Дорнод аймгийн Чойбалсан хотод газрын тос боловсруулах “Дорнод газрын тос” төрийн өмчийн оролцоотой компани байгуулахыг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ.
Компанийн хувийг эзэмших аж ахуйн нэгжийг зохих журмын дагуу сонгон шалгаруулж, компанийн дүрмийг батлахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт даалгав.
Өнөөдрийн байдлаар газрын тос боловсруулах олон санал ирсэн ч техник, технологийн шаардлага хангах техник, эдийн үндэслэл боловсруулсан аж ахуйн нэгж цөөхөн байна.
Дархан хотод 2 сая тоннын, Рашаант өртөөнд 300 мянган тоннын, Дорнод аймагт 120 мянган тоннын, Дорноговь аймгийн Зүүнбаянд 330 мянган тоннын, мөн Зүүнбаянд 50 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэр барих төслүүд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, сүүлийн үеийн технологитой, тунгалаг бүтээгдэхүүний гарц 80 хувь, Европын хэд хэдэн стандартад нийцэж байна.
Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд 28-600 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд үйлдвэр барих хугацаа нь хүчин чадлаасаа хамаарч 1,5-4 жил болох судалгаа гарчээ. Дээрх төслүүд хэрэгжсэнээр 1000 гаруй ажлын байр шинээр бий болох боломжтой юм.
Иймд газрын тос боловсруулах үйлдвэрийг төрийн эзэмшлийн оролцоотой, түүхий эдийн найдвартай эх үүсвэртэй, хараат бус, бага хүчин чадлаар нэн даруй байгуулах шаардлагатай гэж Засгийн газар үзэж байна
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )