“Perseverance” аппарат Ангараг дээрх амьдралын эрэлд гарав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

Ангараг гарагийн Эзеро тогоонд бууснаас хойш 15 сарын дараа НАСА агентлагийн “Perseverance” өөрөө явагч даалгаврынхаа гол үе шатанд шилжиж байна. Тус аппарат Улаан нүдэн гараг дээрх амьдралын ул мөрийн эрэлд гарчээ.

“Perseverance” аппарат 2021 оны хоёрдугаар сард тус гарагийн эртний голын бэлчрээс хэдхэн км зайд буусан. Ангараг гараг дээрх эхний саруудыг хөлөг Езэро тогооны ёроолыг судлах даалгавар гүйцэтгэж, магмын чулуулгаас бүрдсэн болохыг тогтоосон. Голын бэлчир дэх нарийн ширхэгтэй хөрс нь эрт дээр үед тус гараг дээр амьдрал байсныг батлах магадлалыг нэмэгдүүлж байгаа тул эрдэмтэд ихээхэн найдвар тавьж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрөө явагч голын бэлчирт хүрч, аргиллит гэгдэх саарал өнгөтэй чулуулгийн үе давхарга болон том ширхэгтэй элсэн давхарга илрүүлжээ. Ирэх хэдэн сард “Perseverance” голын бэлчрийг судлах аж. Энэ үеэр эрдэмтэд хаана өрөмдлөг хийж, чулуулгийн дээж цуглуулахыг шийдэх юм. НАСА агентлаг Европын сансар судлалын агентлагтай хамтран Ангараг гарагийн хөрсний дээжийг Дэлхийд авчрах бэлтгэл ажлыг хангахаар төлөвлөж байна. Хүн төрөлхтний түүхэнд бичигдэх энэ үйл явдал 2033 оноос хойш тохионо.

Тавдугаар сарын 28-нд “Perseverance” Езэро тогоон дахь голын бэлчрийн хад асганаас 5 см голчтой чулуулгийн дээж өрөмдөн авчээ. Голын бэлчир олон тэрбум жилийн өмнө үүссэн бөгөөд алга болсон голын урсгал Езэро тогоонд тунадас үүсгэсэн байна. Тиймээс НАСА агентлаг өөрөө явагчийг энд буулгажээ. Дэлхий дээр голын тунадсанд амьдрал буцалж байдаг байна. Аппаратын авсан дээжийн гэрэл зураг дээр нарийн ширхэгт чулуулаг гарсан нь амьдралын химийн болон бусад ул мөрийг агуулж байж магадгүй гэж эрдэмтэд найдаж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.45) 2022 оны 06 сарын 04

Ангарагийн хөрс чулуулаг нь дэлхийнхтэй төстэй ч юм шиг. Гэхдээ тэнд амьдрал байхгүй юм шиг харагдаж байна. Агаар хүчилтөрөгч байгаа эсэхийг судалсан юм болов уу?

0  |  0
зочин(64.119.19.249) 2022 оны 06 сарын 04

Ангарагийг харсан чинь эх дэлхийдээ улам их хайртай болчихлоо,

0  |  1
Top