БНСУ-ын Ерөнхийлөгч улс даяар ГАШУУДАЛ ЗАРЛАЛАА

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 30

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл Сөүлд шахцалдааны улмаас 151 хүн амиа алдаж, 82 хүн шархадсан эмгэнэлт явдалтай холбоотойгоор үндэсний гашуудал зарлалаа.

Сөүл хотын Итэвон дүүрэгт өчигдөр орой Хэллоуины баярын үдэшлэгийн үеэр нарийн гудамжинд шахцалдаан үүссэн юм. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.

Тэрбээр “Өнөөдрөөс /2022.10.30/ эхлэн нөхцөл байдлыг хяналтад авах хүртэл улс даяар үндэсний хэмжээний гашуудал зарлаж байна” хэмээн мэдэгджээ.

Юн Сог Ёл эмгэнэлт явдлын шалтгааныг мөрдөн шалгаж, дахин ийм зүйлийг давтахгүй байх тал дээр арга хэмжээ авахаа амласан талаар “Ёнап” агентлаг мэдээллээ.

Итэвон дүүрэгт Сүнсний баярын үеэрх шахцалдааны улмаас амиа алдсан 151 хүний 19 нь гадаадын иргэн байжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд Монгол Улсын иргэн байхгүй талаар Сөүл дэх Монгол Улсын ЭСЯ-наас мэдэгдсэн билээ.

Амиа алдсан 19 гадаад иргэн аль аль улсынх байсан талаар одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Тэгвэл БНСУ дахь Оросын Элчин сайдын яамнаас ОХУ-ын хоёр иргэн шахцалдааны үеэр амиа алдсан гэх мэдээллийг өгчээ. Мөн Оросын нэг иргэн эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top