БНСУ-ыг төдийгүй дэлхий нийтийг уй гашууд автуулсан "Итэвоны гамшиг"-аас хойш хорь орчим хоног өнгөрч байна.
Дэлхийн олон оронд тэмдэглэдэг Халлоуины баярыг тэмдэглэхээр Итэвон дүүргийг зорьсон 158 залуу алтан амиа алдсан аймшигт хэргийн хохирогчдын тоо цаашид өсөх хандлагатай байгаа талаар тус улсын өдөр тутмын мэдээллийн сайтууд мэдээлсээр байгаа юм.
Дэлхийн даяаршилтай холбоотойгоор цаг үеэ даган өөр улс үндэстний олон янзын баярын арга хэмжээг залуус тэмдэглэн өнгөрүүлдэг. Үндэсний баяраасаа илүүтэйгээр өөр улсын уламжлалт баярыг тэмдэглэн өнгөрүүлэх олон нийтийн бужигнаан ийнхүү аймшигт хэргийг түүхэнд тэмдэглэн үлдээсэн юм.
Сөүлийн шахцалдаантай холбоотойгоор тус улсад дахин Халлоуины баярыг тэмдэглэхгүй ч байж магадгүй...
Учир нь маш олон иргэн "Гадны баярыг дахиж тэмдэглэхгүй байя, Тэр дундаа сүнсний баяр гэгч муу ёрын ийм арга хэмжээг тэмдэглэхийг хориглоё" хэмээн сошиал давалгаа эхлүүлээд байгаа юм.
Энэхүү эмгэнэлт үйл явдал шиг харийн баярын хар мөрөөр олон хүний эрдэнэт амь насыг авч одсон бас нэгэн үйл явдлын талаар орчуулан хүргэж байна.
Энэ үйл явдал Итэвоны гамшигаас 51 жилийн өмнө тохиожээ.
1971 оны 12-р сарын 25. БНСУ-ын зэрэглэл өндөртэй, 22 давхар, шинэхэн "Dae yeonggak" зочид буудалд Зул сарын баярын арга хэмжээг өргөн дэлгэр тэмдэглэхээр зэхэж байв. Гэвч 25-ны өглөөний 10.00 цагийн үед зочид буудлын 2-р давхарт байрлах гал тогооны хэсэгт хийн баллон дэлбэрч, гурван иргэн газар дээрээ нас баржээ. Үүнээс үүдсэн гал хормын төдийд зочид буудлыг бүхэлд нь бүрхэж, БНСУ-ын аврах албаныхныг бүгдийг нь хөдөлгөсөн байна. 21 давхар барилгын элдэв загвар, чамин ганган чимэглэлүүдээс болж, гал маш хурдтай тархаж, гал сөнөөгчид ч хүчин мөхөсдөж байв. Тус барилгыг үнэтэй, чамин байлгах үүднээс шатах магадлал маш өндөртэй материалуудыг ашигласан нь гал газар авах хамгийн том шалтгаан болжээ.
"Dae yeonggak" зочид буудлыг 1969 онд барьж ашиглалтад оруулсан бөгөөд нийт 222 өрөөтэй байхаар зохион бүтээсэн байна. Гал гарах үед зочид буудалд нийт 187 зочин, 130 ажилчин байсан гэх албан бус баримт бий. Зочдын 47 нь гадаадын иргэн байсан гэдэг. Гэвч эдгээрээс 164 нь гарч ирж чадалгүй нас баржээ. Харин 63 нь маш хүндээр гэмтсэн байна.
Амиа алдагсдын тоо нэмэгдэхэд барилгын зураг төсөл хамгийн их нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэсэн байдаг.
Учир нь галаас хамгаалах үүрэг бүхий аврах хонгил нь хаалгагүй зурагдсанаас үүдэж, утаа түүгээр дамжин бүх давхарт хүрсэн гэж дүгнэв. Түүнчлэн тус барилгын гадна талд аврах ямар ч шат байгаагүйгээс гадна доторх утааг гадагшуулах агааржуулагч хангалттай байгаагүй нь галын тархалтыг түргэсгэсэн аж.
