В.Зеленский ОУАЭА-ийн төлөөлөгчидтэй уулзав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 31

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Олон улсын атомын энергийн агентлагийн дарга Рафаэл Гросси тэргүүтэй шинжээчдийн багтай уулзжээ. ОУАЭА-ийн төлөөлөгчид Запорожийн атомын цахилгаан станцын нөхцөл байдалтай танилцахын өмнө Киевт ирээд байна.

Зеленский “Өнөөдөр Запорожийн атомын цахилгаан станцыг тойрсон нөхцөл байдал Украины төдийгүй дэлхий дахины хувьд аюулгүй байдлын тэргүүн зэргийн асуудал болоод байна. Станц дээр дэлбэрэлт гарах, цөмийн реакторуудын үйл ажиллагаа тасалдах, станцын блокуудыг Украины эрчим хүчний сүлжээнээс салгах өндөр эрсдэл бий. Тиймээс Украины тал ОУАЭА-ийн шинжээчид тус станцад орж, дэлхийн хэмжээний аюулаас сэргийлэхийн тулд боломжтой бүхнийг хийхийг хүсэж байна” гэжээ.

Тус байгууллагын төлөөлөгчдийн баг 15 орчим шинжээчдээс бүрдэж байгаа бөгөөд НҮБ-ын ложистик, аюулгүй байдал хариуцсан ажилтнуудаас бүрдсэн томоохон баг дагалдаж байна. Шинжээчид станцад учирсан хохирлыг үнэлж, объектын аюулгүй байдал, хамгаалалтын системийн ажиллагааны найдвартай байдлыг тодорхойлох юм. Түүнчлэн, станцын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийн үнэлэн, Запорожийн атомын станцын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ шуурхай авна. Украины Энергодар хотод байрладаг Запорожийн атомын цахилгаан станцыг Оросын цэргүүд хяналтад аваад байгаа билээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам сүүлийн өдрүүдэд Украины хүчнүүд станцын бүс рүү хэд хэдэн цохилт өгсөн гэж мэдээлж байгаа бол Украин Оросын талыг буруутгаж байгаа юм. Ихэнх цохилтыг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системүүд хааж байгаа боловч объектын дэд бүтэц, цөмийн хог хаягдлын агуулах сумд өртөж байгаа тул цацраг алдагдах аюул үүсээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top