ДОРНОД: Зуны сувилалд 1-3 хүртэлх насны 400 хүүхдийг хамруулна

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 25

Дорнод аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар зорилтот бүлгийн болон суурь өвчлөлтэй хүүхдүүдийг зуны сувилалд хамруулах ажлыг 2018 оноос эхлэн зохион байгуулж байна.

Жил бүр 350-400 хүүхэд хамруулдаг ба энэ онд хоол тэжээлийн хурц болон архаг дутагдлаас үүдэлтэй сульдаа, жингийн алдагдал, цус багадалт зэрэг суурь өвчтэй онцгой асаргаа сувилгаа шаардлагатай 1-3 хүртэлх насны нийт 400 хүүхдийг хамруулахаар төлөвлөсөн.

Өнөөдрөөс /2022.07.25/ эхний ээлжид Хэрлэн сумын ӨЭМТ-ийн хяналтад байдаг, суурь өвчтэй болон зорилтот бүлгийн 80 хүүхэд, Баяндун, Баян-Уул, Булган, Гурванзагал, Дашбалбар, Матад, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Чулуунхороот, Чойбалсан, Халхгол, Баянтүмэн, Сэргэлэн сумдын ЭМТ-ийн хяналтад байдаг 235 хүүхдийг тус тус хамруулаад байна.

Сувиллаар хоол тэжээлийн хурц болон архаг дутагдлаас үүдэлтэй рахит, тураал, цус багадалт зэрэг суурь өвчтэй онцгой асаргаа сувилгаа шаардлагатай хүүхдийг стандартын дагуу сувилах чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх, сэргээн засах чиглэлээр мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

Мөн эцэг эх асран хамгаалагчдад зөв зохистой хооллолт болон асран хамгаалалтын тухай мэдлэг хандлага дадлыг төлөвшүүлэх, сувиллын дараах жин нэмэгдэлт болон эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг тодорхойлох мэдлэг чадварыг эзэмшүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top