Хүн бүрийн ярианы сэдэв болсон Тамгагүй Төр жүжгийн шинэхэн тавилтыг үзэж сонирхлоо. Үнэхээр онцгой болжээ гэж хэлэх байна! Мэдээж жүжгийн зохиолтой яриад байх зүйлгүй төгс төгөлдрийг нь мэдэх тул зүгээр л тэрхүү гүн философи,чамин тансаг хэллэг, гол санааг нь хэрхэн 1998, 2015 онуудад тавигдаж байснаас өөрөөр илэрхийлэх бол гэдэг л сонирхол татаж байлаа.
Жүжгээ үзэхдээ бүх үзэгдэл, хэсгүүдэд анхаарлаа хандуулж, юуг ч үлдээлгүй ажиглахыг хичээсний үр дүнд "цус, сүү хоёр амтагдаж, ханхалж, харагдаж мөн асгарлаа" хэмээн дүгнэнэ. Б.Лхагвасүрэн гуай тус зохиолдоо төрийн хүний эрхэм чанар, хүн байхын өндөр ёс зүй, эхийн хайр, хорвоогийн зовлон жаргалыг агуулдаг. Гэвч жүжгийн тавилтаас дүгнэвэл цуст төрийн тэмцэл, гэм нүгэл бүрийг улаан өнгөөр харин хатан хаан хоёрын хайр, эхийн сэтгэлийг сүү шиг цагаан өнгөөр дүрсэлсэн байх юм. Тийм ч учраас дүрүүдийн үг, жүжиглэлт, хөдөлгөөн бүхэн энэхүү эсрэг тэсрэг 2 чанарыг онцлохын тулд нэгэн бүхэл болон огтлолцжээ.
Физикл драма. Монголын драмын урлагт шинээр, илүү хөгжиж гарч ирж буй хөдөлгөөнт жүжгийн төрлийг анх удаа тултал нь мэдэрлээ. Зүгээр л олон бүжигчид хамтарч ажилласан бөөн, бөөн бүжиг, хурц шилдэг хөдөлгөөнүүд, сүр жавхаа дүүрэн болов уу л гэж төсөөлснөөс, бүжигчид жүжгийн тэр тусмаа тухайн үзэгдлийн салшгүй нэг хэсэг, тэр ч бүү хэл дүрүүдийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж, эд эс бүрийг нь төлөөлнө хэмээн санасангүй! Ямар уран яруу дэглэлт, мэдрэмж, илэрхийлэмж вэ? Жүжгийн зохиолоос хамаараад дүрүүдийн сэтгэл хөдлөл, мэдрэмж, бодож буй бодол, хүлээж авч буй reaction, хариу үйлдэл болгоныг зөвхөн өөрийн хөдөлгөөн, нүүрний хувирлаас бус бүжигчдийн бүжиг, хөдөлгөөнөөс илүү далайцтайгаар мэдрэх үнэт боломж олгосон нь гайхамшигтай!
Тус жүжгийн хувцаслалт хүртэл түүхийн судалгаатай, өнгө үзэмжийн хувьд ч гоёмсог мөн ухаалаг байлаа. Жижиг хэрэглэлүүдийг ч чамин бөгөөд үнэмшилтэй урласан нь гайхшрал төрүүллээ. Тус жүжигт бэлгэдлүүд маш их байдаг. Хаан төрийн суудлыг илэрхийлэх жавхлант шувуу, төрийн сүлд, тайзны дээр байрлуулсан зураг, нар, сар гэх мэт тухайн үеийн Хүннүгийн түүхтэй холбоотой бэлгэдлүүд байсныг тайзан дээр зөв шийдэлтэй гаргаж ирсэн байсан.
Үзэгдэл бүрт асар олон хүмүүсийн хүч хөдөлмөр, сэтгэл, оюун ухаан шингэсэн байгааг хараад шууд л мэдэрсээн. Үнэхээр манай театрын урлагт ийм чадварлаг найруулагч, жүжигчид, мэргэжилтнүүд байгаа учраас улам ихээр хөгжиж буйд нь талархаад, талархаад ханашгүй юм. Бүх уран бүтээлчдэдээ баяр хүргэж, талархсанаа илэрхийлье.
Физикл гэдэг утгаараа зай төлөвлөлт, гаралт оролт, зохицлуудаа тун нарийн тооцоолсон байгаа нь ил тод харагдсан. Манай тайз бага зэрэг жижигдэж байсан ч түүнийг том асуудал болголгүй харин ч эмх цэгцтэй, нүдэнд тааламжтайгаар ашигласан. Мөн үзэгдлүүдтэй бүжгээ яг таг тааруулсан байгаа нь тухайн жүжгийн уур амьсгалаас анхаарлаа ганц хором ч сатааруулах боломж олгоогүйг ихэд өндрөөр үнэлж байгаа. Тэр чигтээ тайзан дээрх дүрүүдийн амьдрал, тухайн моментод орж, улам ихээр дурлах боломжийг бүжгийн зохицлууд бүрдүүлсэн.
Урлаглаг. Зөвхөн бүжиг, тавилтандаа ч биш өнгө, харагдах байдал, тайзны зураг дээр маш сайн ажилласан байна лээ. Aesthetic art маягийн тайз засалт, гэрэл, өнгө бүрдүүлэлттэй учраас дан ганц жүжигт бус гоо зүй, урлагийн өндөр үзэсгэлэнг мэдрэн нүдээ баясгаж, тухайн мөчийг харцаараа залгилан сэтгэлдээ шингээхэд тусалсан гэмээр. Арын LED самбар, тайзны background, хөшиг, чимэглэл гээд бүгдээрээ тун урлаглаг, үзэсгэлэнтэй болохоор хамтран оршихдоо нэг нэгнээ чирж эсвэл чирэгдэлгүй тэнцвэртэй aesthetic дүрслэлээ хадгалсан.
