн Украины талд байлдах хүсэлтээ ирүүлсэн гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top