Ч.Ууганбаатар:”Зодог өмссөн хүн жудагтай байх ёстой” гэж монголчууд зүгээр ч нэг хэлчихээгүй юм

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 12 сарын 24

Монголын спортын уран бүтээлчдийн холбоо, Монгол бөхийн хишиг ТББ-ыг үүсгэн байгуулагч, бөх тайлбарлагч, спортын сэтгүүлч Ч.Ууганбаатарыг “Өглөөний зочин”-оор урилаа. Дархан-Уул аймгийн Дархан сумын уугуул тэрбээр МУБИС-ийн Урлаг, биеийн тамирын сургуулийг 2008 онд спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн, оюутан байхаасаа сонин, сэтгүүлд спортын мэдээ, мэдээллүүд бичиж эхэлсэн.  2008-2010 онд Монголын чөлөөт бөхийн холбоонд нэвтрүүлэгч, 2010-2012 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуульд, 2012-2016 онд Соён гэгээрүүлэгч телевизэд тус тус ажилласан. “Морин дээрээ мөнхөрсөн монгол бөх” шүлгийн түүвэр, “Бөхийн төлөө”,  “Булган хангайн бор харцага” нийтлэл, найрууллын номоо  хэвлүүлж, “Тэсийн эхийн хүчтэнүүд” номын редактораар ажилласан. Мөн орчуулгын олон арван кинонд дуу оруулж, “Дархан мэх” нэвтрүүлгийн 30 гаруй дугаарыг бэлтгэж хөтөлсөн, сүүлийн үед монгол бөхийн сэдэвтэй дууны уран бүтээлүүд хийж яваа авьяаслаг залуу уран бүтээлч юм.


-Спортын мэдээ, мэдээллийг хүргэх нь сэтгүүлчээс мэдрэмж, авьяас шаарддаг гэж би боддог юм. Бөх тайлбарлагч мэргэжилтэн бэлтгэдэггүй болохоор цэвэр хувь хүний сонирхол, авьяастай холбоотой болов уу?

-Би багаасаа үндэсний спортод сонирхолтой хүүхэд байсан. Бөхийн спорттой холбоотой ном, сонин цуглуулж уншина. Айхтар сүрхий хурдалж давхиж байгаагүй ч сумандаа 2-3 жил хурдны морь унасан. Үе тэнгийнхэнтэйгээ нэлээд барилдаж ноцолддог байсан. Ээжийн маань талд “Мартаг­­дашгүй намар”уран сайхны киноны “Бүдүүн” Цэрэнгийн дүрд тоглосон аймгийн арслан Рагчаагийн Цэрэндорж, сумын заан Б.Доржсүрэн, Б.Баяртсайхан нарын хүмүүс бий.

Би хүүхэд байхдаа Дарханд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан багшийн бөхийн секцэнд орж, одоогийн улсын харцага Ө.Даваа­баатар, Б.Одгэрэл, Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбат нартай чөлөөт бөхөөр бэлтгэл хийж байсан. Чөлөөт бөхийн 60 кг-ийн жинд аймгийн аваргын тэмцээнд гуравдугаар байр эзэлж байсан. Увс аймгийн Зүүнхангай сумын багийн өдөрлөгт 32 бөх барилдахад сумын заан Б.Мягмар ахтай үлдэж үзүүрлэсэн. Бие, эрүүл мэндийн байдлаас болж гавьтай барилдаж, бөх болж чадаа­гүй ч тэр сонирхлоороо спортын сэтгүүлч мэргэжлийг сонгосон.

-Хэнд шавь орж бөх тайлбарлагч болов?

