Монгол Улс 1990-ээд оны эхэн үед зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор нийгмийн бүхий л салбарыг хамарсан хямрал, өөрчлөлтөөс шалтгаалан хүүхэд нас, биеийн онцлог нь үл тохирох хөдөлмөр эрхлэх асуудал хурцаар тавигдаж эхэлсэн. 2020 оны байдлаар 0-18 насны хүүхдүүдийн 10 орчим хувийг эзлэх 56 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн дийлэнх нь хөдөө аж ахуй, барилга, уул уурхай, худалдаа үйлчилгээний салбарт байна.
Хот, суурин газартай харьцуулахад аймаг, орон нутагт амьжиргааны түвшин доогуур өрх олон байхын хэрээр хүүхдүүд хөдөлмөр эрхлэх нь илүү байгааг статистик тоо баримт харуулдаг. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн хөдөлмөр эрхэлж байгаа асуудлаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор үндэсний хэмжээний судалгаа, шинжилгээ хийгдэж байсан. Гэсэн хэдий ч хүүхдийн хөдөлмөрийг мөлжих, тэдний эрхийг зөрчих байдлаар ажил, хөдөлмөр эрхлүүлж буй явдал цөөнгүй байгаа юм.
Тэгвэл уг асуудалд тулгуурлан ажил олгогчдын болон гэр бүл, насанд хүрэгчдийн мэдлэг, мэдээлэл дутмаг, эсхүл тэдэнд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо сайн биш байгаатай холбоотой гэж судлаачид таамаглан нотлох зорилгоор “Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгааны тайлан” хэмээх судалгааг хийж, хэвлэлийн бага хурал хийлээ.
ӨРХ ТОЛГОЙЛСОН 86535 ХҮН БАЙДГААС 81.3 ХУВЬ НЬ ЭЭЖҮҮД БАЙНА
Хэвлэлийн бага хуралд Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Ажлын байрны суурь зарчмууд ба эрхийн ахлах мэргэжилтэн Бхарати Пфлуг, Хуульч, судлаач Г.Түвшинжаргал, Б.Нямжав болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар гэх мэт бусад төрийн болон ТББ-ын төлөөллүүд оролцлоо. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан “Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгааны тайлан”-г эдийн засгийн нийт 18 салбарыг сонгож, судалгааны байршлын хамрах хүрээг Улаанбаатар хот, Өмнөговь, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар аймгаар хязгаарлан, түүврийн хэмжээг Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ), ХЭҮК, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) болон бусад холбогдох байгууллагатай зөвлөлдөж тодорхойлсон гэдгийг онцлов.
Мөн өрх гэр, хувь хүний онцлог, шинж чанарууд ядууралд орох магадлалд ихээхэн нөлөөлдөг. Өрхийн тэргүүлэгч нь бүрэн дундаас доогуур боловсролтой, ажилгүй эсвэл хөдөө аж ахуйн салбарт ажилладаг, ялангуяа малчин бол ядуурлын түвшин хамгийн өндөр харагджээ. Түүнчлэн албан бус эдийн засаг дахь хөдөлмөр эрхлэлт болон бүтээмж багатай хөдөлмөр эрхлэлтийн хэлбэрүүд өргөн тархсан байна. Улирлын чанартай хөдөлмөр эрхлэгчид, хөдөөгөөс хот руу шилжин ирэгсэд, ялангуяа залуучууд гэх мэт тодорхой бүлгүүдийн ажилгүйдэл, албан бус хөдөлмөр эрхлэлт өссөн аж. Албан бус хөдөлмөр эрхлэлтийн дийлэнх хувийг үйл ажиллагаа нь улирлын чанартай байдаг малчид болон барилгын ажилчид бүрдүүлж байна гэдгийг Д.Сүнжид гишүүн хэлж байлаа.
Улсын хэмжээнд 0-18 насны хүүхдийн тоо 2018 оны байдлаар 1.133.945 байсан нь 2020 онд 1.200.531 болж өсжээ. Харин 2020 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд бүтэн өнчин 3036 хүүхэд, хагас өнчин 35 мянган хүүхэд бүртгэгдсэн байна. Харин өрх толгойлсон 86535 эцэг, эсвэл эх ганцаараа хүүхэдтэйгээ амьдардгаас 81.3 хувь нь эх, 18.7 нь эцэг байгаа юм. Шүүхийн шийдвэрээр 2019 онд нийт 2167 хүүхэд тэтгэлэг тогтоолгосон бол тэтгэлэг тогтоолгосон нийт хүүхдийн 49.1 хувь нь тэтгэлгээ тогтмол авч чадахгүй байна гэжээ. Нийслэлийн хэмжээнд 2018 онд явуулсан судалгаагаар орцны жижүүр ажилтай гэр бүлд 526 хүүхэд, нийтийн байр түрээслэгч гэр бүлд 1036 хүүхэд, орон гэргүй тэнэмэл гэр бүлд 363 хүүхэд амьдарч байсан байна.
