ИТЭВОН | Нас барагсдыг хүндэтгэх дурсгалын зүйлс “ХОГ” болж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 22

Аравдугаар сарын 29-ний шөнө 158 хүний ​​амийг авч одсон аймшигт ослын дараа Итэвоныг зорьж, нас барагсдын дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа эхэлсэн. Итэвон гудамжны 1-р гарцны ойролцоо нас барагсдын дурсгалыг хүндэтгэн орхисон цэцгийн баглаа дөрвөн цагийн дотор тус гарцыг бүхэлд нь хаах хэмжээнд хүрсэн байна. Тэнд иргэд олон төрлийн лаа, цэцэг, зураг байршуулж байв. Харин дотны хүмүүсийнхээ тухай бичсэн ил захидлыг шатны дэргэд байрлах хананд наажээ.

Гэвч үндэсний гашуудлын өдрүүд дуусмагц тэрхүү дурсгалыг хэсгийг хэрхэх талаарх асуулт олон нийтийн дунд идэвхтэй өрнөжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэнд буй зүйлс хог болж эхэллээ хэмээн олон нийт ярьж байгаа юм.

БНСУ-ын “JP” намын сөрөг хүчнийхэн энэ сарын 19-нд "Иргэдийн дурсгалын хуудсууд гудамжинд хараа хяналтгүй орхигдож байна" гэж мэдэгдээд "Сөүл хотын дарга О Се Хун Үндэсний архивтай зөвлөлдөж, тус зүйлсийг хадгалах арга хэмжээ авах хэрэгтэй" гэж шүүмжилсэн байна.

Харин БНСУ-ын Нийгэм, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн хорооноос тус газарт буддын шашны зан үйл үйлдэж, гамшигт өртөгсдийн ар гэрийнхэнд зориулсан дурсгалын газар байгуулахыг уриалжээ.

Итэвон дүүргийн Ёнсан цагдаагийн албанаас “Бид Итэвон өртөөний 1-р гарцын ойролцоох дурсгалын талбайг өдөр бүр хамгаалж, олон нийтийг зорчиход саадгүй байх арга хэмжээ авч байна. Удирдлагаас цаашид хэрхэх талаарх шийдвэр ирсний дараа бид тохирсон арга хэмжээг авна. Харин аравдугаар сарын 31-нд “Ноксапён” өртөөний ойролцоо байгуулсан дурсгалын тахилын ширээний зүйлсийг Сөүл хотын архивт шилжүүлсэн” хэмээн мэдэгдсэн байна.

БНСУ-г цочирдуулсан Севол гатлага онгоцны сүйрлийн үед мөн энэ мэт дурсгал, хүндэтгэлийн газрууд Сөүлд олноор бий болсон бөгөөд тухайн үед түүнийг орон нутгийн засаг захиргаанууд цуглуулан авч, архивлаж байсан юм.

Түүнчлэн “Гүй станцын осол”, “Ганнам өртөөний аллага”-ын үеэр метроны буудлуудад зочдын үлдээсэн эд зүйлсийг Сөүл хотын захиргаа цуглуулж, хадгалсан байдаг билээ. Тиймээс энэ удаагийн эмгэнэлт үйл явдлыг илэрхийлэх энэхүү зүйлсийг хог болголгүй, хадгалан хамгаалахыг иргэд хүсч байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top