Сөүлд Хэллоуины баярын үеэр амиа алдсан хүний тоо 151 БОЛЛОО

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 30

БНСУ-ын нийслэл Сөүл хотын Итэвон дүүрэгт өчигдөр орой /2022.10.29/ Хэллоуины баярын арга хэмжээний үеэр шахцалдаан үүсэж, амиа алдсан хүний тоо 151 боллоо.

Хэллоуины баярын арга хэмжээний үеэр хүмүүс нарийн гудамжаар урагшлах үеэр шахцалдаан үүсжээ. Шахцалдааны улмаас гэмтэж бэртсэн хүний тоог 82 гэж БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж байна.

Сөүл хотын эрх баригчдын мэдээлснээр амиа алдсан хүний тоо нэмэгдэж магадгүй байгаа аж. Учир нь гэмтэж бэртсэн олон хүний биеийн байдал хүнд байгаа гэнэ. Хэллоуины баяр тэмдэглэхээр Сөүл хотын Hamilton зочид буудлын ойролцоох нарийхан гудамжинд өчигдөр 100 мянга орчим хүн цугларчээ.

Сөүл хотын цагдаагийн газраас мэдээлснээр шахцалдаан өчигдөр орой орон нутгийн цагаар 22:20-д эхэлсэн байна. Шахцалдаан үүссэн гудамж руу 1700 гаруй аврагч, цагдаа, 500 гаруй гал сөнөөгчийг илгээн хүмүүст тусламж үзүүлж ажиллажээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл энэхүү эмгэнэлт явдалтай холбоотойгоор шуурхай хуралдаан зарлаж, Сөүл хотын дарга О Се Хун Европ руу хийх гэж байсан айлчлалаа цуцалсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top