СУДЛААЧИД: АЖИЛ ЭРХЛЭХ НАСЫГ 13 БОЛГОСОН НЬ ОУ-ЫН КОНВЕНЦООС УХАРСАН ҮЗҮҮЛЭЛТ
Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа сүүлийн 10 жил хийгдээгүй гэдгийг судлаач, оролцогч талууд онцолсон юм. Тэрбээр НҮБ-ын харьяа Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 138 дугаар конвенцид хүүхдийн хөдөлмөрийн насны хязгаарыг тогтоосон байдаг. Монгол Улс дээрх конвенцид 2002 онд нэгдэн орсон. Тиймээс уг конвенцын дагуу хөнгөн хөдөлмөр эрхлэх нас 14 байсныг 13 болгосон байна.
Иймд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн A/123 дугаар тушаалаар 13 насанд хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг шинэчлэн тогтоожээ. Гэвч ийнхүү хөнгөн ажил эрхлэх насыг 13 байхаар тогтоосон нь тус конвенцын суурь зарчмуудаас ухарсан зохицуулалт болсныг судлаачид онцолж байв.
Монгол Улсад ажил хийдэг, ялангуяа тэвчишгүй болон аюултай хэлбэрийн хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд цөөнгүй байгаа боловч тэдний эрхийг хамгаалах, хөдөлмөрөөс хөндийрүүлж нийгэмд эргэн нэгтгэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалт, тогтолцоо төдийлөн үр дүнтэй хэрэгжихгүй байна хэмээн Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид хэллээ.
Энэ талаар түүнээс тодруулахад “Хүүхдийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдлыг авч үзвэл хөдөлмөрт өртөх эрсдэлтэй хүүхдүүд үндсэндээ ядуу амьдралтай айлын хүүхдүүд үндсэндээ ядуу амьдралтай айлын хүүхдүүд байх бөгөөд ядуурлаас шалтгаалсан архидалт, салалт, орон гэргүй тэнүүчлэл зэргээс шалтгаалж хөдөлмөр эрхлэх нь нийтлэг байгаа бол нөгөө талаас ядуу биш амьдралтай боловч эцэг, эх, харгалзан дэмжигчийн анхаарал, хяналт дутуу тавих, орхиж явах, өрх толгойлуулж амьдруулах зэрэг үл хайхралтаас болж голчлон гэмт хэрэг, зөрчилд холбогдох, хохирох, хар тамхи, мансууруулах бодист донтох, архи, тамхи зэрэг хорт зуршилд автах, биеэ үнэлэлт, садар самуунд уруу татагдах байдлаар хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт өртөж байна.
Хүүхэд нь эрх зүйн этгээд мөн боловч хөдөлмөрийн харилцаанд оролцохдоо эрх зүйн бүрэн чадамжгүй буюу бие даан гэрээ, хэлцэл байгуулах эрхгүй учир ихэвчлэн албан ёсны гэрээ, хэлцэлгүйгээр ажилд орж, хөдөлмөрийн харилцаанд эрхээ хамгаалж чадахгүйд хүрдэг нөхцөл байдал нийтлэг байна. Ялангуяа өмнө нь ажиллаж байсан туршлагагүйн улмаас гэрээ, хэлцэл байгуулсан ч учирч болох эрсдэлийг тооцоолон өөрт ашигтай байдлаар тохиролцох, учирсан хохирол, гэм хорыг нөхөн төлүүлэхээр шаардах чадваргүйн улмаас ажил олгогчийн хууль, гэрээ зөрчсөн үйлдлийг эсэргүүцэхгүйгээр хүнд, хортой, аюултай нөхцөлд дуулгавартайгаар ажиллаж эрхээ зөрчүүлэх, санхүүгээр хохирох, биеийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх, гэмтэж бэртэх, ёс зүйн доройтолд орох, цаашилбал боолчлол, гэмт хэрэг, зөрчилд хохирох тохиолдол гарсаар байна” гэсэн юм.
Б.НЯМЖАВ: ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДҮҮД “БООЛЧЛОЛЫН ХЭЛБЭР”-ЭЭР ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙНА
ГБХЗХГ-ын “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын мэдээллийн сан”-гийн “Хурдан морь морины уралдааны мэдээллийн сан”-гийн 2021 оны мэдээнээс харахад Монгол Улсын хэмжээнд хурдан морь унаач 15885 хүүхэд бүртгэлтэй байгаагаас 15403 эрэгтэй, 482 эмэгтэй хүүхэд байдаг аж. Харин насны ангиллаар нь авч үзвэл 7-9 насны 5308, 10-12 насны 6971, 13-15 насны 2743, 16-18 насны 323 хүүхэд байх бөгөөд 14082 хүүхэд орон нутгийн, 1797 хүүхэд Улаанбаатар хотын харьяалалтай байгаа юм.
Унаач хүүхдүүдийн дийлэнхийг буюу 80.6 хувийг өөрийгөө эрсдэлээс хамгаалах, гэнэтийн аюултай нөхцөл байдлыг даван туулах чадвар сул, бие бялдар, оюун ухааны хувьд бүрэн төлөвшөөгүй 12 хүртэлх насны хүүхэд эзэлдэг хэвээр байна гэж Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгааг боловсруулсан ахлах судлаач, “Амьдрал өгөх” сангийн тэргүүн Б.Нямжав хэллээ.
Түүнээс энэ талаар тодруулахад тэрбээр “Энэхүү судалгааны гол зорилго нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах юм. Тус судалгаагаар хүүхдийн хөдөлмөр гэж юуг хэлээд байна, ажил нь гэж юуг хэлээд байна гэдгийг ялгах зорилготой. Судалгааны тухайд үндсэн дөрвөн бүлэгтэй. Нэгдүгээр бүлэгт судалгааны ерөнхий танилцуулга байна. Хоёрдугаарт нь, Хүүхдийн хөдөлмөртэй холбоотой төрийн бодлого, хууль тогтоомжид хийсэн дүн шинжилгээ. Гуравдугаарт, Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал багтсан бол дөрөвдүгээр бүлэгт Хурдан морь унаач хүүхдийн өнөөгийн нөхцөл байдал орсон. Судалгаагаар хурдан морь унаач хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлт илүү сайн нарийвчлан ангилахгүй бол энэ нь “боолчлолын хэлбэр” лүү дөхсөн байна гэж дүгнэлт гарсан.
Тодруулбал, хурдан морь унаач хүүхдүүд 06.00 цагт босож, 22.00-23.00 цагт гэртээ орж байгаа нь уртасгасан цагаар ажиллаж байна. Хурдан морь унаач хүүхэд тав, долоон наснаас эхэлж хөдөлмөр эрхэлдгээрээ нийгмийн эмзэг сэдэв болдог. Тэгвэл судалгаанд үндэслэн хоёр санал дэвшүүлсэн.
Нэгдүгээрт, бооцоот болон хүүхдийн сурч, боловсрох эрхэд нөлөөлөхүйц гэрээсээ алслагдмал, боолчлолын хэв шинжүүдийг агуулж байгаа хэсгүүдийг албан ёсоор хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оруулж, гэрээ контракт хийх зохицуулалт хэрэгтэй. Хоёрдугаарт, ЮНЕСКО-д бүртгэгдсэн үндэсний эрийн гурван наадмаар уралдуулахыг хэвээр үлдээж бусад хүйтний улирал, хүүхэд сурах хугацаандаа хийгдэж буй уралдааныг Морин холбоо спортын уяачдын холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Засгийн газар гэсэн гурван талт харилцаа зохицуулж, тодорхой хэмжээний шийдвэр гаргах ёстой гэж үзсэн” гэв.
Мөн түүнчлэн 18-аас доош насны хүүхдийг морь унуулахыг хориглосон санал, зөвлөмжийг ХЭҮК-оос гаргажээ. Хурдан морь унаач хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж, эцэг, эхчүүд хичээлийн жил дуусаагүй байхад ойролцоогоор дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүүхдүүдийг сургуулиас нь нууцаар авч явах тохиолдлууд элбэг байдаг байна. Үүнээс гадна унаач хүүхдүүдийн нийгмийн амьдрал, бие, эрүүл мэнд, сэтгэл зүйн хүчирхийлэл, ёс суртахуунд нь олон төрлийн хор нөлөө учирдгийг судалгаандаа жишээгээр дурджээ. Үүнээс унаач хүүхдийн бие, эрүүл мэндэд гарах өөрчлөлт болон бэртэл, гэмтсэн байдлыг дурдвал, сургуулийн нийгмийн ажилтнуудтай хийсэн фокус бүлгийн ярилцлагын тэмдэглэлээс “Долоодугаар ангийн нэг хүүхэд байсан.
