Өнгөрөгч оны аравдугаар сарын сүүлээр Итэвон дүүрэгт болсон гамшигт үйл явдалтай холбоотойгоор 158 хүн амиа алдсан билээ. Тус хэрэгтэй холбоотой мөрдөн байцаах үйл явц БНСУ-д ид өрнөж байгаа бөгөөд энэ нэгдүгээр сарын дундуур мөрдлөгийг дуусгана гэж албаныхан мэдээллээд байгаа юм. Одоогоор Итэвоны гамшигтай холбогдуулан Ёнсан-гу тойргийн албаны дарга Пак Хи Ён, Ёнсан хотын цагдаагийн газрын дарга асан Ли Им Жэ нарыг баривчлаад байгаа билээ.
Итэвон дүүрэгт амиа алдагсдын олонх нь ахлах ангийн сурагч, өсвөр үеийнхэн байсан гэдэг. Тэгвэл тус эмгэнэлт үйл явдлын үеэр хамт явсан хоёр найзыгаа нас барахыг харсан ахлах ангийн сурагч охин 2022 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Сөүл хотын Мапо-гу дахь нэгэн зочид буудлын өрөөнөөс амиа хорлосон байдалтай олдсон байна. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор 2022 оны арванхоёрдугаар сард Өмнөд Солонгос даяар өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолтын талаарх хэлэлцүүлэг өрнөж эхэлжээ. Зөвхөн Итэвоны гамшигтай холбоотойгоор л гэхэд арав гаруй хүн амиа хорлосон албан бус мэдээлэл байгаа юм.
Тэдний нэг нь болох ахлах ангийн сурагч охины хувьд сэтгэлзүйн хүнд дарамтад орсон байсан гэнэ. Эмгэнэлт үйл явдал болохын өмнөх өдөр буюу арванхоёрдугаар сарын 12-ны оройн 23.00 цагийн орчим охины ээж цагдаад "Сураггүй болсон" талаарх мэдээллийг нь өгчээ. Тийнхүү цаг гаруй эрэн хайсны эцэст охиныг зочид буудалд орсныг мэдсэн байна. Буудлын хүлээн авах ажилтан цагдаад мэдэгдэхдээ "Охин оройн 19.00 цагийн орчимд буудалд ганцаараа орж ирсэн. Өөр зүйл мэдэхгүй" хэмээн ярьжээ.
Олон нийт энэхүү үйл явдал удирдах албан тушаалтнуудыг буруутгаж байгаа бөгөөд тэд “Гамшигт үйл явдлын гэрч болсон хүмүүсийн сэтгэлзүйн эмчилгээг хангалттай хэмжээнд хийгээгүй, заримд нь огт сэтгэлзүйн зөвлөгөө тусламж хүргээгүй” хэмээн шүүмжилж байгаа юм.
Амиа хорлосон сурагч охин дотны хоёр найзыгаа өвөр дээрээ амьсгал хураахыг харсан бөгөөд үйл явдлын дараа түүнд ямар ч сэтгэлзүйн эмчилгээ хийгээгүй талаар гэр бүлийнхэн нь ярьсан байна.
Эх сурвалж: https://www.koreaherald.com/
Сэтгэгдэл ( 0 )