-Хүн дуртай зүйлээ түлхүү хийдэг. Тэр нь тухайн зүйлийг сурах,  амжилт гаргахад нөлөөлдөг байх. Бөх тайлбарлана гэдэг барилдааны үйл явцыг мэдэрч тайлбарлах, үндэсний бөхийн мэхнүүдийг сайн мэддэг байх,  бөхчүүдээ таньдаг байх, хэлний өгүүлэхүйн чадвар гэхчлэн хувь хүнээс авьяас шаардсан ажил юм даа. Дотоодод болсон  чөлөөт бөхийн улсын болон олон улсын чанартай тэмцээнүүдийг 2008-2010 онд тайлбарласан. Дунд нь завсарласан болохоор олонд төдийлөн танигдаагүй. Манай улс бөхийн орон гэдэг ч спортын сургуулиудад бөх тайлбарлагч гэсэн албан ёсны анги байхгүй, мэргэжилтэн бэлтгэдэггүй. Олонх нь нэрт тайлбарлагч Ш.Чанрав, А.Ганбаатар нарын гайхамшигтай хүмүүсээс үлгэр дуурайл авч өөрийн дур сонирхлоор хийж ирсэн. Яг шавь ороод явсан хүн бол цөөхөн байх.

-МУБИС-ийн Урлаг,биеийн тамирын сургуульд хамт суралцаж төгссөн танай ангийнхаас бөх тайлбарлагч хэр олон байна?

-Байлгүй яах вэ, үзэгч олноос   “Бөмбөрцгийн тайлбарлагч” алдрыг хүртсэн С.Шижирбат,  шатрын олон улсын шүүгч, спортын мастер  Б.Нямдаваа бид  нэг ангийнхан шүү дээ.

-Бөхийн тухай дуу цөөхөн. Хэзээнээс дууны яруу найраг бичиж эхлэв?

-Анх 2002 онд есдүгээр ангийн хүүхэд байхдаа Булган аймгийн Сайхан сумын харьяат Монгол Улсын даян аварга С.Цэрэн гэж хүнд зориулан “Цэрэн аварга” гэсэн шүлэг бичсэн. Оюутан байхдаа бичсэн цөөхөн шүлгээр “Морин дээрээ мөнхөрсөн монгол бөх” түүвэр гаргасан. Сүүлд Булганы  харцага Ж.Борд зориулсан “Булган хангайн Бор харцага” шүлэг бичсэн маань дуу болсонд урам орж, өмнө гаргасан шүлгийн түүвэрт орсон “Цэрэн аварга” шүлгээ хөгжмийн зохиолчтой яриад жаахан засамжлаад дуу болгосон. Түүнээс хойш аяндаа дууны шүлэг бичих санаа орж ирээд нутаг ус, аймаг сумаар нь ангилан бөхийн дууны шүлгүүд бичиж дуу бүтээж ирсэн. Дэлхийн бөх сайтай орнууд Монгол Улсыг бөхийн орон гэж хүлээн зөвшөөрдөг.

Манай тамирчид чөлөөт, жүдо бөхөөр багаараа дэлхийд эхний дөрөвт жагсдаг. Өнөө цаг үед “найраа”, допинг гэхчлэн янз бүрийн асуудлаас болж бөхийн нэр хүнд унаж байгааг бид бүгдээрээ харж, хэлж ярьж байна. Үндэсний бөх бидний том өв соёл, монгол  хүн ямар байх ёстой вэ гэдгийг монголчууд бөхөөрөө төлөөлүүлж харж байдаг. Хүү төрөхөд бөх болох нь гэж бэлгэшээдэг байсан ард түмэн. Олон мянган жилийг дамжин бидний үед хүрч ирсэн цаашид ч улс маань мөнх оршиход үргэлж хамт байх энэ их өв соёлоо дараагийн үедээ цэвэр ариун, унаган төрхөөр нь хадгалж үлдээх нь өнөөгийн бидний үүрэг. Иймд энэ цаг үед үндэсний бөхөө сурталчилж, дараагийн үедээ хувь нэмрээ оруулж, үндэсний өв соёлоо хадгалъя гэж дуу бүтээж яваа юм. Монголд бөхийн голомт нутгууд бий. Тухайлбал, баруун бүсээс Увс аймаг, тэр дотроо Тэс, Хяргас сумаас олон бөх төрж гарсан. Архангайн Батцэнгэл сум мөн олон бөхтэй. Социализмын үед байгуулагдсан засаг захиргааны нэгжээр нь авч үзвэл саяын нэрлэсэн хэдэн газар байна. Бүр өргөн утгаар нь авч үзвэл хангайн хүчтэнүүд, говийн бөхчүүд гээд шүлэг бичиж, дуу бүтээж болно.

-Эзэнтэй дуу, тэгээд бөхийн тухай гэхээр багагүй судалгаа шаардана биз?

-Сая би хэлсэн, бөхчүүд нутаг устайгаа их холбоотой байдаг гэж. Тиймээс нутаг усных нь онцлог,  үүх түүх, хүн ардынх нь зан заншил, өмнөх үеийн бөхчүүд болон одоо цаг, ирээдүйн хүчтэнүүдтэй гурван цагийн хүчтэнүүдэд зориулан шүлэг, дуу бүтээж болно. Энэ бүхнийг судалж, тодруулж байж бичилгүй яах вэ. Эзэнтэй дуу бол тухайн бөхийнхөө намтар түүх,  амжилт, барилдааны онцлогийг судалж, оновчтой цөөн үгээр гаргаж илэрхийлнэ гэсэн үг. Аймаг, сумаар нь ангилж шүлэг, дуу бүтээхэд тэндээ хэчнээн бөх төрж гарсан юм бэ, Увсын бөхчүүд бусгадаг мэхээрээ алдартай гэх юм уу, ямар мэхнүүд хийдэг юм бэ, дээр үед Даншиг наадмаар Ламын гэгээний бөхчүүд ногоон зодог шуудаг өмсдөг байснаас “Ламын гэгээний ногоон зодогтнууд” гэж нэрлэгдэж байсан зэрэг түүхийг тодруулна.

Одоогийн Баянхонгор аймгийн хүчтэнүүд энэ уламжлалаа авч явж байна. Тэгэхээр ногоон зодогтнуудын онцлогийг хэрхэн илэрхийлэх вэ гээд эрэлхийлнэ. Дээр үед Сэцэн хан аймгаас Даншгийн олон аварга төрсөн. Хэн хэн байв, ямар мундаг аваргууд байсан бэ гэхчлэн тэдний домог түүхийг сайтар судална гэсэн үг юм даа. Манайд морины тухай дуу бол тогтооход төвөгтэй хэдэн зуугаараа гарч байна. Гэтэл бөхийн тухай дуу харьцангуй цөөн. Эзэнтэй дуунуудыг оруулж тоолох юм бол барагцаагаар  50-60 орчим бий байх. Ер нь л цөөхөн.

Хамгийн анх аймгийн бөхчүүдийн дууг Өмнөговь аймгийн уугуул, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Э.Хархүү гуай “Өмнийн говийн хүчтэнүүд” гэж дууны шүлэг бичиж, сайхан дуу бүтээснийг Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Батсайхан дуулж олон түмэнд хүргэсэн. Түүнээс өмнө аймгаар нь ангилж бөхчүүдэд зориулсан дуу байгаагүй. Эзэнтэй дуу бол гарсан байсан. Эзэнтэй дууны уралдаан зарлахад Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн байсан, Соёлын гавьяат зүтгэлтэн  Д.Данзан гуай шүлгийг нь бичиж, Ардын жүжигчин Д.Мяасүрэн гуай аяыг нь хийж, Соёлын тэргүүний ажилтан Ж.Баатарсүрэн дуулж олонд хүргэсэн “Түшээт ханы Намхай аварга” гэж дуу бий. Олон түмэнд сайн хүрсэн, сайхан ч дуу болсон. Эзэнтэй дуу тухайн хувь хүндээ л чухал болохоос нийт массыг хамрах хүрээ нь бага. Тэгэхээр нийтэд зориулсан “Хангайн хүчтэнүүд” гэх юм уу, “Тал нутгийн хүчтэнүүд” гэж зориулсан дуу бүтээвэл сонирхолтой, хүмүүст хүртээмжтэй байх юм шиг санагддаг. 

-Бөхийн тухай дууны цомог гаргасан гэсэн. Хэдэн онд, ямар дуунуудыг багтаасан цомог хэвлүүлэв?

