Европын Холбоо, НАТО хамтын ажиллагааны шинэ тунхаг байгуулжээ. Баримт бичигт НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель нар гарын үсэг зурсан байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр НАТО-ийн тэргүүн Йенс Столтенберг хоёр тал түншлэлийн харилцаагаа шинэ түвшинд гаргахыг зорьж байна гэж мэдэгдээд НАТО, ЕХ-ны хооронд байгуулагдаж буй гурав дахь баримт бичиг хоёр талын стратегийн түншлэлийг бэхжүүлэн, өргөжүүлэх зорилготой гэж онцолсон байна.
Талууд геополитикийн өрсөлдөөн, аюулыг сөрөх, чухал дэд бүтцийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тохиролцоонд хүрчээ. Түүнчлэн, технологи, сансар судлал, уур амьсгалын өөрчлөлт, гаднын хүчний хөндлөнгийн оролцоо болон мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт заасан байна.
НАТО, ЕХ-ны хамтын ажиллагаа нь ОХУ Украинд халдсанаас хойш аюулгүй байдлын орчин өөрчлөгдөж байгаа энэ үед туйлын чухал болохыг Йенс Столтенберг онцолжээ. Түүний хэлснээр, Финланд, Швед НАТО-д элссэнээр хоёр талын хамтын ажиллагааны ач холбогдол нэмэгдэнэ. Учир нь эдгээр хоёр улс НАТО-д нэгдсэнээр тус эвсэл ЕХ-ны иргэдийн 96 хувь болон илүү өргөн хэмжээний газар нутгийг хамгаалах үүрэг хүлээж байна гэж тэрбээр тодруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )