Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолыг баталлаа

2022 оны 05 сарын 27

УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.05.26/ үдээс хойших хуралдаанаар  Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.  

Манай улсын мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2021 оны жилийн эцэст 67.3 сая толгойд хүрч, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарц нэмэгдэж байгаа хэдий ч бэлчээрийн хүрэлцээ, усны хомстол үүсэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй хавсарснаар газрын доройтол, цөлжилт эрчимжин, улмаар малын ашиг шим, бүтээгдэхүүний гарц буурах шалтгаан болж байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдаад Монгол Улсын Их Хурлын 2020 оны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталсан. Малын тоо толгойн албан татварын орлогын эх үүсвэрийг бэлчээрийн менежмент, малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамж, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулах асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуульд заасан хязгаарт багтаан татвар тогтоох эрхийг олгосон гэлээ. 

Тэрбээр, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.1 дэх хэсэгт “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна” гэж заасан ч татварын хэмжээг үл харгалзан газар тариалангийн бүс нутагт уламжлалт бэлчээрийн мал сүргийн тоо жил бүр өсөж, бэлчээрийн даац хэтэрч байгаа нь тариалангийн талбайн хөрсний үржил шимийг бууруулах, элэгдэл эвдрэл үүсгэх, тариалангийн технологи нэвтрүүлэх боломжийг алдагдуулж байна. Мөн тариалангийн талбайд мал сүрэг олноор орсноор ургацад их, бага хэмжээний хохирол учруулж, малчид, тариаланчдын хооронд зөрчил үүсгэж байгаа тул газар тариалангийн бүс нутагт малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг бусад бүс нутгаас өөрөөр тогтоох шаардлага үүсээд байгааг онцлоод Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “хэмжээ нь” гэсний дараа “тариалангийн бүс нутагт 0-10000 төгрөг хүртэл, бусад бүс нутагт” гэж нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, орон нутгийн төсөвт төвлөрсөн татварын бүрдүүлэлтийн талаар, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал өндөр ашиг шимтэй малд ногдуулах албан татварыг бэлчээрийн малаас бага хэмжээгээр ялгавартай тогтоодог байх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, хөгжүүлэх асуудлыг тусгайлан төрийн бодлогоор дэмжих талаар, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир өрхийн аж ахуй эрхлэгч ард иргэдийн дулаан, цахилгааныг хөнгөлж, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх талаар, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор "Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн тухай, татварын хэмжээг нэмснээр асуудал шийдвэрлэгдэх эсэх, тухайн асуудал хариуцсан яам бодлогоо цогцоор нь оновчтой тодорхойлох талаар, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тариалангийн бүс нутгийг дахин нягталж шинэчлэн тогтоох боломжийн талаар, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед малын тоо толгойн албан татварыг нэмэх нь зөв эсэх талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн төвлөрүүлсэн татварын зарцуулалтыг хуульд тусгах, уг хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар холбогдох яам тодорхой чиглэл гаргаж сумдад хүргүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой зардлын тодорхой хувийг орон нутгийн төсвөөс шийдвэрлзх, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн улсын хэмжээнд малын тоо толгойн албан татварыг тэгш, ялгамжгүй тогтоож Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэх, дээд хязгаараас илүүтэйгээр доод хязгаарыг еөрчлөн тоггоох нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан хэмээн танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Т.Аубакир, Мал аж ахуй эрхэлж буй иргэдийн газар тариалан эрхлэгчдэд үзүүлсэн хохирлын талаар гаргасан тооцоо, судалгаа бий юу хэмээн лавласан. Тэрбээр, газар тариалан эрхлэгчид, малчид зөрчилдөж, энэ хоёр салбар нэг нэгнээ залгиж байна. Энэ хоёр салбараа тусгаарлахгүй бол хүнсээ дотооддоо тогтвортой хангах бодлого хэрэгжихэд хүнд болно. Тиймээс газар тариалангийн бүс нутагт малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг бусад бүс нутгаас өөрөөр тогтоохыг дэмжиж байна гэлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Уламжлалт мал аж ахуй, газар тариалангийн бүс нутагт зэрэгцэн байх боломжгүй байгаа юм. Мал аж ахуйн салбар газар тариалангийн салбараа татаж унагаах эрсдэл бий болоод байгаа учраас энэ хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлж байна. Салбарын яам, тариалан эрхлэгчдийн холбооноос хийсэн судалгаагаар жилд зөвхөн улаан буудайн ургацын 25 хувийг малд идүүлж байна. Жилдээ 460-500 орчим мянган тонн үр тариа авдаг гэдэг ч үүний 25 хувийг мал идчихэж байгаа. Ганц үр тариа идээд байгаа юм биш. Хаврын тариалалтыг хийхийн тулд технологийн дагуу хөрсний чийг хадгалах сүрлэн хучлага тавьдаг. Гэтэл үүнийг нь намрын тариа хураалтын дараа мал ороод идчихдэг. Хөрсний чийгийн асуудлаас болоод хаврын тариалалтын хугацаа сунах, ургацын хэмжээ буурдэг гэх зэрэг асуудлыг тооцвол учруулсан хохирлын хэмжээ өндөр гарна. Тиймээс тариалангийн бүс нутагт малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг өөрчлөх хуулийн төслийг оруулж ирсэн гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Н.Ганибал, Тариалангийн бүс нутагт малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг өөрчилснөөр бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа малчдыг шахаж байна гэсэн асуудал гарна. Татвар нэмээд орхих биш, газар тариалангийн бүс нутагт буй малчид хаашаа нүүх, тэдэнд ямар боломж олгохыг бодлогын түвшинд гаргах нь зөв байх. Үүсч буй асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх асуудлаар дараагийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахаар тогтон санал хураалтыг түр хойшлууллаа.

ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЯВУУЛЛАА

Дараа нь Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Төсвийн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн гэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр бүтэц, найруулга, хууль зүйн техникийн эасварын чанартай санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд зарчмын зөрүүтэй саналын нэг томьёоллоор санал хураалт явуулан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай,  Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдийг тус бүрээр нь хэлэлцсэн юм.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцуулсан юм.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

“ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА

Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2022 оны 14 дүгээр тогтоолоор байгуулсан “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.  

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан.

Монгол Улсын Их Хурал 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Хөгжлийн банкны асуудлаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоол баталсан билээ.

Улмаар уг тогтоолоор баталсан хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтээ УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлснийг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналыг үндэслэн боловсруулсан тогтоолын төслийн тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явууллаа хэмээн танилцуулсан.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх явцад Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал илэрхийлээгүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлсний дараа санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг эцэслэн баталлаа. Уг тогтоолоор Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэмсэн юм.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Төсвийн байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн бөгөөд төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авсан хэмээн УИХ-ын гишүүн Д.Өнөрболор танилцуулсан.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Баттөмөр нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хууль тогтоолын төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ

Үргэлжлүүлэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин танилцууллаа.

Байнгын хорооны 2022 оны 02 дугаар тогтоолоор хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингээр ахлуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Ажлын хэсгээс хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй санал болон УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Г.Ганболд нараас гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top