-2017 онд “Хүчит бөхүүдийн хийморьлог дуулал” гэж Монголын хамгийн анхны бөхийн тухай дууны цоморлиг гаргасан. Хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, Б.Цэвээнравдан, Монгол Улсын гавьяат жүжигчин, ая зохиогч С.Баянмандах, Соёлын тэргүүний ажилтан Б.Сүхбаатар нарын уран бүтээлчид ажилласан. Энэ цомогт 15 дуу орсон. “Бөх тайлбарлагчийн дуу”, “Сэцэн ханы аваргууд”, “Очирваанийн хүчтэнүүд”, “Ихэр бөхийн дуу” тэргүүтэй бүтээлүүдээ багтаасан. Хоёр дахь цомгоо “Нутаг, нутгийн бөхчүүдийн дуулал” нэрээр мөн 10 гаруй дуутайгаар хэвлүүлэх бодолтой байна. Одоогоор 4-5 дуу бэлэн болсон. Ер нь бол бөхийн дууны гурван цуврал цомог гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Бөхийн тухай нийт 40-50 дуу бүтээж, түүнээсээ шигшиж 20-25 дуунаас бүтсэн тоглолт хийх бодолтой явж байна.

-Ингэхэд ихэр бөх Монголд олон уу?

-Ихэр төрж, бөхийн спортод  хамтдаа барилдаж яваа арав гаруй бөх бий. Хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр ширхэг арвай тогтохтой адил ховор тавилан гэдэг. Гэтэл тэр дунд ихэр төрж, хоёулаа бөх болж барилдаад явж байна гэдэг бас  хувь тохиол юм даа. Тэднээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Ховдын Дарви сумын улсын начин Ло.Энхбаяр, Ло.Эрхбаяр нар байна. Мөн Ховд нутгийн уугуул Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн А.Энхээ, ОУХМ А.Тайван, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ОУХМ Л.Ням, Спортын мастер Л.Даваа нар болон аймаг, сумын цолтой бөхчүүд байдаг. Миний хувьд өөрийн ууган хөвгүүдийг ихэр төрөхөд бэлгэшээж “Ихэр бөх” шүлэг бичиж, дуу бүтээсэн юм.

-Өөрийг чинь бөхийн зодог, шуудаг, малгай сайхан хийдэг гэж сонссон. Хэнээс сурав?

-Монгол Улсын даян аварга С.Цэрэнгийн охин Ц.Даваажав эгчид шавь орж бөхийн зодог шуудаг, жанжин малгай оёж сурсан. Ер нь бол дөнгөж л эхэлж байгаа юм. Бөхийн хэрэглэл, дээл хувцас бол үндэсний өв соёл. Тийм болохоор бөхийн тайлбарлагч хийж, дуу, шүлэг зэрэг уран бүтээлээ туурвихын хажуугаар зодог шуудагаа оёж, соёлын өв тээгч болж, өөрийн чадах чинээгээр хувь нэмрээ оруулж явья гэсэн бодолтой байдаг.

-Бөхийн тухай судалгааны ном  хэр олон бол. Өөрөө энэ сэдвээр хэр бичиж байна?

-“Бөхийн төлөө”, “Булган хангайн бор харцага” нийтлэл, найрууллын номоо хэвлүүлж, “Тэсийн эхийн хүчтэнүүд” номын редактораар ажилласан. Одоо үндэсний бөхийн спорт руу түлхүү орж, орчин цагт барилдаж байгаа бөхчүүдийн тухай ном бичих бодол бий.

Ер нь бол үндэсний бөхийн холбогдолтой  650  гаруй ном хэвлэгдсэн гэсэн судалгаа байдаг юм байна лээ. Түүний олонх нь намтар судлал талдаа, өөрөөр хэлбэл тэр аймгийн тэр суманд төрсөн, төдөн оны улсын наадамд тэрэнтэй төдийн даваанд таарч давсан, унасан гэсэн товч мэдээлэл байхаас биш шинжлэх ухааны бүтээл тун цөөн. Шинжлэх ухааны талаас судалсан Т.Содной, Х.Баянмөнх аварга, Л.Ням, Г.Лхагвасүрэн, Б.Буяндэлгэр нарын хүмүүс бий. Миний хувьд Монголын спортын уран бүтээлчдийн холбоо ТББ-ыг үүсгэн байгуулсан нь бөхийн болоод ганц бөх гэлтгүй  спортын сэдвээр, монгол өв соёлоос шагайн харваа, сурын харваа зэрэг үндэсний спортыг сурталчилсан уран зохиол, яруу найргийн сайн  бүтээлүүд төрүүлэх, энэ сэдвээр бичдэг хүмүүсийг олшруулах зорилго тавьсан юм.

