Цахим худалдааны салбарт дэлхийд тэргүүлэгч “Amazon” компани зах зээлийн үнэлгээгээ нэг их наяд ам.доллароор алдсан дэлхийд анхны компани болжээ.
Блүмберг агентлагийн мэдээлснээр, тус компани 2022 оны гуравдугаар улирлын санхүүгийн үйл ажиллагааны тайланг нийтэлсний дараа хөрөнгө оруулагчид “Amazon” компанийн хувьцаанаас идэвхтэй зарж эхэлжээ. 2021 оны долоодугаар сард тус компанийн зах зээлийн үнэлгээ 1.8 их наяд ам.долларт хүрч, рекорд тогтоож байв. Харин энэ сарын 9-нд болсон арилжаагаар “Amazon” компанийн хувьцаа 4.3 хувиар унасны улмаас зах зээлийн үнэлгээ нь 879 тэрбум ам.доллар болтлоо буурчээ.
Ингэснээр, дэлхийд нэг их наяд ам.доллароос дээш зах зээлийн үнэлгээ бүхий дөрвөн компани үлдээд байна. Эдгээр нь Apple, Saudi Aramco, Microsoft болон Alphabet юм.
Тус компанийн санхүүгийн тайлангаас үзвэл, гуравдугаар улирлын байдлаар “Amazon”-ы цэвэр ашиг 10 хувиар буурсан байна. Үүнээс болж нэгж хувьцааны үнэ 21 хувиар буурчээ.
Сэтгэгдэл ( 0 )