Хөгжмийн зохиолчдын урласан ая, сонгосон элемент болгон нь мэдрэмжийн дээд түвшинд байлаа. Сэтгэл шимширч, өр өвтгөм хэсэгт үзэгчдийн сэтгэлд байгаа багахаан хоосон зайг зөв хэмнэл, аяар дүүргэж, ханасан мэдрэмжийг харамгүй хайрласан. Цаанаа л хүмүүний тэнэглэл, хайрын утга учир, хяслант тавиланг өрөвдөн гасалмаар тийм л эмгэнэлт жүжгийн нандин хөг эгшгийг бүтээсэн. Хэрвээ хөгжим байгаагүйсэн бол жүжиг тэр чигтээ түүхий, амтгүй байх байлаа. Өөрсдийн торгон мэдрэмжээр зөв үедээ, зөв мөчид, зөв хөгжмийн зэмсэг, дуугаралтаар биднийг Арчуг хааны эрэн зуунд аваачсанд нь талархмаар.
Гэрэлтүүлэгчид ч мөн адил өндөр мэдрэмжтэйгээр ажлаа гүйцэтгэсэн. Гол, гол хэсгүүдэд гэрлээ өгч, үзэгчдийн анхаарлыг хаана, хэзээ аваачиж, хэрхэн төвлөрүүлэх ёстойгоо мэдэж байсан. Техник технологийн хувьд ч гэсэн олон өнгийн гэрлүүд, дээрээс будрах цас, доороос савсан утаа гээд чадах ядахаараа цогц үзэсгэлэнг урласан гэж дүгнэмээр.
Найруулагч, жүжигчид, бүжигчид гээд бүх л уран бүтээлчид жүжгээ, зохиолоо тултал нь ойлгосон байна лээ. Жүжигчдийн тоглолтоос үнэн ханхалж байсныг онцлох нь зүйтэй. Бидний мэддэг гавьяат, соёлын тэргүүний ажилтан чадварлаг жүжигчид бус Арчуг хаан, Гүргэл хатан, Эгрэг түшмэл нар л тайзан дээр харагдсан. Тэд бүхнээ дайчилж яг тухайн дүрийнхээ амьдралаар амьдарч, өөрсдөд нь нуугдаж буй амин чанар, сүнсийг тултал нь гаргасан. Үнэмшилтэй байдалд нь автаад 'манай жүжигчид ямар чадварлаг байна вэ' гэж бодох ч сөхөөгүй жүжгэндээ орчихсон байснаа одоо ч тод санаж байна!
Б.Лхагвасүрэн гэх агуу найрагчийн суут бүтээлийг ингэж л дүрсэлж, илэрхийлж, найруулахгүй бол болохгүй шүү дээ гэмээр тансаг хэсгүүд нэлээд хэд ажиглагдсан. Эхлэл хэсгээсээ эхлээд л сүр жавхаан гялалзаж, гялтганасан нөсөр үзэгдлүүд зүрх булааж, илүү ихийг үзэхсэн гэх хүслийг бадраасан. Дараа нь гол санааг илэрхийлсэн бүжгийн хэлэмжүүдээр нүдээ баясгаж, 2 ханхүүгийн өсөж, том болох явцыг хүртэл тийм ухаалгаар шийдсэнийг бахдан суусан. Гүргэл хатан, Арчуг хаан нарын харилцаа, үг хэллэг бүр харц нь хүртэл танхим дүүрэн үзэгчдийг хайлуулсан гол хүчин зүйл байлаа. Тэдний дундах хайрыг их найрагч маань яруу тансаг бичсэн нь сонорыг минь мялааж өөрийн эрхгүй үзэсгэлэнг нь бишрэн нулимс цийлгэнэсэн.
Эцэст нь хатнаа хороохоор болж салах ёс гүйцэтгэн духаа нийлүүлэх мөчид өөрийн эрхгүй сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй. Тэрхүү үзэгдлийн зохиолыг уншихад харгис санагдаж болох ч жүжгийн хэсгийг харахад зохиолчийн харуулахыг зорьсон далд хэрнээ далай их хайрыг мэдэрч болохуйц! Дараа нь сүү шиг цагаахан Гүргэл хатан хорвоогоос хальж байгаа үзэгдэл дээр нисэж буй мэтээр тэнгэр өөд дүүлэхийг хараад нулимсаа арчин алмайраад хоцорсон. Доороос нь салхи үлээж, ханийнхаа хайрын ачаар эх дэлхийн зовлонгоос салж, ариун тэнгэр лүү жаргалтайгаар морилох тийм нандин зураглалыг тэгж л илэрхийлэхгүй бол хэзээ ч хангалттай болохгүй мэт.....
Ханхүүг хороож, Хүннү төрийг тэнэгээс чөлөөлөх аллагын цуст хэсэгт тэр олон жадыг барьсан байдал, бүжигчдийн илэрхийлэмж, дугуйран зогссон шүүлт, жүжигчдийн тоглолт нь ч онцгой байв.
Үүнийг л найруулагчийн ухаалаг шийдэл, мэдрэмжтэй тавилт, зохиолыг амилуулсан торгон мөчүүд гэж нэрлэх буй за.
British School of Ulaanbaatar / Улаанбаатар дах Бритиш сургууль 13-р ангийн сурагч Д.Эгшиглэн
Сэтгэгдэл ( 0 )