Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдөр БНСУ-ын Сөүл хотын Итэвон дүүрэгт эмгэнэлт явдал гарч 158 хүн нас барсан. Тус улсын ард иргэд энэхүү эмгэнэлт явдлыг даван туулахын тулд хичээж байгаа ч зарим хэсэг нь үүнийг тоглоом, шоглоом болгон хувиргаж буй нь олны эгдүүцлийг хүргээд байна.
Олон нийтийн сүлжээнд "Itaewon Game", "Itaewon Crash Game" зэрэг хаштайгууд олширчээ. Сургуулийн сурагчид нэгэн дээрээ давхралдаж, хамгийн доор байгаа хүн хэчнээн хүн давхарладахыг тэвчиж чадахаа харах нь энэхүү тоглоомын гол дүрэм. Энэхүү тоглоомыг мөн "Бургерэн тоглоом" хэмээн нэрлэх нь бий. Өмнө нь хүүхүүд энэ маягаар тоглодог байсан ч Итэвоны эмгэнэлт явдлын дараа нэрийг нь солин ийнхүү тоглох болсон нь эцэг, эхчүүдийн санааг зовоож эхэлжээ.
Мөн сурагчид үдийн цайны цагаар "Түлх түлх" хэмээн хашхирч, нэгнээ түлхэн, эмгэнэлт явдлаар даажигнаж буй нь зарим сурагчдыг цочролд оруулжээ.
Нэгэн сурагч хүү "Манай сургуулийн сурагчид өнөөдөр тэр тоглоомыг дахиад л тоглосон. Тоглож байсан нэг хүүхдийн нуруу нь өвдөж, амьсгалж чадахгүй байсан" хэмээн ярьжээ.
2011 онд нэгэн дунд сургуулийн сурагч хүү "Бургерэн тоглоом" тоглож байгаад амиа алдаж байсан. Эцэг, эхчүүд энэхүү явдлыг нэг төрлийн дээрэлхэх явдал гэж үзэж, амиа алдах эрсдэлтэй тул анхааруулга өгөх хэрэгтэй байгаа тухай харьяа байгууллагуудад мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )