ДУНДГОВЬ: Хот хооронд зорчигч тээвэрлэдэг жолоочдын гомдлыг хэлэлцэв

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Улаанбаатар хот–Дундговь аймгийн хооронд суудлын автомашинаар зорчигч тээвэрлэдэг иргэдийн гаргасан гомдлын дагуу энэ сарын 18-ны өдөр Дундговь аймгийн засаг дарга Ц.Мөнхбат, Дундговь аймгийн Авто тээврийн төвийн дарга Ц.Хүрэлбаатар, Авто тээврийн хяналтын улсын байцаагч, замын цагдаагийн байцаагч, хот хооронд зорчигч тээвэр эрхэлдэг 30 гаруй иргэдийн хамтарсан уулзалт боллоо.

Энэ үеэр Авто тээврийн төвөөс Суудлын автомашинаар зорчигч тээвэрлэх нь Авто тээврийн тухай хууль болон Нийтийн тээврийн ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5012:2021 стандарт зөрчигдөж байгаа мөн Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн А/24-р тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм”-нд Хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлагад нийцсэн их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлнэ гэх хууль, стандарт, дүрмүүдийг зөрчиж байгаа талаар мэдээлэл хийв.

Уулзалтаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат иргэдийн гаргасан хүсэлтийн дагуу Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны Авто тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэмд өөрчлөлт оруулж, өмнө мөрдөж байсан дүрмийн дагуу стандартын шаардлага хангасан суудлын автомашинаар зорчигч тээвэрлэж болох асуудлаар хүсэлт явуулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top