Археологичид БНХАУ-ын хойд Шаньши мужид Тан улсын үед /618-907 он/ хамаарах эртний гурван булш олжээ.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, булшийг Шоужоу хотын ойролцоох тосгонд илрүүлжээ. Тус сууринд мянга гаруй жилийн өмнө газар тариалангийн соёл нүүдлийн соёлтой зэрэгцэн оршиж байжээ. Гурван булшны хоёрт нь гэр бүлийн хоёрыг оршоосон болохыг эрдэмтэд тогтоожээ.
Булшнаас шавар эдлэл, төмөр, чулуугаар хийсэн эд хэрэглэл, зэс зоос, мөнгөн гоёл, ясаар хийсэн сам зэрэг олдсон байна. Тан улсын үед уламжлалт шашин шүтлэг, бурхны шашны нөлөөгөөр бий болсон суварга хэлбэртэй тогоо олдсон нь археологичдын анхаарлыг татжээ. Нөгөө ертөнцөд ийм тогооноос талийгаачид хооллодог гэж үздэг байжээ.
Булшны хэмжээ, байршил, булшнаас олдсон эд зүйлсийн тоо хэмжээнээс үзвэл энгийн ардын булш байх талтай гэж Хятадын судлаачид үзэж байна.
Эл олдвор нь Зүүн Азид эдийн засаг, соёлын асар их нөлөөтэй байсан Тан улсын түүх, ахуйг илүү нарийвчлан судлах боломж олгож байна.
Сэтгэгдэл ( 0 )