Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдөр БНСУ-ын Сөүл хотын Итэвон дүүрэгт хэт олон хүн бөөгнөрсний улмаас осол гарч 156 хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан билээ. Уг хэрэг гарах үеэр хүмүүсийн амийг аварсан баатруудыг олон нийтийн сүлжээнд алдаршуулаад байгаа билээ.
Ослоос амьд гарсан нэгэн залуу "Өндөр хар арьст эр талбайгаас лууван зулгааж байгаа мэт намайг татаж гаргасан. Би 182 см өндөр, 96 кг жинтэй. Гэсэн ч тэр намайг хажуугийн гудамж хүртэл үүрч явсан. Түүнтэй хамт хоёр гадаад залуу байсан. Аврах багийнхан ирсний дараа тэд хаашаа ч юм алга болчихсон. Ослын дараа намайг аварсан хүнийг олохын тулд олон нийтийн сүлжээ болон юүтүб сувгаар дамжуулан зөндөө хайсан. Түүнтэй биечлэн уулзаж, талархал илэрхийлмээр байна" хэмээн бичсэн нь олны анхаарлыг ихээр татаад байсан.
Олон нийтийн сүлжээгээр түүнийг идэвхтэй хайсны эцэст амийг нь аварсан хүн АНУ-ын цэрэг байсныг олж мэдсэн байна. Уг цэрэг Итэвонд хоёр найзын хамтаар явж байсан бөгөөд 30 орчим хүний амийг аварчээ.
Тэд Сөүлээс өмнө зүгт орших Дондучон дахь Кэмп Кейси алба хааж байгаа аж. 40 настай Жармил Тейлор, 34 настай Жером Аугуста, 32 настай Дэйн Биатард нар Итэвонд осолдож хүнд байдалд орсон хүмүүсийг татан гаргаж CPR хийх нөхцөл боломж бүрдүүлж өгсөн байна.
Цэргүүд Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа гудамжинд гацсан байсан хүмүүсийг татан гаргаж CPR хийх боломжтой газар аваачин тусламж үзүүлсэн тухайгаа дурдсан нь тэднийг олох ажилд чухал нөлөө үзүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )