Цэргийн зарлан авсан Оросын тамирчид

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 29

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 21-нд хэсэгчилсэн цэрэг татлага зарласнаас хойш Орос орон бужигнаж эхэлсэн. Одоогийн байдлаар 200 мянган иргэн дайчилгаанаас зугтаж, эх орноо орхиод байгаа гэсэн мэдээлэл бий. Монгол, Казахстан, Гүрж улсууд оросуудаар дүүрч, тэднийг жуулчин гэж үзэх үү, дүрвэгч гэж харах уу гэдгээ шийдэж чадахгүй эргэлзсээр байна.

Яг хэн цэрэгт татагдах талаар бүрхэг зүйл их тул алдаа мадаг ч их гарч байгаа аж. Ингээд ОХУ-ын спортын салбараас ямар тамирчид зарлан дуудах хуудас аваад байгааг сонирхуулъя. Энэ жагсаалт өдөр тутам нэмэгдсээр байна.

ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч асан 37 настай Динияр Билялетдинов зарлан авсан хамгийн алдартай тамирчин. Зарланд түүний ажлын байрыг “Спартак” баг гэж заасан байсан ч Динияр энэ багийг 2015 онд орхисон байгаа. Дайчилгаанд цэрэгт алба хааж байсан хүнийг татна гэж заасан. Динияр 19 жилийн өмнө албаа хаасан ч тамирчны шугамаар хоёр жилийг өнгөрөөжээ. Түүний аав “Энд алдаа гарсан байх. Миний хүү бусад хүн шиг гадаад руу зугтахгүй. Шалгуулна” гэж ярьсан.

Оросын шигшээ, Динамо багийн тоглогч асан 48 настай Сергей Гришин мөн дайчилгаанд хамрагдсан. Гэхдээ тэр цэрэг татлагад очоогүй, хүлээлтийн байдалтай байгаа ажээ.

Энэ хоёр тамирчин зодог тайлсан хүмүүс. Тэгвэл уран гулгалтын 23 настай Дмитрий Алиев, 22 настай Макар Игнатов, 24 настай Александр Самарин нарт зарлан дуудах ирсэн. Самарин 2019 оны Европын АШТ-ий мөнгөн медальтай бол Алиев Европын аварга, ОХУ-ын аварга, Игнатов Гран При тэмцээний хүрэл медальт, ОХУ-ын Цомын тэмцээний хошой аварга. Дасгалжуулагч Татьяна Тарасова энэ талаар “Манай тамирчдын цэрэг татлагыг улирал дуустал хойшлуулах хэрэгтэй. Эрэгтэй шигшээ баг цөөхүүлээ 4-5 тамирчин л байдаг. Гэтэл гурвыг нь дайчилгаанд оруулчихаар яах болж байна” гэж мэдэгдсэн. ОХУ-ын Уран гулгалтын холбоо ч мөн БХЯ-нд хүсэлт гаргаад байгаа гэнэ.

Бөмбөгтэй хоккейн дасгалжуулагч, 49 настай Иван Максимов цэрэгт татагдах шахсан. Түүний ээж зарлан дуудах хуудсыг хараад ухаан алдаж, цус харвасан. Ээжийнх нь биеийн байдал хүнд тул түүнийг энэ удаад чөлөөлжээ.

Холимог тулаанч, 32 настай Владимир Минеев хэдэн өдрийн өмнө зарлангаа авсан, албаа хаах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн. Тэр дайнд оролцож байгаагүй ч цэргийн албаа хаасан хүн. Харин өөр нэгэн холимог тулаанч Мариф Пираев дайчилгаанд хамрагдсанаа сонсоод гадаадад гарсан байна.

ОХУ-ын дугуйн холбооны ерөнхийлөгч Вячеслав Екимов “Шигшээ багийн гурван тамирчин, нэг дасгалжуулагч зарлан авсан. Тэднийг чөлөөлөхөөр Спортын яамтай ярилцаж байна” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн.

Оросын спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили шигшээ багийн бөхчүүдээс зарлан дуудах авсан гэж мэдэгдсэн ч нэрийг зарлаагүй.

Волейболын улсын аварга, багийн дэлхийн аварга, Газпром-Югра багийн тоглогч Никита Алексеев мөн зарлан аваад байгаа.

Биатлоны шигшээ багийн хэд хэдэн тамирчинд зарлан ирсэн талаар тайлбарлагч Дмитрий Губерниев мэдээлсэн.

Одоо ОХУ-ын Спортын яаманд шуурхай штаб байгуулан, БХЯ-тай хамтран ажиллаж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.136.247) 2022 оны 10 сарын 05

Hen ami nasaa aldah gej uyrsdiin neg adil heltei neg tugan dor bsan humusee hyadahaar yabahiig huseh be huurtsun Putin odoo dainaa zogsoo zogsoobol taarna.Eh ornoo ballah bii

0  |  0
Зоч(66.181.190.32) 2022 оны 09 сарын 29

Яг өөрсөд дээр нь ирэхээр хулчийж байж бас Олон улсын тэмцээнд оролцоно ч гэх шиг,фашистуудыг үнэн төрх

0  |  0
1(103.212.118.221) 2022 оны 09 сарын 29

Ха ха путин аа дэмжээд хөөрөөд байсан бааснууд

1  |  0
Top