Энэ чиглэлээр уран бүтээл хийх  хүсэл эрмэлзэл байна. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсны “Гарьд магнай”, “Цэц магнай”, “Тод магнай” гэсэн эрийн гурван наадмын тухай кино, мөн Улсын арслан М.Мөнгөн зохиолыг нь бичиж, өөрөө тоглосон эрт цагт бөхийн зодог битүү байж эмэгтэй хүн түрүүлснээр энгэр нь задгай болсон  гэх домгоос  сэдэвлэсэн “Хэлтгий заяа” гэж кино байна. Энэ кинонууд  маш сайн бүтээл болсон, олон түмэнд ч сайн хүрч сэтгэлд нь хоногшсон. Одоо бөхийн сэдэвтэй бүтээл ховордсон. Иймд орчин цагтайгаа уялдуулж хийх ёстой. Тэр нь спортын цаашдын хөгжилд тодорхой хэмжээгээр нөлөөгөө үзүүлнэ гэж би боддог.

-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Монголын үндэсний бөхчүүд, энэ спортыг дэмждэг, сонирхдог монголчууд, манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?

-Дэлхий даяаршиж байгаа энэ цаг үед Монголын ард түмэн, ах дүүс минь харийн зүйлүүдийг хэт даган дуурайж, шүтэх бус эрэгтэй хүүхэдтэй айл өрх бүр хоймортоо нэг зодог шуудаг залчихдаг, үндэсний өв соёлоо дээдэлдэг байгаарай. Зодог өмссөн хүн жудагтай байх ёстой гэж монголчууд зүгээр ч нэг хэлчихээгүй. Хүүгээ гар утас, компьютерээс хол байлгаж, зодог өмсүүлж жудаг ухааныг зааж, хооронд нь барилдуулж, хөдөлгөөний эвсэлтэй, эрүүл чийрэг, тэсвэр хатуужилтай, үндэсний гэсэн бүхнээ дээдэлдэг болгож өсгөж хүмүүжүүлбэл Монгол хүчирхэг байхын нэг үндэс болно шүү дээ. Намайг ярилцлагад урьж, монгол өв соёлын тухай ярилцсан танай сонины хамт олонд баярлалаа.

 

ИХЭР БӨХИЙН ДУУ

Ая: Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр

Дуучин Б.Одонбямба, Ө.Содцэцэн

Үг: Ч.Ууганбаатар

Ээжийн ариун хэвлийгээс

Ихэр заяанд төрж мэндэлсэн

Эсгий туургатны цэнгэл наадамдаа

Ихэр бөхчүүд гэгдэж дэвэн дэлсэн

Их амжилтын тавцандаа

Эрхэм алдраа дуудуулсан

Энэ л цэнхэрхэн дэлхийдээ

Эх орныхоо нэрийг гаргасан

Ихэр заяа ихэр бөхчүүд

Ижий аавын энхийрхэн үрсүүд

Ихэр заяа ихэр бөхчүүд

Эх орны минь бахархалт хөвгүүд

Асар нь алагласан наадмынхаа

Аргагүй нэгэн чимэг нь болсон

Адилхан  сэтгэлийнхээ дуудлагаар

Аав ээжийнхээ ачийг ачилсан

Дахилт:

Тив дэлхийн тэмцээндээ

Төрийн далбаагаа мандуулсан

Төвшин сайхан зангаараа

Түмэн олондоо хүндлэгдсэн

Эх сурвалж: Өглөөний сонин 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.160) 2022 оны 12 сарын 24

Бехийн цагаан солио гэж л энэ байх даа, одоо монголчууд бехийг толгой муутай, том биетэй хумуусийн менге олох арга л гэж хардаг болсон нь нууц биш ш дээ, бех гээч юмыг бехчуудийнх нь хязгааргуй шунал алаад дууслаа даа

0  |  0
Top