Ван И: Бээжин, Москвагийн харилцаа хүнд сорилтуудыг амжилттай давлаа

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

БНХАУ, ОХУ-ын харилцаа шинэ он гарснаас хойш дэлхий дахины нөхцөл байдлын өөрчлөлтүүдээс үүдэлтэй шинэ сорилтуудыг амжилттай давж, нэгдмэл байр сууриа хадгалж, хөгжлийн бат бөх хандлагыг харуулж чадлаа гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хийсэн уулзалтын үеэр мэдэгджээ.

Түүний хэлснээр, хоёр улсын харилцаагаа хөгжүүлэх хүсэл эрмэлзэл улам бүр бэхжиж, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэх итгэл улам бүр батжив гэж Ван И онцолжээ. Тэрбээр хоёр улсын тэргүүн нарын тохиролцсон Хятад, Оросын стратегийн иж бүрэн түншийн харилцааг шинэ үед илүү өндөр түвшинд гаргах тухай тохиролцоог хэрэгжүүлэхэд С.Лавровтой хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн байна.

Сергей Лавров ОХУ хоёр талын харилцааг тогтвортой, эрчимтэй хөгжүүлэх сонирхолтой байна гээд хоёр улсын тэргүүн нарын тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн тодорхой алхмуудыг хэлэлцэхэд бэлэн гэжээ.

Олон улсын харилцааны түүхэн дэх онцгой хүнд үе шатны дараагаар олон улсын нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж, ОХУ, БНХАУ болон үзэл санаа нэгтэй улс орнууд олон туйлт, шударга, ардчилсан дэлхийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд хамт урагшлах болно гэж Лавров мэдэгдсэн байна. Тэрбээр Украинд явуулж буй цэргийн ажиллагааны үйл явцын талаар мэдээлэл өгчээ.

Талууд мөн Афганистан, Төв Ази дахь нөхцөл байдал, Ираны цөмийн хөтөлбөр, Солонгосын хойг зэрэг дэлхийн болон бүс нутгийн гол асуудлуудыг хөнджээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хятадын Туньши хотод пүрэв гарагт /2022.03.31/ болох Афганистаны хөрш орнуудын сайд нарын бага хуралд оролцох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top