ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд Украин дахь нөхцөл байдлын талаар үг хэлэв.
Тэрбээр Киевийн Донбасс дахь энгийн иргэдийг хөнөөж буйг үл тоомсорлон, ОХУ-ыг түрэмгийлэгч болгохыг хичээж байна. Украины эрх баригчид Герман, Франц, АНУ-ын тусламжтай шийтгэлээс зайлсхийж байна. Өрнөдийн орнууд Киевийн энэ увайгүй үйлдэлд нүдээ аньж, хараагүй мэт өнгөрөөж байсан. Өдгөө Украиныг зэвсгээр ханган, улмаар мөргөлдөөнд оролцогч тал болж байна гэж Лавров мэдэгджээ. Ингэхдээ эдгээр улс орнууд Оросыг сулруулахын тулд хүний амь, сүйрлийг үл тоон, цэргийн ажиллагааг аль болох удаан үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа ил мэдэгдэж байна.
Лавровын хэлснээр, Украин олон улсын конвенцуудаар хориглосон “Лепесток” явган цэргийн эсрэг мина ашиглаж байна. Өрнөдийн орнууд Киевийн гэмт хэргийг хаацайлж байна. Тэрбээр мөн Оросын цэргүүдийг гэмт хэрэгт буруутгахыг оролдож буй Олон улсын эрүүгийн шүүхийг буруутгав. Гэтэл эл шүүх Украин дахь төрийн эргэлт, 2014 оны тавдугаар сарын 2-ны Одесс дахь харгислал, Донбассын энгийн иргэдийг хөнөөж буй хэргийн талаар арга хэмжээ авахгүй байна гэв. Гэрэл зураг, бичлэг дээрх Бучад үхсэн хүмүүсийн нэрсийг Киев зарлахгүй байна гээд НҮБ-ын тэргүүн Антонио Гутерришд хандан, энэ асуудлыг шийдэхэд туслалцаа үзүүлэхийг хүсэв.
Украины талд байлдаж буй гаднын хөлсний цэргүүдийн талаар Лавров аль улсын иргэн байхаас үл хамааран энгийн иргэдийг хороосон гэмтнүүдэд хариуцлага тооцох болно гэж мэдэгдэв.
Донбасс, Запорожье, Херсон мужид явуулж буй бүх нийтийн санал асуулга нь Владимир Зеленскийн оросуудыг Украинаас гарахыг уриалсан уриалгын хариу юм хэмээн Лавров онцолжээ. Тэрбээр Зеленский хэвлэлд ярилцлага өгөхдөө өөрийгөө орос хүн гэж боддог хэнбугай ч үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө Украинаас зайлах ёстой гэж мэдэгдэж байсныг сануулав. Украины эдгээр мужуудын оршин суугчдын шийдвэр Зеленскийн хүсэлд барих хариулт юм гэж Лавров онцолжээ.
Тэрбээр Москва Украиныг Оросын аюулгүй байдалд заналхийлэх талбар болгохыг өрнөдийн орнуудад зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.