ИТЭВОН | Хохирогчдын шарилд "Хар тамхины шинжилгээ" хийлгэхийг зөвлөв

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

БНСУ-ын Итэвон дүүрэгт тохиосон гамшигт үйл явдлын буруутанг тогтоох шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

158 хүний эрдэнэт амийг авч одсон тус эмгэнэлт үйл явдлын дараа цагдаагийн байгууллага болоод прокурорын зүгээс хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзаж, талийгаачдын биед "Хар тамхи хэрэглэсэн эсэхийг тогтоох" шинжилгээ хийлгэхийг зөвлөсөн талаарх мэдээлэл өнөөдөр олон нийтийн сүлжээнд шуугиан тариад байна. Хохирогчдын ар гэрийнхний олонх нь энэхүү саналыг хүлээн аваагүй хэмээн мэдэгджээ.

Энэ талаарх мэдээллийг олон нийтэд өгсөн Итэвоны гамшгийн нэгэн хохирогчийн аав О Жи Ёон хэвлэлийнхэнд "Миний хүүхэд хэзээ ч хар тамхи хэрэглэхгүй. Ямар нэгэн үндэслэлгүйгээр хүүхдээ хоёр дахь удаагаа "алах" ийм шийдвэрийг эцэг, эхчүүд зөвшөөрөхгүй байх. Энэ бол талийгаачийг минь үл хүндэтгэсэн, ой гутам шалтгаан байлаа" гэж ярьсан байна. Түүний ярьсныг хэд хэдэн эцэг, эх баталсан гэнэ.

Дээрх асуудалтай холбогдуулан Гванжү дүүргийн прокурорын газрын ажилтан тайлбар хийжээ. Тэрбээр "Аравдугаар сарын 30-нд хохирогчдын гэр бүлийнхэнтэй уулзаж, задлан шинжилгээ хийлгэх санал тавьсан нь үнэн. Гэвч энэ бол ямар нэгэн тулган шаардалт биш юм. Задлан шинжилгээг хохирогчдын гэр бүл сайн дурын үндсэн дээр хийлгэдэг. Энэ хэрэг гэмт хэргийн шинжтэй байж магадгүй учраас задлан шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай" хэмээн тайлбарлажээ.

Тухайн үйл явдал болсон өдрийн орой шахцалдаан болсон шалтгааныг олон нийт олон янзаар таамаглаж байсан. Тэр дунд хортой чихэр тараасан байж магадгүй гэх таамаглал байсан бөгөөд энэхүү шалтгаанаас болж, хуулийн байгууллагууд задлан шинжилгээ хийлгэх хүсэлт тавьсан байж болзошгүй юм. Ямартай ч нийт хохирогчдын гуравт нь гэр бүлийнхнийх нь зөвшөөрөлтэйгөөр задлан шинжилгээ хийж, хариуг нь танилцуулсан байна. Үр дүн нь зөвхөн гэр бүлд нь хамааралтай байсан учраас олон нийтэд тодорхой мэдээллэх боломжгүй гэж прокуророос мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top