Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдөр жүжигчин И Жи Хан Итэвонд болсон эмгэнэлт явдлын үеэр нас барсан. Түүнийг арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хөдөөлүүлсэн билээ.
Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр БНСУ-ын Ардчилсан намын гишүүн Ко Мин Жун гамшгийг мөрдөн шалгах тусгай ажлын хэсэг байгуулах үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэхийнхээ өмнө талийгаачийн ээжийн бичсэн захидлыг олон нийтэд танилцуулжээ.
Уг захидалд "Хүндэт Жи Хандаа
Чи минь төрөхдөө л хөөрхөн хамартай төрж билээ. Чамайгаа үүрч явахад надад хэзээ ч хэцүү байгаагүй ээ. Би гэдсээ үргэлж тэмтэрч чамайгаа зүгээр байгаа эсэхийг шалгадаг байлаа. Чамайг өсөж том болох үед би чам шиг 20 хүүхэд ч өсгөж чадахаар тийм л их хайртай байсан. Чи минь шинээр гарах гэж буй Коккдугийн төлөө уйгагүй ажиллаж, их зүйлийг туулсан. Нэг ч удаа дасгал, сургуулилтаа алгасаж байгаагүй. Чи минь хоолны дэглэм барьдаг байсан болохоор надаас "Ээж ээ , намайг дахиад идвэл зүгээр гэж бодож байна уу" гэж асуудаг байсан чинь зүрхийг минь үргэлж шархлуулдаг байсан. Бид шоу цацагдах өдөр чамайгаа харж, хичээл зүтгэлийг үр шимийг чинь хүртэхэд тун ойрхон байлаа... Тийм болохоор юу буруу байсныг одоог хүртэл сайн ойлгохгүй байна. Бидэнд тохиолдсон энэ зүйлд одоо хүртэл итгэхийг хүсэхгүй байна.
Би чинийхээ зургийг толгой дээрээ тавиад, утсаа тэврээд унтдаг. Дахиад л өглөө болно гэж бодохоос аймар. Зүрх минь хурдан цохилж байна. Чи надаас ямар их хайртайг минь мэдэх үү гэж асууж байснаа санаж байна уу? Намайг өрөөнд чинь орох болгонд гарнаас минь бариад аяархан түлхдэг байснаа санаж байна уу? Чи бол миний хамгийн үнэ цэнтэй эрдэнэ...
Чамайгаа би яаж ингээд орхих юм бэ?
Жи Хан аа, чиний оршуулганд олон зуун найзууд чинь ирсэн. Энэ нь чамайг минь өнөөг хүртэл зөв замаар алхаж байсан болохыг чинь надад ойлгуулсан. Мөн үүнийг ухаарах нь намайг бүр ч их сүйрүүлж байна. Цаашдаа амьдрах шалтгаан олоход надад хэцүү байна. Би ч гэсэн энэ дэлхийг орхиж одох арга хайх ёстой юу? Хэрэв би үргэлжлүүлэн амьдрах ёстой бол хэний ч мэдэхгүй газар очоод нуугдах болно. Бүх зүйлийг ардаа орхиод чимээгүй амьдрах тухай бодох боллоо.
Би өглөө болж үүр цайна гэхээс айдаг. Би өлсөж, амандаа хоол хийхээс айж байна. Би амаа хаалттай байлгахыг илүүд үзэж байна. Би яаж амьдрах ёстой юм бэ Жи Хан аа?
Чамд худалдаж авахыг хүсдэг зүйлс байсан ч гэсэн чи намайг дарамтад оруулахгүй гээд намайг л нэгт тавьдаг байсан. Өөрөө мөнгөтэй болсныхоо дараа үүнийг өөрийнхөө мөнгөөр авна гэж хэлдэг байсан... Би чамайг олон нийтийн ажил хийдэг байсныг ч мэдээгүй.
Чи минь хамгийн эелдэг нэгэн байсан. Намайг болон бусдыг хамгийн түрүүнд боддог сахиусан тэнгэр. Би чамайгаа яаж явуулах юм бэ? Чиний шарилыг авч явсан лимузинийг цагдаа нар дагалдан явааг хараад зүрх минь хэдэн хэсэг урагдах шиг л болсон. Би тэдний тусламжид талархах ёстой байсан юм болов уу? Эсвэл би Итэвоны гудамжийг яг ийм байдлаар хамгаалаагүй, чамайг тэр лимузин дотор байлгаж байгаад нь уурлах ёстой байсан юм болов уу?
Би одоо хүртэл бухимдаж, маш их цөхөрч байна. Чамдаа хайртай шүү хүү минь. Чамтайгаа дахиж уулзах боломж үнэхээр байхгүй гэж үү? Бурхан минь намайг аваад, Жи Ханыг минь буцааж өгөөч гуйж байна. Миний нялх үр. Чамайгаа тайван газарт сайхан байгаа гэж найдаж байна... Үргэлж чамайгаа дагах болно оо. Эрдэнийн чулуудаа, ээжээс нь..." хэмээн бичсэн байжээ.
Уг захидлыг олон нийтийн өмнө нээлттэй уншиж, талийгаачийн инстаграм хаягаар мөн нийтэлжээ. Үүний дараа талийгаачийн ээжийн биеийн байдалд санаа зовнисон фенүүд нь түүний ээжид эмгэнэл илэрхийлж, сэтгэлийн дэм хайрлаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )