Ким Жон Ун стратегийн далавчит пуужин хөөргөх ажиллагааг УДИРДАВ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 13

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өчигдөр /2022.10.12/ алсын зайн тусгалтай стратегийн хоёр далавчит пуужин хөөргөх ажиллагааг удирджээ.

Хойд Солонгосын удирдагч холын зайн тусгалт стратегийн далавчит пуужингуудын туршилтыг газар дээрээс нь удирдаж, хөөргөлт амжилттай болсон талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаас мэдээлжээ.

Стратегийн хоёр далавчит пуужин Шар тэнгисийн дээгүүр 10 234 секунд нисэж, 2000 км орчим зайд байгаа оносон байна.

Эдгээр пуужинг хөөргөх ажиллагааг Солонгосын ардын армийн тактикийн цөмийн ангиудад байрлуулсан пуужингийн байлдааны үр нөлөө, хүчийг цаашид нэмэгдүүлэх зорилгоор явуулсан гэж онцолжээ.

БНАСАУ-ын удирдагч туршилтын үр дүнд маш сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цөмийн байлдааны хүчний хариу арга хэмжээний чадамж нэмэгдсэнийг өндрөөр үнэлсэн байна.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаас мэдээлснээр, Ким Жон Ун эдгээр пуужингийн хөөргөлтөөр дайснууддаа дахин нэг анхааруулга өгч, тус улсын тогтоон барих хүчний чадамжийг харуулж байгаа аж.

Үүний зэрэгцээ тэрбээр цэргийн ноцтой хямралыг шийдэмгий дарахын тулд стратегийн цөмийн хүчийг ашиглах орон зайг цаашид өргөжүүлэхийг уриалсан байна.

Сүүлийн үед Солонгосын хойгийн хурцадмал байдал нэмэгдсэн билээ. Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн сургуулилтын хариуд Пеньян есдүгээр сарын сүүлчээс эхлэн тогтмол баллистик пуужин харваж байгаа юм. Түүнчлэн Хойд Солонгос ойрын үед цөмийн туршилт хийж магадгүй гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдсээр байна.

Ийм үйлдлийг Өмнөд Солонгос, Япон болон Барууны орнууд шүүмжилж, БНАСАУ-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн гэж үзэж буй.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top