Самбо, жүдогоор хичээллэдэг, зүүн бүсийн аварга, улсын аваргад байр эзэлж байсан. өөрөө жижигхэн биетэй. Ахынхаа морийг унаж яваад мориноосоо уначихсан. Одоо тэр хүүхэд морь ч унаж чадахгүй болчихсон. Тархиндаа гэмтэл авсны улмаас нэлээн удаан эмнэлгээр явсан” гэжээ. Мөн хурдан морь унадаг 12 хүртэлх насны унаач хүүхдүүд сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөхүйц байдал тохиолддогийг хэлжээ. Үүнээс жишээ дурдвал, “Туслах уяач гэр лүүгээ явна гээд гутлаа бариад хөл нүцгэн зугтаахад араас барьж аваад сугандаа хийж хавчаад гэрт оруулаад хүлээд хонуулсан” гэжээ. Мөн “Том хүнтэй харьцахад заримдаа хэцүү байдаг. Тийм үед бид жалганд очоод нуугдчихдаг. Хааяа нүх ухаж нуугддаг. Архи уухаараа ноолох, элдвээр хэлээд байх нь хэцүү байдаг” гэсэн байна.
ААВ, ЭЭЖ НЬ ХҮҮХДИЙНХЭЭ ЦАЛИНГ ӨӨРСДИЙНХӨӨ ДАНС РУУ АВДАГ ГЭВ
Энэхүү судалгааг хийхэд тоон судалгаанд 2175 оролцогч (цахим асуулга), чанарын судалгаанд 77 оролцогч (ганцаарчилсан болон фокус бүлгийн ярилцлага) орсон байна. Тэгвэл тус судалгаанд оролцсон ажил, хөдөлмөр эрхэлдэг хүүхэдтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагын хэсгээс хүргэе. Жишээлбэл, “Ажил хийхэд заримдаа өглөө эрт босох хэцүү байдаг. Гэрийнхээ бүх ажилд тусалдаг, тоглох зав бага. Дүү нар гэрээ цэвэрлэдэг. Гэрийн байдал сайн бол ажил хийх шаардлага надад байхгүй, сургуульдаа л сурч мэргэжилтэй болмоор байна” гэсэн байна.
Мөн чанарын судалгааны явцад ядуурал, ажилгүйдэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой тохиолдол Улаанбаатар хотод илүү илэрчээ. \
Үүний нэг жишээг дурдвал, “Ээж маань хөдөөнөөс ирээд буух газар байхгүй байсан тул гэрээ хотоос нэлээн зайдуу нэг байгууллагын хашаанд бариад, хашаанд буусны түрээс төлж амьдардаг. Ажил төрөлгүй, олдсон ажлаа хийдэг. Сүүлийн үед түрээснийхээ оронд тухайн байгууллагын хашааг цэвэрлэх, байгууллагын хашаа манах, бараа бүтээгдэхүүн буулгах, зөөх, хураах ажил хийж байгаа. Бэлэн мөнгө авдаггүй болохоор хэцүү байдаг. Би хааяа ажил хийгээд ээждээ мөнгө өгдөг” хэмээжээ.
Аймгийн цагдаагийн албан хаагч “Аав, ээж нь гэрээ хийгээд өөрсдийнхөө дансаар мөнгийг нь аваад, хүүхэд нь өөр аймагт ажилладаг байсан тохиолдол байгаа. Тэр хүүхэд маань энд ирээд хар үгээр хэлэхэд зарцын байдалтай бүх л ажлыг нь хийж байгааг амьдрал дээр нь очоод харж байсан. Зарим хүүхэд гэрээ байхгүйгээ шууд хэлдэг. Зарим нь гэрээ байгаа гэдэг боловч харуулж байсан удаа байхгүй” гэх мэт жишээг дурдсан байна.
“Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр” гэж ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх болон тодорхой хүнд нөхцөлд, тухайлбал уртасгасан цагаар эсвэл шөнийн цагаар, эсвэл ажил олгогчийн ажлын байранд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хашигдан буй ажлыг хэлнэ хэмээн ОУХБ-ын 182 дугаар конвенцын гуравдугаар зүйлд заажээ. Тэгвэл “Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа”-нд оролцсон хүүхдийн судалгаанаас харахад ажил, хөдөлмөр эрхэлж буй 56 мянган хүүхэд ар гэрийн амьжиргааны түвшин, ядуурлаас үүдэж “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр”-т ямар нэг хэмжээгээр өртсөн хэмээх дүгнэлтэд хүрлээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
энэ улсад ямар хэлбэр байх вэ дээ. жагсаал оролцогчидын эрүүл мэндэд анхаарч байгаа шигээ хүүхдүүдийн тэвчишгүй амьдралд анхаараачээ. яг Энэтхэг, Африкийн үгээгүй орнууд л ийм байдаг. Тэвчишгүй амьдралын эсрэг тэмцэхээр зогсоогоод байх юм.
ХУЛГАЙЧ ТӨРТЭЙ ХОГИЙН НИЙГЭМ , ЭНЭ ЗАВААН ГАЗРААС ЗАЙЛАХ МИНЬ