Зочид буудалд гарсан гал 10 цагийн турш шатжээ. Олон хүн гарах гарцыг хайн гүйлдэж байв. Аврах ангийнхны шат дөнгөж наймдугаар давхарт хүрч байсан учраас 1-8 давхар хүртэл гал унтраах ажлыг идэвхтэй өрнүүлж байсан гэдэг. Харин 9-с дээш давхрыг нисдэг тэргээр унтраахаар оролдож байсан аж. Нийтдээ 12 нисдэг тэрэг, тэр дундаа АНУ-ын цэргийн баазуудын нисдэг тэргийг дайчлан дээвэр дээрх иргэдийг аварч байжээ. Гал түймрийн аюулаас дайжин цонхоор гарч ирсэн наймхан иргэнийг л аварч чадсан байна.
Албан эх сурвалжийн мэдээгээр 38 хүн арга ядан цонхоор үсэрсэн байна. Тэд амь гарах горьдлого тээн орны матрас барин үсэрч байжээ. Гэвч амьд гарч чадаагүй юм. Харин дээвэрт аврах ажиллагаа явуулсан нисдэг тэрэгний аврах олсонд дүйжлэгдэж явсан нэг иргэн унаж нас барсан байна.
Эрх баригчид гамшигтай холбогдуулан найман иргэнийг баривчлан шүүсэн юм. Тодруулбал, зочид буудлын дөрвөн ажилтанг ажилдаа хайхрамжгүй хандсан шалтгаанаар буруутгасан бол хотын захирагч тэргүүтэй хоёр албан тушаалтан, нэг гал сөнөөгчийг аврах ажиллагаа явуулж чадаагүй шалтгаанаар шүүжээ.
Түүнчлэн азтай гэмээр нэгэн шалтгаанаар амь гарсан иргэний талаарх мэдээлэл тухайн үед олны анхаарлыг татаж байв. Тэр бол Сөүл дэх Тайваны Элчин сайдын яамны сайд Ю Сиен Юн юм. Тэрээр шатаж буй барилгад 10 гаруй цаг байсан бөгөөд түүнийг олох үед угаалгын өрөөндөө хүзүү хүрсэн их усанд сууж байсан талаар эх сурвалжууд бичсэн байна. Аймшигт гамшигаас амь гарсан ч тэрээр тун удалгүй буюу 1972 оны нэгдүгээр сарын 4-нд 64 настайдаа эмнэлэгт нас баржээ.
Гал гарснаас хойш уг барилгыг шинэчлэн засварлаж, өмнөх чамин тансаг, өндөр зэрэглэлд нь оруулсан боловч 2010 оны хоёрдугаар сарын 27-нд дахин шатсан байна. Азаар галын аюул гайгүй өнгөрч, эрдэнэт хүний амь нас эрсдээгүй аж.
Энэ мэтээр Өмнөд Солонгост харийн баярын уршгаар амь насаа алдсан хоёр дахь тохиолдол аравдугаар сарын 29-ний шөнө Итэвон дүүрэгт болж өнгөрсөн юм. Мартагдах шахсан түүхийг сануулсан аймшигт гамшиг байлаа...
Сэтгэгдэл ( 6 )
Ёоё ямар аймар юм бэ?
Aimar yumaa. Gehdee ene setguulch solongost amidarj uzeegui oilgolt muutai hun bololtoi.
тэнэгт Өмнөд Солонгост христийн шашин дэлгэрээд өчнөөн удсан угаасаа л тэмдэглэдэг. Юм үзээгүй гар амныхаа зоргоор бурж өгчийна. Бас халловийн гэдэг баярынхаа учрыг ойлгочоод олон юм бич
Баяр нь харийнх бна уу? Дотоодынх бна уу? Хамаагүй ш дээ. Нөхцөл байдлыг авч үзэж дүн шинжилгээ хийж, болзошгүй аюулаас сэргийлэх менежментээ сайжруулах нь л чухал юм шүү дээ.
Үнэн шүү харийн баяр тэмдэглэж үхсэнээ хийдэг юм.үндэснийхээ баярыг л тэмдэглэв л барав гэж.Өв уламжлалаа мэдэхгүй юмнууд байх юмаа
Ийм хачин худлаа юм бичихээ боль2. Солонгос чинь аль хэдий нь америкжаад Халловийн, Крисмас 2 чинь үндэсний баяр нь болсон байдаг. Сэтгүүлч нь гэж нэг хөдөөний баагий энэ тэрийнхээ учрыг нь ч олохгүй өөрийнхөө мухар сүсгээр ‘харын баяр’ гэж ирээд л чаах юмдаа.