Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдөр Өмнөд Солонгосын Сөүл хотын Итэвон дүүрэгт хэт олон хүн цугларсны улмаас 158 хүн нас барсан эмгэнэлт хэрэг гарсан билээ.
Уг хэргийг мөрдөн шалгаж буй тусгай баг дөрвөн цагдааг баривчлах хүсэлт гаргажээ. Эдгээр дөрвөн цагдаа нь Ёнсан цагдаагийн газрын дарга асан И Им Жэ, тагнуулын албаны өндөр дээд албан тушаалтан Пак Сон Мин, Ёнсан цагдаагийн газрын ажилтан Ким Жин У болон тус цагдаагийн газрын онцгой байдлын хяналтын ажилтан Сун Бон Жү нар аж.
Сэжигтэн И Им Жэ-г эмгэнэлт хэрэг гарснаас хойш 50 минутын дараа хэргийн газар ирсэн, олны хөл хөдөлгөөн ихсэх тухай анхааруулга өгсөн ч олон нийтийг хянах талаар арга хэмжээ аваагүй хэрэгт буруутгаж байна.
Сэжигтэн Пак Сон Мин баярын үеэр аюулгүй байдлын талаар урьдчилан сэрэмжлүүлсэн дотоод тагнуулын тайланг устгах тушаал өгсөн, хийсэн үйлдлээ нуун дарагдуулахыг завдсан хэрэгт сэжиглэжээ. Тэрээр цагдаагийн байгууллагад шалгагдахаар болсон нийт 17 цагдаа, төрийн албан хаагчид дундаас хамгийн өндөр албан тушаалтай нь юм.
Сэжигтэн Ким Жин У дарга Пак Сон Минээс тушаал авч улмаар доод албан тушаалтнууддаа тайланг устгах тушаал өгсөн хэрэгт буруутгаж байна.
Сэжигтэн Сун Бон Жү тухайн өдөр Ёнсан хэлтсийн онцгой байдлын ахлах ахлагчаар ажиллаж байсан бөгөөд болж буй нөхцөл байдлын талаар шуурхай мэдээлэл И Им Жэ-д өгөөгүй хэрэгт буруутгагдаад байна.
Сэтгэгдэл ( 0 )