ОЛОН ӨНГӨ: Нүүдэлчид ган гачигт наадаж байсангүй

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 30

Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдах цаг дор олон түмний зүрхэнд баяр наадмын уухай эгшиглэсэн гэдэгтэй маргах хэрэггүй. Монголын төрт ёсны их баяр наадам эхлэхэд цөөн хоног үлдэж байна. Хур бороо алагтай цоогтой байгаа ч нийт нутгийн ихэнх хэсэгт хур бороо хайрлажээ. Тэр тусмаа нийслэл хотыг тойроод чамгүй хур бороо орлоо.

Тэгэхээр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр өргөн дэлгэр болно. Түүнээс бус монголчууд ган гачигт наадаж байсан түүх байхгүйг эрдэмтэн мэргэд тэмдэглэн үлдээжээ. Учир нь нүүдэлчдийн сэтгэлгээнд хур бороо юу юунаас чухал бөгөөд хур бороо, цэцэг ногоо дагасан төрт ёсны баяр төдийгүй найр хуримаа ч хийдэг байсан түүхийг дурдсан.

Дээр хөхрөгч тэнгэрийн араншин, хур борооны ая харах нь монголчуудын нэгэн онцлог аж. Өдгөө цагт ч баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэхийг дөхүүлэн гантай газар нь уул овоогоо тахиж, газар дэлхийгээ аргадаж ирсэн уламжлалтай. Энэ жил 100, 101 жилийн ойн баярыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх бол Дорноговь, Сэлэнгэ, Сүхбаатар гэсэн аймгууд ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлнэ. Зарим нэг тэмдэглэлт ойн баяр ч давхацаж байгааг дуулгана лээ.

Тухайлбал, Дорноговь аймагт одоогийн байдлаар хур бороо тааруу, гандуу байгаа учраас нутгийн түмэн дор бүрнээ шүтдэг уул ус, хайрхан шүтээнээ тахиж байгааг дуулгаж байна. Нөгөө талаар өнгөрөгч хоёр жил цар тахлын улмаас баяр наадмаа тэмдэглэж чадаагүй учраас нийт түмэн баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэхийг хүсэж байгаа. Гагцхүү баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэхийн тулд хур бороо элбэг, цэцэг ногоо дэлгэрсэн зун болохыг л хүсэж байна. Үнэн хэрэгтээ баяр наадмаас илүүгүй зуны дэлгэр цагийг хүсдэг нь монголчуудын амьдралын хууль байсаар иржээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.82.203) 2022 оны 06 сарын 30

Тийм байсан байж магадгүй ээ, байгалийнхаа аясыг харж дагаж амьдарч байсан хүмүүс ш дээ, Бид хэт их тэлцалгүй өөрсдийн бүтээсэн соёлоо гайхалтай ухаалгаар авч үлдэх ёстой. Бусдыг ч үгүйсгэх хэрэггүй. Дэлхий улам л нэгдэнэ. Мэдээлэл биднийг хүн гэдгээр минь нэгтгэж байгаа.

0  |  0
Top